Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 14-ний өдөр Ховдын Мөст, Ховд, Манхан, Говь-Алтайн Тонхил, Бугат, Есөнбулаг сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутгаар 7-12 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. 17, 18-нд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 15-нд нутгийн зарим газраар, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Хэн юу хэлэв...2022/05/09
“Тураг гогой буюу хар галууны экологийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэг...
-
Дэлхий нийтээр..2020/10/12
Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарынхантай уулзав
-
Дэлхий нийтээр..2021/11/22
Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар...
-
Дэлхий нийтээр..2022/08/23
НОБГ: Гал түймрээс аюулаас 136 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав
