Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан: Жилд нэг удаа л хийлгэж буй засал номондоо чухалчлан хандах хэрэгтэй

Огноо:

,

Сэтгүүлч:

Хуруу дарам цөөхөн хоногийн дараа XVII жарны  “Элдэв эрдэнэт”  хэмээх модон могой жил гарах гэж байна. Цагаан сарын баяртай зэрэгцэн ирэх жилийн өнгөө тольдон, засал номоо хийлгэж, биеэ бэлддэг уламжлалтай билээ. Иймээс  ирэх жилийн өнгө хийгээд засал номын талаар Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ярилцсанаа хуваалцаж байна.


- XVII жарны  “Элдэв эрдэнэт”  хэмээх модон могой жилийн үр, онцгойлох жилтнүүдийн засал номын талаар хэлж өгнө үү?

- Дорнын зурхайд 12 жилийг 5 махбодоор хувилган 60 жил гэх бөгөөд үүнийг жаран хэмээдэг. Энэхүү жаран жил нь тус бүрдээ нэртэй бөгөөд тухайн ямар жил болох нь утга учиртай. “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийг зурхайн шүн номлол судар 60 жилийн судраас үзвэл: тэмцэл, хэрүүл маргаан амирлаж үгүй болох бөгөөд үр тариаг хорхой идэх, зуд турханаас болгоомжлохыг  анхааруулж байна.

Могой жилтнүүд буюу гадаад жил. Монголчууд “Жил орох” гэж нэрлэдэг “Рангэг” буюу “Өөрийн тотгор” 2013, 1953 онд төрсөн 13, 73 насанд хүү махбодтой жил: хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа уг өвчнөөр өвдсөн, унах татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд бий. Тиймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийн эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.

2001, 1941 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил: “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм орон гаран байдаг жил. бөгөөд буг зэтгэр босох гэм буй. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга.

1989, 1929 онд төрсөн 37, 97 насанд дайсан махбодтой жил: Хийморь доройтох, бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.

1977 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил: “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтга.
1965 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил: Гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга.
Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна. Жишээ нь энэ жил луу жилтэй эрэгтэй хүмүүс нь сар шинэ болохоос өмнө туулай жилд юмуу луу жилдээ, эмэгтэй хүн луу жилдээ юмуу могой жилд жил орох магадлалтай юм.

УРВАСАН ЖИЛ БУЮУ ДОТООД ЖИЛИЙН НӨЛӨӨ МАШ ИХ НӨЛӨӨТЭЙ

- Урвасан жил гэж ямар учиртай вэ. Анхаарах зүйл байдаг уу?

- Урвасан жил нь огторгуйн үүд нээгдэх, гарзын үүд нээгдэх, яс тасрахын үүд нээгдэх, хагацахын үүд нээгдэх, үгүйрлийн үүд нээгдэх, олзны үүд нээгдэх юм. Хагацахын үүд нээгдсэн хүмүүсээс “Уур чинь хүрч байна уу” гэж асуудаг. Тэр хүмүүс уур хүрч байна, ууртай байна гээд чин үнэнээ хэлдэг. Тэдгээр хүмүүст “Таны уурын үүд нээгдчихэж” гэж хэлдэг. Би үүнийг “Уурын үүд” гээд нэрлэчихсэн. Хүмүүс “Хагацахын үүд” гэхээр их айдаг. Үхэж хагацах юм болов уу, хэнээс хагацах гээд байгаа юм бол гэдэг. Хүн уурлахаараа хамгийн ойр дотны хүнээсээ холдож салдаг шүү дээ, түүнийг л хагацахын үүд гээд байгаа юм. Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст хагацахын үүдийг хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрөө сахиж явах хоёр зүйлийг хэлж өгдөг.

Энэ нь нэгдүгээрт, тухайн хүн өөрөө хэл ам, хэрүүл тэмцлээс хол явах, хоёрдугаарт, өрөөл бусдын хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж явах хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг сахихгүй бол тухайн хэл амны нөлөө тэр хүнд гай үсэрч байгаа юм шиг нөлөөлдгийг би мэдсэн. Тиймээс хүн аливаа засал ном хийлгэсэн ч өөрөө сахих зүйлийг мөрдөж дагахгүй бол засал ном хийлгэсний хэрэг гардаггүй. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусдаггүй нь нарны буруу биш агуйн буруу шүү дээ.

Үгүйрлийн үүд буюу гарзын үүд гэж монголчууд нэрлэдэг энэ үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Тиймээс эд зүйлдээ хямгатай эмх цэгцтэй байх нь чухал. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг, Алтангэрэлийн даллага.

Хамгийн сайн үүд нь олзны үүд. Энэ үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг учраас олон жил бодсон зүйлдээ зориглох хэрэгтэй.

Яс тасрахын үүд нээгдвэл хэл аманд орох, хулгай дээрмээс болгоомжлох хэрэгтэй. Засал нь: Дорждэрэм, Хамчунагво, Цагаан шүхэрт, Чойжоо дүгжү уншуулах хэрэгтэй. Харин Газрын үүд нээгдвэл шороо ухах, ургаа мод таслах, ан амьтан агнах, ус булаг бохирдуулах догшин газар оронд үл очих зэрэг газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Засал нь: Саяннинбу, Нанжид, Лусын сан уншуулж байх.

Огторгуйн үүд нээгдсэн хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Засал нь: Намхайнямбу, Ямбийдончир, Цагаан шүхэрт, Лхамын ганшиг уншуулж байх.

Эдгээр үүдийн аль нэг нээгдсэн бол ганц нэг удаа уншуулах биш жилийн турш эдгээр тус тусын үүд хаалгах номыг тогтмол уншуулж хаалгаж байхыг онцгой анхаарах хэрэгтэй.

-Тэгэхээр урвасан жилийн үр бүх жилтнүүдэд тохиолдож болно гэж ойлгож болох уу?

-Урвасан жил бүх жилтэй хүнд байхгүй. Тухайн жилтэй хүнд ямар жил урваж байна вэ гэдгээс хамаараад дээрх үүднүүд нээгдэж байдаг. Энэ нь зурхайч дээр ирээд үзүүлэхэд тодорхой хэлээд өгнө, мөн календарь дээр урвасан жилийн үр гээд байдаг.

33-Н МӨЧЛӨГ 1993 ОНЫ УСАН ТАХИА ЖИЛТНҮҮДЭД ТОХИОЖ БАЙНА

-Жил бүр 33-ны мөчлөгийг талаар яригддаг. Энэ мөчлөг нь таарч байгаа хүмүүс юу анхаарах вэ?

-Эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг. Харин жил орж байсан мөчлөгүүдийг харахад эрэгтэй хүн 13 насан дээрээ ус, эмэгтэй нь гал дээр суудаг. Тэгэхээр суудлаа сэлгэх болон суудал дээрээ суух үед хатуу нөлөөлөлтэй байдаг. Энэ 33-ны мөчлөг буюу эхийн хий нь ясан махбод болон суудлын гүймигтэй давхцдаг.

33-ны мөчлөгийн талаар бид учир утгыг мэдэх, мэдэхгүй, итгэх, итгэхгүй дом засал арга гэж хийнэ гэж явахаар хүн өөрөө байгалийн, сэтгэлийн амьтан учраас тухайн жилийн эхээс төрөхөд суудаг суудлын гараг эрхэсийн нөлөөг арилган суудлын гүймигийн заслаа сайн хийлгээд ээжийнхээ ачийг санаж баярлуулаад хариуд нь сайн сайхан ерөөл хэлүүлж үнсүүлэх нь зөв гэж зөвлөдөг. Тэгж зөвлөхөөр хүмүүс их гайхдаг л даа. Ном асуух гэж ирсэн чинь ээжийгээ баярлуул гэж хэлдэг ямар сонин юм бэ гэдэг. Хүмүүс айдас, сэжиг ихтэй. 33-ны мөчлөг орох гэж байна, орж байна, заслаа хийлгэхгүй бол болохгүй гэнээ гээд ирдэг. Ажиглаад байхад энэ нь үнэний ортой харагддаг. Одоо жил өнгөрөх гэж байхад 33-ны мөчлөгийн заслаа хийгээгүй хэл ам, хэрэг зарганд орооцолдсон, амьдрал нь бараг муу талруугаа хөмөрчих гээд байна гэсэн залуучууд ирдэг нь харамсалтай санагддаг. Тиймээс 33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах юм шүү дээ. Бид эцэг, эхийгээ баярлуулах хамгийн том зүйл бол сайн явж, сайхан зөв амьдарч, бусдад тустай нэр бүтэн явах л гэж би боддог.

Хөхүүл хүүхэдтэй эх хүн горьдчихоор ямар ч эмнэлэг, ямар ч мундаг ном горьдоог нь гаргаж дийлдэггүй. Харин горьдоог нь гаргасан хойно сэтгэлзүйн хувьд сайхан болоод хөх нь чинэрч зовиурлаж байсан маш хүнд эмгэг нь эдгэчихдэг шүү дээ. Энэ сонин хэрэг шүү. Үүнийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаагүй байна. Түүнтэй адил ээжийгээ баярлуулж чадвал илүү сайн. Энэ бол том нөлөөг засах засал юм. 33-ны мөчлөг нь энэ жил 1993 онд төрсөн Усан тахиа жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохиож байгаа. Энэ хүмүүс бусад засал номоо хийлгэхээс гадна энэхүү 33 мөчлөгт хамаарах суудлын гүймигийн заслыг анхаарч хийлгэж, ээжийгээ л баярлуулаарай.

- Гурван гүймиг байдаг гэдэг дээ. Тодруулж хэлж өгөх үү?

- Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ могой жил тахиа жилтэй хүмүүс ясан махбодын гүймиг таарч байгаа учраас гүймиг засал хийлгэнэ. 

 9 насны мөчлөгтэй билгийн насаар 9, 18, 27, 36, 45, 54, 63 гэх мэтчилэн насанд насны гүймигийн заслыг хийлгэх ёстой.

Эдгээр хүмүүс нь:
2017 оны гал тахиа, 1945 оны модон тахиа жилтэн 9, 81 гүймигийн засалд амь насны хорлолыг засахын тухайд Цэвэгмэдийн чого, Манал болон Дарь-эхийн чивэл уншуулна.
2008 оны шороон хулгана, 1990 оны төмөр морь, 1972 оны усан хулгана жилтэн 18, 36, 45 насны гүймигийн засалд эд баялгийн гарзыг хаахын тухайд Дашчаревын сан уншуулж, даллага авахуулна.

1999 оны шороон туулай, 1954 оны модон морь жилтэн 27, 72 насны гүймигийн засалд гадны хорлол ад дон муу шалтгаанаас хамгаалж Сахиусны ганшиг, Зандой уншуулна.
1981 оны төмөр тахиа, 1963 оны усан туулай жилтэн 45, 63 насны гүймигийн засалд муу гаслан зовлон гарахаас сэргийлж Сундуй уншуулахаас гадна 9 нүхтэй төмрөөр гүймиг засал хийлгэнэ.

Суудлын гүймиг гэдэг нь эрэгтэй хүн галд, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа учраас мөн адил 9 нүхтэй төмрөөр гүймиг засал хийлгэнэ.

ГАХАЙ ЖИЛТНҮҮД “ДҮНСЭР” БУЮУ “ИХ ХАРШ ЖИЛ” ЖИЛ ГАРЧ БАЙНА

- Могой жилийн харш жилтнүүд юуг анхаарч, ямар ном уншуулах вэ?

- Гахай жилтэн их харш,
 Бар, Бич жилтэн бага харш,
Үхэр, Тахиа жилтэн ивээл жилийн харш,
Луу жилтнүүд цагаан жил буюу нэгнийгээ ороох харш байгаа. Гахай жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул Амь насны зэтгэр хөдлөдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшын засал, аян замд явбал Чойжоо дүгжүү гаргавал сайн.

Бар, Бич жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул бар жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, бич жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх. Засал нь Жадамба, Ногоон Дарь- Эх уншуулж, бага харшын засал, Амин золиг гаргуулбал сайн.

Үхэр, Тахиа жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуул.

Луу жилтнүүд, луу могой хоёр ороолдох харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй.  Засал нь Манлын чого, Гурван гүрэм,  Сахиусны ганшиг уншуул.

Жич: 2025 оны Модон могой жил 2012 оны усан луу жилтэй хүүхдүүдийн шилжилтийн нас буюу сэтгэл санаа тогтворгүй болох үл ойлголцол гэр бүлийн хүрээнд гарч магадгүй учир засал номоос гадна төөрөг дэмбэрэл зурхайг зуруулж өөрөө өөрийгөө танин мэдэх, эцэг эхчүүд энэхүү хүүхдүүдийнхээ зан чанарыг ойлгож зөв харьцах нь ирээдүйд зөв хүн болж төлөвшихөд чухал ач холбогдолтойг анхаарна биз ээ.

-Жилийн засал болон онцгой засал номыг ямар давтамжтай хийлгэх ёстой юм бэ?

-Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Яагаад гэвэл хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа л сайн. Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юмуу, эсвэл 12 дугаар сарын 22 нд ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг болсон байна.

Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэж авч, ямар засал номыг ямар давтамжтайгаар хийлгэхээ ойлгох хэрэгтэй. Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө юм уу эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур эсвэл сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номонд ингэж хөнгөн хандаж болохгүй. Жилд нэг удаа хийлгэж байгаа жилийнхээ засал номыг хийлгэхдээ хүмүүс чухалчлах хэрэгтэй. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олонтаа.
Мөн жилийн заслаас гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн эхнэр, нөхөр, хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу төөргийн зурхайг зуруулж өөр өөрсдийн онцлог зан чанар хоорондын таарамж тохиромж, хүүхдийн хань ижлийн заяа сайн муу эсэх, авъяас чадвар ажил мэргэжил, хэд хэдэн насан дээр нь барцад саадтай байгааг нь урьдчилан танин мэдэх боломжтой байдгаараа монгол зурхайн үр хүүхдээ бага наснаас нь чиглүүлэх онцлог давуу талтай уламжлал байдаг.

-Өөр анхаарах жилтнүүдийн ямар засал байна вэ?

- МЭНГЭ ГОЛЛОСОН ЖИЛТНҮҮД байна. Энэ жил 2 хар мэнгэтэй хүмүүс мэнгэ голлосон. 2016, 1980, 1944 оны бич, 2007, 1971, 1935 оны гахай, 1998, 1962, 1926 оны бар, 1989, 1953 оны могой жилтнүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэрэмжил. Засал нь: Мэнгэний засал хийлгэ, Жанаггагдог, Далха тахиулж, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого уншуулна.

Бар, туулай жилтнүүд На буюу Өвдөх жилийн Нашидүрсүмийн засалтай тул өвдөх гэсэн нэр биш юм. Цаад утгандаа гарлага гарах хэмээх буюу эд зүйлсээ сайн хямгадан алдаж гээхээс сэргийлж эмх цэгцтэй байхыг илэрхийлсэн ойлголт юм.  9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгэвэл зохистой.

Нашидүрсүм гэдэг нь На буюу өвдөх, ши буюу үхэх, дүр буюу үхээрт орших гэсэн 3 үгийн нийлбэр бөгөөд Гурван жил дараалан тохиодог нь энэ шууд утгаараа биш өвдөх гэдэг нь гарз гарахаас болгоомжил, үхэх гэдэг нь ажил үйлсдээ анхаарах, үхээрт орших гэдэг нь хэл ам хэрүүл тэмцлээс сэрэмжлэхийг анхааруулж байдаг. жилийн нашидүрсэмээс гадна суудлын нашидүрсүмийн заслаа зурхайчаас асууж засал номондоо шамдаарай.

-Тантай уулзсаных Дэмбэрлийн зурхайн талаар тодруулах зүйл байна. Энэ ямар учиртай зурхай билээ.

-Уг нь энэ дэмбэрэл буюу төөргийн зурхайг хүүхэд анх төрөхөд зурхайчаар зуруулж сайн зан чанар амьдралыг нь бэлгэдэн ерөөж нэрийг нь өгөх, улмаар өөрийн давуу тал өгөгдөлөөрөө мэргэжлээ сонгох, хань ижил ямар хүн тохирох, эсвэл хүнтэй суухгүй байгаа бол хань ижлийн тал дээрх хатуу жил, сар, өдөр, цагаар хатуу хувь заяанд төрсөн эсэх гэх мэт алдаа дутагдлаа нас биед хүрэхээсээ өмнө ном заслаар юмуу өөрийн зан чанар, ертөнцийг үзэх үзэл бодол хандлагаараа засах гэх мэт олон төрлийн өндөр ач холбогдолтой зурхайн зурлага юмаа. Одоо 1900 онд төрсөн хүнээс дөнгөж төрж байгаа хүүхдүүд хүртэл бүх хүмүүс гаргуулж байна Төрөхөд нь энэ уламжлалыг мэдэхгүй өнгөрөөснөөс одоо хүмүүс амьдралдаа илүү их алдаж амьдарч байх шиг байна. Амьдрал нь болохгүй ямар нэгэн асуудалтай байгаа насанд хүрсэн хэдэн ч насны хүмүүс ирж энэ төөрөг дэмбэрэлийн зурхайг их зуруулж байгаагаас харагдаж байна. Бурханы сургаальд хүртэл өөрийгөө танин мэдэж байж төгс гэгээрэлд хүрдэг шүү дээ. Бид бүхэн аливаа зовлон бэрхшээлийн уг шалтгааныг гаднаас хайх биш өөрсдийгөө таньж мэдэж, засан залруулж байж арилгана гэдийг ухаарах хэрэгтэй. Тиймээс энэ мартагдах гээд байгаа маш хэрэгтэй уламжлалт зурхайн ухааны уламжлалуудыг сэргээх тал дээр би залуу хүн, уламжлалт зурхайч хүний хувьд анхаарч, амьтанд туслах боловуу гэх үүднээс ажилладаг юм.

-Ярилцсанд баярлалаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж байна

Огноо:

,

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын 110 дугаар километрт байрлах Туул голын 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалтын төслийн газарт Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын холбогдох гишүүд үргэлжлүүлэн ажиллаж байна.

Төслийн хамгийн томоохон инженерийн байгууламжийн нэг болох уг гүүрийн бүтээн байгуулалтыг “Очирням” ХХК тэргүүтэй үндэсний таван компани гүйцэтгэж байгаа бөгөөд гүүрийн хойд хэсэгт дам нуруу угсралтын ажил үргэлжилж нийт 20 дам нуруу тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 8 дам нурууг угсраад байна.

Туул голын орчим нь нам дор, хотгор байршилтай бөгөөд хур тунадас ихтэй үед ус хуримтлагдах, голын усны түвшин нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй учир гүүрийн суурь, тулгуур болон далангийн ажилд инженерийн нарийн шийдэл шаардагдаж байна.

Төмөр замын нийт трассын дагуу есөн байршилд 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, ус, мал амьтны гарц болон 127 төмөр бетон хоолой барихаар төлөвлөгджээ.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ

Огноо:

,

Улаанбаатар хотын хүн ам, суурьшлын бүс, үйлдвэрлэл болон дагуул хотуудын хөгжил нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ цаашид эрчимтэй өсөх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн ундны болон үйлдвэрлэлийн усан хангамж газрын доорх усны нөөцөд түшиглэж байгаа бөгөөд 2040 он гэхэд усны хэрэглээ эрс нэмэгдэх тооцоо гарсан нь усны шинэ, найдвартай эх үүсвэр бий болгох шаардлагатайг харуулж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хот болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг баталгаажуулах, газрын доорх усны нөөцөд ирэх ачааллыг бууруулах зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2025–2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төслийн хүрээнд Туул голын урсацыг тохируулан гадаргын усыг хуримтлуулах, ус цэвэршүүлэх байгууламж болон ус дамжуулах дэд бүтцийг байгуулахаар төлөвлөжээ. Усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд тус төсөл нь урт хугацаанд хотын ус хангамжийн баталгаа болох юм. Тухайлбал, гадаргын усыг хуримтлуулсанаар жилд 50–100 сая м.куб-аар усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Kalpataru Projects International Limited (KPIL) компани боловсруулж байгаа бөгөөд ТЭЗҮ-ийн ажлын явц 90 орчим хувьтай байна. Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын усны найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын доорх усны хэт ашиглалтыг бууруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийн усан хангамжийг дэмжих, Туул голын экологийн урсацыг зохицуулах, үерийн эрсдэлийг бууруулах, усны нөөцийг хуримтлуулж, шаардлагатай үед зохицуулан ашиглах боломж бүрдэх юм.

Дэлхийн улс орнууд хотын усан хангамжийг зөвхөн нэг эх үүсвэрт түшиглүүлэхгүйгээр усан сан, гадаргын ус, газрын доорх ус, дахин боловсруулсан ус зэрэг олон эх үүсвэрийг хослуулан шийддэг. Тухайлбал, Япон, БНСУ зэрэг улс усан сан, олон зориулалттай далангаар дамжуулан ус хангамжийг хангахын зэрэгцээ үерийн эрсдэлийг бууруулж, усны нөөцийг улирлын байдлаар зохицуулдаг.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өчигдөр хийсэн мэдээллээр ОХУ-аас Улаанбаатар хотод 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ-92 автобензин орж иржээ.

Үүнээс эхний 23 вагоны шатахууныг буулгаж, нийслэлийн 75 шатахуун түгээх станцад 756 тонн, орон нутгийн 49 станцад 441 тонн АИ-92 автобензин хүргүүлсэн байна.

Мөн ОХУ-аас Монгол Улсын чиглэлд 152 вагон буюу 9120 тонн АИ-92 автобензин тээвэрлэгдэж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлжээ.

Сүүлийн хоёр хоногт шатахууны түгээлт харьцангуй бага байсан ч нийлүүлэлт нэмэгдэж байгаа тул ирэх даваа гарагаас улсын хэмжээнд түгээлтийг хэвийн болгохоор ажиллаж байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдэгдсэн байна.

Орон нутгийн шатахууны түгээлтийг амралтын өдрүүдэд нэмэгдүүлэх бөгөөд ням гарагт нийслэлийн хэрэгцээг хангах хэмжээнд түгээлт хийхээр импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа аж.

Шуурхай штабын хүрээнд шатахууны тээвэрлэлтийг хурдасгах арга хэмжээ авч байна. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН ОХУ-аас орж ирж буй түлш, шатахууны вагоныг богино хугацаанд татан авч, буулгалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Үүнээс гадна БНХАУ-аас ачигдсан 2000 тонн онгоцны түлш Замын-Үүд өртөөнд ирж, түгээлтэд шилжихээр байгааг мэдээлжээ.

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор Татварын ерөнхий газар татварын өртэй байсан ч дансыг нь хаахгүй байх зохицуулалт хийж байгаа аж. Мөн шатахуун түгээх станцуудын дараалал авто замын хөдөлгөөнд саад учруулахаас сэргийлж Тээврийн цагдаагийн алба зохицуулалт хийж байна.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб шатахууны татан авалт, тээвэрлэлт, түгээлтийн нөхцөл байдлын талаар өдөр бүр мэдээлэл өгч байгаа бөгөөд улсын хэмжээнд шатахууны түгээлтийг ирэх долоо хоногоос хэвийн болгохоор төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал15 цаг 56 минут

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...16 цагын өмнө

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал16 цаг 9 минут

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал16 цаг 14 минут

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..16 цаг 36 минут

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..16 цаг 44 минут

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..17 цаг 1 минут

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал17 цаг 10 минут

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...17 цаг 15 минут

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал17 цаг 23 минут

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/08/13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Үйл явдал2026/08/13

ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэ...

Үйл явдал2026/08/13

БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмж...

Үйл явдал2026/08/13

"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна

Үйл явдал2026/08/13

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Үйл явдал2026/08/13

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Хэн юу хэлэв...2026/08/13

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Үйл явдал2026/08/13

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Үйл явдал2026/08/12

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шат наймдугаар сарын 23-...

Дэлхий нийтээр..2026/08/12

Башар Ассад болон түүний дүүд цаазаар авах ял оноожээ

Дэлхий нийтээр..2026/08/12

Далайн гадаргын температур долдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрчэ...

Үйл явдал2026/08/12

“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэ...

Үйл явдал2026/08/12

Шатахууны нөөцийг жигд, хүртээмжтэй түгээх үүрэг өглөө

Үйл явдал2026/08/12

Дархан-Уул аймагт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ загв...

Үйл явдал2026/08/12

COP17 бага хурлын үеэр ажиллах 600 сайн дурын ажилтныг бэлтгэж байна...

Үйл явдал2026/08/12

Монгол Улс энэ оны эхний найман сард 622 мянга гаруй жуулчин хүлээн ...

Үйл явдал2026/08/12

Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаар...

Үйл явдал2026/08/11

COP17 хурлын үеэр дараах чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Үйл явдал2026/08/11

Бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол хоё...

Хэн юу хэлэв...2026/08/11

ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр болло...

Санал болгох