Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассотой уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн 18 жилийн хугацаанд улсын эдийн засгийн тулгуур багана болсон хувийн хэвшлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийллээ. Европын сэргээн босголт хөгжлийн банк манай улсад нийт 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр 140 төсөлд олгосон нь хувийн хэвшлийг төрөлжүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг мөн онцлон тэмдэглэв. Хамтарсан Засгийн газар эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байна. Эдгээрийн дийлэнхи нь уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хэрэгжих бөгөөд эрчим хүчний реформ, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, дагуул хотууд, дэд бүтцийн асуудал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэгт Европын сэргээн босголт хөгжлийн банкны туршлага, дэмжлэг чухал байгааг онцлов.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассо Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч буйг сайшааж эрүүл мэнд болон эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төслүүд, банк санхүүгийн орчныг сайжруулахад хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2020/08/11
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болов
-
Дэлхий нийтээр..2024/05/22
"Багшийн туслах AI", “И-хүртээмж” системийн нээлт болж бай...
-
Үйл явдал2020/04/30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2024/11/18
“Ланд-200 маркийн автомашин хямд худалдана" гэж залилжээ
