Дэлхий нийтээр..
Зам тээврийн ослын улмаас 4 иргэн амь насаа алдаж, 2 тээврийн хэрэгсэл шатжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 12-аас 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд 3 км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас улмаас 1 жолооч, 3 зорчигчийн амь нас хохирч, 2 тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байна.
Иймд Жолооч ТА орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихдоо гэрлээ шилжүүлж хэвших зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг анхааруулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тээврийн хэрэгслийн байрлан явах зохицуулалтыг тусгасан байдаг.
Дэлхий нийтээр..
ОХУ Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгалаа
ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах алба (ФСБ) Telegram платформыг үүсгэн байгуулагч Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгаж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
ФСБ-ын мэдээлснээр, Telegram-д байршуулсан зарим суваг, чатботыг устгаагүйгээс Украины тусгай алба болон террорист, хэт даврагч бүлэглэлүүд ОХУ-ын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлага, цахим залилан зохион байгуулахад ашигласан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн ийм үйл ажиллагааны улмаас хүний амь эрсэдсэн гэж мөрдөн шалгах байгууллага буруутгажээ.
ФСБ мөн Telegram дахь танилцах үйлчилгээний чатботоор дамжуулан иргэдийг террорист үйл ажиллагаанд элсүүлсэн хэрэг илэрсэн бөгөөд 2025 оны долоодугаар сараас хойш ийм хэрэгт холбогдуулан 46 хүнийг саатуулсан гэж мэдэгдсэн байна.
Павел Дуров ОХУ-д төрсөн ч 2014 онд тус улсыг орхиж, одоо Дубайд амьдардаг. Тэрээр Франц, АНЭУ-ын иргэншилтэй бөгөөд Оросын эрх баригчид хувийн нууц, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах зорилгоор зохиомол хэрэг үүсгэсэн гэж мэдэгдээд байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол түүнд бүх насаар нь хорих ял оноох боломжтой юм.
Энэ нь ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш цахим орчинд тавих хяналтаа эрчимжүүлж буй бодлогын хүрээнд авсан ээлжит арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна. Үүний зэрэгцээ ОХУ төрийн дэмжлэгтэй MAX мессенжерийг өргөн нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа ч төрийн байгууллагууд Telegram-ийг идэвхтэй ашигласаар байгаа юм.
Дэлхий нийтээр..
Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа үргэлжилж байна
Японы өмнөд хэсгийн Күмамото мужид болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-д хүрээд байна. Олон хүн сураггүй хэвээр байгаа тул аврагчид худалдааны төв, орон сууц болон үйлдвэрийн барилгуудад эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Газар хөдлөлтийн улмаас Кашима хот дахь "Aeon Mall" худалдааны төвийн хоёрдугаар давхар нурж, олон хүн барилгын нурангид дарагдсан байна. Мөн цаасны үйлдвэрийн байгууламжид хүмүүс гацсан тул Японы Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид, гал сөнөөгчид, онцгой байдлын албаныхан аврах ажиллагааг цаг нартай уралдан явуулж байна.
Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи аврагдахыг хүлээж буй хүмүүс байгаа учраас бүх боломжит хүчийг дайчлан ажиллаж байгааг онцолжээ.
Газар хөдлөлтийн дараа Кюшүгийн хурдны галт тэрэгний хөдөлгөөн болон зарим нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн 36,900 орчим өрх цахилгаангүй, 9,500 өрх хийн хангамжгүй болж, 9,000 гаруй хүн түр байрлах төвүүдэд нүүлгэн шилжүүлэгдээд байна.
Эрх баригчид хүчтэй дараах чичиргээ, хөрсний гулгалтын эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулж, иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг уриалжээ.
Дэлхий нийтээр..
xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани АНУ-ын Миннесота мужийн хиймэл оюунаар бодит хүмүүсийн хуурамч нүцгэн зураг бүтээх технологийг хориглосон шинэ хуулийг эсэргүүцэн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Миннесота мужийн хууль энэ оны тавдугаар сард батлагдсан бөгөөд наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр товлогдсон байна. Уг хууль нь хиймэл оюуны тусламжтайгаар бодит хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг, дүрс бичлэг бүтээх боломж олгодог технологийг хязгаарлах зорилготой бөгөөд АНУ-д ийм төрлийн анхны зохицуулалтад тооцогдож байна.
Харин xAI компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зөвшөөрөлгүйгээр ийм төрлийн дүрс бүтээж түгээхийг хориглохыг эсэргүүцэхгүй ч шинэ хууль нь үүнээс хэтэрч, хууль ёсны болон зөвшөөрөлтэй контент хүртэл хамарч, хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчдэд нэг зөрчил тутамд 500 мянган ам.долларын торгууль ногдуулах боломжтой гэж үзжээ. Мөн үйлчилгээ үзүүлэгчид хууль зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд чин шударгаар ажилласан тохиолдолд хамгаалах зохицуулалт байхгүй гэж мэдэгдсэн байна.
Миннесота мужийн Ерөнхий прокурор Кит Эллисон уг хуулийг хамгаалж, хиймэл оюунаар хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг бүтээх нь хүний нэр төр, сэтгэл зүй болон хувийн амьдралд ноцтой хохирол учруулдаг гэж мэдэгджээ.
xAI компани Грок хиймэл оюуны үйлчилгээнийхээ ашиглалтын нөхцөлд хүний хувийн нууцыг зөрчих, зөвшөөрөлгүйгээр хүний дүр төрхийг өөрчилж бэлгийн шинжтэй зураг бүтээхийг хориглодог бөгөөд ийм төрлийн зөрчил илэрвэл хэрэглэгчийн эрхийг хаах зэрэг арга хэмжээ авдаг гэж шүүхийн баримтдаа дурдсан байна.
-
Хэн юу хэлэв...2022/11/08
Ч.Номин: Гар урлал, жижиг дунд үйлдвэрлэлийг үндэсний агуулга, соёлын өвийн нөөц...
-
Хэн юу хэлэв...2020/07/23
Цахим санал хураалт ба онлайн сонгуулийн ирээдүй
-
Дэлхий нийтээр..2025/07/23
Телеграммаар холбогдон 13 сая төгрөгөө залилуулжээ
-
Тод зураг2019/09/20
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
