Үйл явдал
Жаргалсайханы БАТБОЛД: Инженер хүнийхээ хувьд 22 дугаар хороонд хийх боломжтой бүх ажлыг харчихсан
Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд 22 дугаар тойрог (22 дугаар хороо)-ноос нэр дэвшигч Ж.Батболдтой ярилцлаа.
-Та аль нутгийн хүн бэ, ямар мэргэжил боловсрол эзэмшив. Мөн гэр бүлээ товч танилцуулахгүй юу?
-Би 1991 онд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. 2009 онд Тосонцэнгэл сумын I арван жилийн дунд сургуулийг дүүргээд ШУТИС-ийн Авто замын барилгын инженерийн ангид элсэн орсон. 2021 онд мөн Авто замын барилгын инженерийн мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан. Эхнэр, охины хамт амьдардаг. Эхнэр маань надтай адилхан авто замын инженер мэргэжилтэй. Бид нэг ангид тохой дэрлэн сууж байсан хүүхдүүд.

-Ажлын гараагаа хэзээ, хаанаас эхэлж байв?
-Оюутан байхдаа Чойроос Замын-Үүд чиглэл, Оюутолгойгоос Ганц модны боомт чиглэлийн замуудад ажиллаж байсан. 2013 онд Улаанбаатар зам засвар арчлалтын газарт анх замын техникчээр үндсэн ажилтан болж орсон. Тэндээ есөн жил ажиллахдаа инженер, ахлах инженер, хэлтсийн даргын албан тушаалыг тус, тус хашсан. 2022 оны нэгдүгээр сараас “Баянзүрх эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ыг газрын захирлаар томилогдсон. Аливаа байгууллагын амин сүнс нь ажилтан албан хаагчид байдаг гэж боддог. Тийм ч учраас хүний нөөц бүрдүүлэх хамгийн хэцүү байсан бөгөөд анх 17 хүний бүрэлдэхүүнтэй байгууллага хүлээж авсан бол одоо 250-иулаа болж өргөжин тэлсэн сайхан хамт олон болжээ.


-Тохижилт үйлчилгээ гэхээр ихэвчлэн ногоон байгууламжийн ажил орж байна уу?
-100 гаруй авто машины гараашийн үйл ажиллагаа арчлалт хамгаалалт, хүүхдийн тоглоомын талбайн засвар үйлчилгээ, мөн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлыг хийдэг.

-Зам барьдаг хүн нэмээд бүр “мод тарьдаг” болчихсон юм байна?
-Нэг их хазайхгүй л дээ. Яагаад гэхээр, манай авто замын хичээлүүд дунд “Архитектур төлөвлөлт” гэсэн хичээл бий. Ногоон байгууламж, авто зам, явган зам, дугуйн зам гэх мэт гудамж замын байгуулалт, арчлалт, хамгаалалт гээд бүгдийг заадаг юм. Нөгөө талаар байгууллагад маань үнэхээр чадварлаг хамт олон бүрдсэн учраас бидэнд энэ ажлыг хийхэд хүндрэл учраад байдаггүй. 
-Автозамын инженер хүнийхээ хувьд та улс орондоо юу хийж бүтээх сэн гэж хүсдэг вэ?
- Хэдийгээр олны зүгээс шүүмжлэл дагуулдаг боловч миний хувьд хэрэгжинэ гэдэгт нь итгэлтэй байдаг нэгэн төсөл бий. Тэр нь Улаанбаатар хотод байгуулах метроны төсөл байна. Шугаман байгууламж гэдэг утгаараа манай авто замтай адилхан зарчмаар явж гүүрийн байгууламжууд, тунелийн байгууламжуудыг хийнэ. Үүнд гар бие оролцож ажиллах туйлын хүсэл бий.
Түүнчлэн хурдны замуу төслүүд хэрэгжихэд инженерийн чиглэлийн бүхий л үйл ажиллагаанд нь оролцож үзэх сэн, бүтээлцэх юм сан, залуустайгаа хөл нийлүүлэн алхаж, магадгүй тэдний дунд манлайлал нь болон ажиллах хүсэл эрмэлзэл байдаг.

- Тэгвэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаасаа онцлоод сонирхуулбал?
- Шинэчлэл хийсэн, их засвар хийсэн болон шинээр хийсэн зам, гүүрээ нийлүүлбэл 50 км гаруй болно. Богино сонсогдож магадгүй. Гэхдээ хотод ихэвчлэн харьцангуй богино замд ажилладаг юм. Хамгийн урт нь 6.6 км замд ажиллах жишээний. Ийм хэмжээний ажлуудад гар бие оролцжээ.
-Ногоон байгууламж, хот тохижилтын чиглэлээр ямар ажлууд хийсэн бэ?
- Байгууллагаа үүсгээд хоёр жил гарангийн л хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд манай хамт олон дүүргийн хэмжээнд долоон бичил цэцэрлэгийг үүсгэжээ. Ихэвчлэн гэр хорооллын бүсэд хийсэн. Мөн дөрвөн га талбайд мод үржүүлгийн газартай болсон. Одоо тэнд 200 мянга гаруй жижиг үрнээс авахуулаад том суулгац голдуу моднууд бойжиж байна.
Түүнчлэн дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Айл бүрийн хашаанд 10 мод” хөтөлбөрийн хүрээнд мод тарих ажлыг бид гардан гүйцэтгэсэн. Нийт 9005 айлын хашаанд нийт 90050 модыг суулгажээ.
Утаа, тоосжилт ихтэй гэр хорооллын бүсэд ногоон массыг бүрдүүлье, мод ургуулъя гэсэн зорилготой. Хамгийн эхэнд суулгасан мод маань одоо 1-2 дахь жилдээ ургаж, бойжоод байна. Ургалт нь 80 орчим хувьтай байгаа.
Айлын хашаанд мод тарихын үнэ цэнэ нь маш их. Мэдээж, гудамжны тоосжилт багасч хорт утааг шүүнэ. Үүнээс гадна хашааны орчинд тохилог ая тух бий болно. Хамгийн гол зүйл бол тухайн хашаанд амьдарч байгаа иргэд өөрсдөө модоо арчлаад, нүдэн дээр нь бойжиж байгаа ургамлаа хараад баярлаж бахархах, илүү сайхан ургуулах хүсэлтэй болно. Мод тарих сэтгэлгээ нь хөгжинө, үр хүүхэд нь түүнийг нь даган дуурайна. Өөрөөр хэлбэл айл өрхөд мод тарих соёлыг дэлгэрүүлсэн томоохон алхам болсон гэж боддог.
Арван жилийн дараа гэхэд Баянзүрх дүүргийн 9005 айлын хашаа тус бүрт ургасан арван мод маань барагцаагаар нэг ойтой дүйцнэ.

-Та яагаад 22 дугаар хорооноос ИТХ-д нэр дэвших шийдвэр гаргасан бэ?
-Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажлууд эхэлж байна. 22 дугаар хороо бол хотын “А” бүстэй хамгийн ойрхон учраас хүний төвлөрөл үүссэн цэг болох нь дамжиггүй. Иймд дахин төлөвлөлт эхэлж байгаа энэ үед анхнаас нь цэгцтэй хийх нөхцлийг бүрдүүлж чадвал энэ маань Улаанбаатар хотын хамгийн сайхан хороо болох боломжтой байршил. Энэ утгаараа би энэ хорооноос нэр дэвших болсондоо баяртай байна. Хэрэв миний бие эндээс төлөөлөгч болон сонгогдож чадвал өөрийн мэргэжлийн хүрээнд хийх боломжтой бүх ажлыг нүдэндээ харчихсан.
-22 дугаар хороог та зураглаад хэлбэл хотын яг аль хэсгийн, ямар талбайг хамарч байгаа вэ?
- Төв зам дагуу, урд хэсгээрээ Энхтайвны өргөн чөлөө, хойд хэсгээрээ Доржийн гудамж, зүүн талаараа Дандар баатарын гудамж, баруун захаараа дүүргийн эмнэлгээс хойшоо Доржийн гудамжны авто зам орно. Үүнээс гуравны нэг хэсгийн талбайд нь томоохон аж ахуйн нэгжүүд бий. Цэргийн анги, яам, эмнэлгүүд гэх мэт.
Харин гуравны нэг талбайд нь орон сууц бариад явж байгаа. Тэдгээр нь харьцангуй бага талбайтай, автомашины зогсоол цөөтэй, гадна орчин муу, барилга хоорондын зай нь шахуу гэх мэт асуудалтай. Тиймээс үлдсэн гуравны нэг талбайдаа маш цэгцтэй хөгжих нь чухал.

-Та авто замын инженер хүний хувьд, мөн моджуулалт, цэцэрлэгжүүлэлт, хот тохижилтын чиглэлээр мэргэшиж байгаа хүнийхээ хувьд 22 дугаар хорооны дахин төлөвлөлт дээр яг ямар тодорхой ажлуудыг ажил хэрэг болгоно гэж зорьж байгаа вэ?
- Дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд иргэн болон нийслэлтэй гэрээ байгуулдаг. Үүн дээр дүүргийн оролцоог нэмэх ёстой. Энэ талын хууль эрхзүйн орчныг сайжруулахын төлөө ажиллана.
Түүнчлэн гэрээ байгуулчихсан, нэгэнт хэрэгжиж байгаа төслүүдийн анхны зураг төслүүдтэй хүн болгон танилцах боломжтой байдаг учир маш сайхан төлөвлөлттэй байдаг. Ногоон байгууламжтай, явган замтай, хүүхэд тоглуулах тоглоомын талбайтай.
Магадгүй, барилгын ажлын явцад зургууд байшин хоорондын зай ойртох, ногоон байгууламж барих байсан газарт дэлгүүр, үйлчилгээний төв барих явдлууд гардаг шүү дээ. Энэ бол Улаанбаатар хотын бодит үнэн.
Би инженер хүнийхээ хувьд үүн дээр өдөр тутмын хяналт тавьж, иргэддээ мэдээллийг нь өгөөд, нээлттэйгээр ажиллах бүрэн боломжтой. Тэгэхгүй бол цэцэрлэг барина гэсэн талбайдаа гэнэт үйлчилгээний төв болгочихдог жишээ ч бий.

-22 дугаар хороонд одоо эмнэлэг, цэцэрлэг, сургууль гэх мэт нийтийн үйлчилгээний байгууллага, байгууламжуудын хүрэлцээ ямар байгаа вэ?
-Одоогоор ганцхан сургуультай, цэцэрлэггүй. Улсын томоохон эмнэлгүүд бий. Сургууль нь гурван ээлжээр хичээллэх нөхцөл бүрдсэн ч өөр хороонд объект түрээслээд нэг ээлжийг хичээллүүлж байна. Аргацаасан арга хэмжээ л авч байна. Бүр огт сургуульгүй байсан хороо өнгөрсөн дөрвөн жилд сургуультай болсон нь дэвшил хэдий ч цаашид хүн амын өсөлт, суурьшлын хэмжээ тэлж байгаагаас шалтгаалаад өргөтгөл хийх зайлшгүй шаардлага үүснэ.
Хэрэв би Баянзүрх дүүрэгт 22 дугаар хорооныхоо иргэдийг төлөөлөх эрхтэй болвол энэ ажлыг хамгийн түрүүнд барьж авна. Эрчимтэйгээр хөөцөлдөнө. 22 дугаар хорооны эцэг, эхчүүд одоогоор тавдугаар хорооны цэцэрлэгүүд рүү хүүхдээ зөөж байна. Хороонд өөрийн гэсэн цэцэрлэг зайлшгүй хэрэгтэй.
- 22 дугаар хороонд одоо нийт айл өрхийн нутаг дэвсгэрийн хэчнээн хувийг гэр хорооллын айл эзэлж байна вэ. Дахин төлөвлөлтөөр үүнээс хэд нь орон сууц болох вэ?
- Гэр хорооллын хэсэгт ердөө 180 орчим айл байгаа. Энэ айлуудын газар дээр дахин төлөвлөлт хийнэ гэсэн үг. Тэгэхээр 180 айл маань тухайн газрынхаа үндсэн оршин суугч нь мөн бол бүгдээрээ орон сууцанд орно гэсэн үг. Сургуультай, цэцэрлэгтэй, ногоон байгууламжтай, чөлөөтэй зорчих замтай, машинаа тавих зогсоолтой орон сууцны хотхон, хороолол үүснэ гэж би хувьдаа харж байгаа. Инженер хүнийхээ хувьд үүн дээр анхнаас нь төлөвлөлтийн дагуу байгаа эсэхийг ажлын зургаас нь харж, хяналт тавиад, мэдээллийг иргэддээ хүргэх боломж байна.
-Нийслэлийн хаа сайгүй “зогсоолын зодоон” болж байна. Нийтийн автограж, нийтийн авто зогсоолуудыг Улаанбаатарт олноор бий болгох боломжтой юу?
- Томоохон худалдааны төвүүдэд түшиглэсэн автогарж, ил, давхар зогсоолууд нийслэлд эхнээсээ бий болж байна. Үүнтэй ижилхэн ил, давхар зогсоол байгуулах талаар Баянзүрх дүүргийн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгаснаар тодорхой байршлуудад хийхээр төлөвлөж байгаа. Зураг төслийн ажилдаа орчихсон, байршлуудын судалгаануудаа хийж байгаа.
-Энд ИТХ-аас нэг нөхөр “хашгираад” л байна. Гэтэл дээд шатандаа дэмжих нэгжгүй бол хүндрэл үүсдэг нь монголын өнөөгийн бодит нөхцөл мөн үү гэвэл мөн?
-Тийм ээ, үнэн. Манай намын хувьд УИХ-даа ялалт байгуулаад Засгийн газраа байгуулан ажиллаж байгаа нь ИТХ-ын түвшинд төлөвлөсөн төсөөлснөө хэрэгжүүлэхэд дөхөм, ойлголцолд цаг үрэхгүй гээд сайн талууд бий. Өөр аль нэгэн улс төрийн нам, эвслүүд ялалт байгуулж болно л доо. Ийм тохиолдолд УИХ, Засгийн газартайгаа нийцэж, нэг зүгт харж ажиллах нь юу л бол. Өмнө нь тийм олон харамсалтай тохиолдол гарч байсан нь олонтаа.
Үүнээс болоод ажил алдагддаг, дунд нь иргэд л хохирч үлддэг шүү дээ. Ийм учраас л бид ялах ёстой гэдэг зорилт тавьж байгаа юм. Маш олон төсөл хөтөлбөр санаачилж хэрэгжүүлэх зорилготойгоор залуучууд бид эвлэлдэн нэгдсэн. Баянзүрх дүүргийн хороо тус бүрт шижигнэсэн инженер техникийн мэргэжилтнүүд, эмч гээд мэдлэг боловсролтой, хийж бүтээе гэсэн залуучууд дэвшиж байгаад миний хувьд баяртай байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
Үйл явдал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
Үйл явдал
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Үйл явдал
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна. Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.







-
Дэлхий нийтээр..2024/09/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзав
-
Дэлхий нийтээр..2025/04/21
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуул...
-
Дэлхий нийтээр..2024/07/17
Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна
-
Хэн юу хэлэв...2024/10/03
Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны т...
