Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.
2025 оны хоёрдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 8-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2025 оны хоёрдугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 8, 19-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18, 19-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, цас багатай газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Нийслэлийн ногоон бүсээс суурьшлын бүс рүү энэ оны наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай нэвтэрсэн гэх дуудлага анх бүртгэгджээ. Үүнээс хойш “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньдаас зарим зүйлийг тодрууллаа.
Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньд "ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 2022-2024 онд хийсэн автомат камерын судалгаагаар нийслэлийн ногоон бүсийн Сэлбийн голын эх, Улиастайн голын эхээр тус бүр нэг баавгай суурьшиж байгаа нь батлагдсан байдаг. 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг, нийт дөрвөн удаа баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн. Энэ онд наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага анх бүртгэгдсэн. Энэ үед иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж эхэлсэн. Дараа нь наймдугаар сарын 30-нд “Богдхан ууланд баавгай байна” гэсэн дуудлага ирсэн. Он гарсаар “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс ойролцоогоор 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан.
Баавгай 25-30 км зайд хоол тэжээлийг үнэрлэж олдог амьтан. Иймд иргэд гэр орон, өвөлжөө, хаваржааны ойр байх малын сэг зэмийг холдуулах, булах, хадлан тэжээл бэлтгэж, жимс түүж хөдөө, орон нутагт явж байгаа иргэд хоолны хог хаягдлыг холдуулах, битүүмж сайтай байлгах, аль болох ойтой газраар аялахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Баавгай аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн үед ичдэг байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайг суурьшлын бүсээс гаргаж, холдуулах арга хэмжээг авдаг. Энэ чиглэлээр мэргэжлийн 2-3 хүнтэй баг байнга ажиллаж байна. Хэрвээ иргэд суурьшлын бүсэд баавгай харвал нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303, нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 1131-0005 дугаарт яаралтай залгаж, мэдэгдээрэй.
Үйл явдал
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Үйл явдал
"Үер, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалт" сургалт зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас БНХАУ-ын Бээжин хотын Усны аж ахуйн газартай хамтран “Үер, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалт” сургалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ үеэр дэд дарга, хурандаа Д.Хадбаатар нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэл, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо.
Сургалтын хүрээнд Бээжин хотын Усны аж ахуйн газрын дарга Лю Бинь тэргүүтэй төлөөлөгчид Туул голын Гачуурт-Сонсголон Био комбинат хэсэгт газар дээрх үзлэг хийж, үерийн хамгаалалтын байгууламжийн нөхцөл байдал, голын ус нэвтрүүлэх чадвар болон ус зайлуулах системтэй танилцсан. Мөн үерийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээ, хур тунадас болон усны түвшний мониторинг, үерийн урьдчилан сэргийлэх мэдээ, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоог боловсронгуй болгох мэргэжлийн чиглэлээр санал, туршлага солилцсон юм.


