Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны аравдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.
2024 оны аравдугаар сарын 19-нөөс 2024 оны аравдугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. Аравдугаар сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Үйл явдал
“Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Хангарди шагнал гардуулах ёслол 2026 оны аравдугаар сарын 22-нд болж, Монгол киноны уралдаант хэсгийн шилдгүүдийг тодрууллаа. “Улаанбаатар” олон улсын кино наадам нь дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх, үндэсний кино уран бүтээлчид болон кино салбарын хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотыг урлаг, соёлын бүтээлч орон зай болгон олон улсад таниулах зорилготой юм. Мөн нийгэм, эдийн засаг, урлаг, соёл, боловсролын салбарт кино урлагийн үр нөлөөг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг.


Энэ жилийн Монгол киноны уралдаант хэсэгт нийт 16 бүтээл ирүүлснээс “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Нийгмийн дайсан”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд” зэрэг бүтээлийг “Монгол кино хөтөлбөр”-т шалгаруулан үзэгчдэд толилуулсан юм. Наадмын хүрээнд бүтээлүүдийг зургаан төрлөөр үнэлж, шилдэг кино болон уран бүтээлчдийг тодрууллаа. “Шилдэг кино” төрөлд “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Зуд”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд”, “Нийгмийн дайсан” зэрэг бүтээл нэр дэвшсэн байна.

ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД
Шилдэг кино: Цагаан хадны өнгө
Шилдэг найруулагч: “Ханын зураач” киноны найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж
Шилдэг зохиол: “Нийгмийн дайсан” киноны зохиолч Баянжаргалын Гарамханд
Шилдэг зураглаач: “Цагаан хадны өнгө” киноны зураглаач Чойжоованчигийн Хоролдорж
Шилдэг зураач: “Ханын зураач” киноны зураач Баяраагийн Тэгшсүрэн
Шилдэг хөгжмийн зохиолч: “Цагаан хадны өнгө” киноны хөгжмийн зохиолч Гаэл Ракотондрабе




“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг олон нийтэд таниулах, үндэсний кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн кино урлагийн чиг хандлага, шинэ бүтээлүүдтэй монгол үзэгчдийг танилцуулах чухал арга хэмжээ юм. Хангарди шагнал нь Монголын кино урлагийн уран бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээг үнэлж, үндэсний кино үйлдвэрлэлийн чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг байна.



Үйл явдал
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвлийн бэлтгэл, машин техник, давс, бодисын бэлэн байдлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл шалгалаа. Нийслэлийн хэмжээнд энэ өвөл 10300 тонн давс, 10200 тонн бодис нөөцөлнө. 2025-2026 оны өвөл 6200 тонн бодис, 6800 тонн давс зарцуулсан тул энэ жилийн нөөц хангалттай гэж тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар давс, бодисын нөөц бүрдүүлэх ажил 80 хувьтай бөгөөд үлдсэн 20 хувийн бодис, давсны худалдан авалтыг нийслэл, дүүрэг, ТҮК-иудаас зохион байгуулж буй.
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага ажилладаг. 2026-2027 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хүрээнд аравдугаар сарын 14-ний өдрөөс бүх тохижилт үйлчилгээний компанид хяналт, шалгалт хийж, цэвэрлэгээ, үйлчилгээний чанар, хүний нөөц, машин техник, автобаазын хүчин чадлыг сайжруулсан байна.

"Охь Мандал" ХХК нь 2015 оноос нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж, уламжлалт гар аргаар болон орчин үеийн тусгай зориулалтын шүүрдэгч авто машинаар хослуулан үйлчилгээ үзүүлдэг. “Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан “Машин, техник, түлш, хувцас, багаж хэрэгслийн бэлэн байдлаа хангаж, 10 тонн давс тээвэрлэх хүчин чадалтай Солонгос улсын “Хово” машинаар давс, бодисын цацалт хийж байна. Давс, бодисын нөөц бэлэн” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх тохижилт үйлчилгээний компанийг өвөлжилтийн бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.








Үйл явдал
“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо
Монголын аялал жуулчлалын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газраас хамтран 27 дахь жилдээ зохион байгуулж буй “ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 23-нд Мишээл экспо төвд нээлээ.
Тус үзэсгэлэнд 500 гаруй байгууллага оролцож, гурван өдрийн турш 300 гаруй бизнес уулзалт зохион байгуулж, 150 гаруй гэрээ, хэлцэл хийнэ. Мөн 20 мянга гаруй зочин, үзэгчийг хүлээн авч, аялал жуулчлалын бизнес, санхүү, даатгал, технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг танилцуулах юм.

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч С.Баясгалан “ITM Mongolia 2026” үзэсгэлэн 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус үзэсгэлэн нь аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, үзэсгэлэнд оролцож буй бизнес эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, олон улсын сайн туршлага, шийдлийг хуваалцах зорилготой. Үзэсгэлэнг намар зохион байгуулж буй тул иргэд өвлийн аяллаа урьдчилан төлөвлөх, аялал жуулчлалын баталгаатай бүтээгдэхүүнийг гурван өдрийн турш хөнгөлттэй үнээр худалдан авах боломжийг олгож буйгаараа онцлог. Энэ удаагийн “ITM Mongolia 2026”-ийн түнш аймгаар Дундговь аймаг оролцож, 2027 оныг “Дундговьд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд говийн байгаль, соёлын өвд түшиглэсэн аяллыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн оролцоог өргөжүүлэхийг зорьж байна” гэв.






