Дэлхий нийтээр..
Алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ
Монгол Улс нийт 1639 багтай. Үүнээс 1448 багт үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Цаашид сүлжээнд бүрэн нэвтэрч чадаагүй багуудын сүлжээг өргөтгөхөөс гадна сүлжээнд огт холбогдоогүй багуудад харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно.
Дээрх ажлын хүрээнд Архангай аймгийн Булган, Чулуут, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Хайрхан, Хангай сумын 10, Булган аймгийн Тэшиг, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Тэшиг, Баян-Агт сумын 5, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул, Арбулаг сумын 4, Баян-Өлгий аймгийн Улаан-Хус, Буянт, Дэлүүн, Толбо сумын 7 багт сүлжээ нэвтрүүлнэ.
Мөн Ховд аймгийн Алтай, Мөнххайрхан, Дуут, Мөст, Булган, Дарви, Үенч, Ховд сумын 10, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жинст, Баацагаан, Шинэжинст сумын 5, Говь-Алтай аймгийн Төгрөг, Халиун, Тонхил, Баян-Уул, Эрдэнэ, Шарга, Есөнбулаг сумын 7, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Луус, Өлзийт, Өндөршил сумын 8, Дорнод аймгийн Чулуунхороот, Баян-Уул, Халхгол, Сэргэлэн сумын 5 багт мөн дээрх ажлууд хийгдэнэ.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Онгон, Халзан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Түвшинширээ, Уулбаян сумын 9, Завхан аймгийн Их уул, Тэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баян-Тэс, Сантмаргац сумын 8, Увс аймгийн Завхан, Зүүнхангай сумын 2, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Төгрөг, Есөнзүйл, Богд, Хайрхан дулаан, Баянгол, Гучин-Ус, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр сумын 10, Төв аймгийн Мөнгөнморьт, Угтаалцайдам, Эрдэнэ, Цээл, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Баяндэлгэр сумын 7 багт нийт 16 аймагт харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно.
Уг төслийн хүрээнд хөдөөгийн алслагдсан багуудад харилцаа холбооны байр, цамхгийн дэд бүтцийг байгуулж, үүрэн холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэнээр иргэд интернэтийн үйлчилгээг гар утаснаасаа хүлээн авах /мэдээ, мэдээлэл хүлээн авах, цахим сургалтад хамрагдах, эрүүл мэндийн цахим үйлчилгээ/, гамшиг, онцгой байдлын үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээж авах, урьдчилан сэргийлэх, төрөөс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн цахим үйлчилгээг хүлээн авах боломж бүрдэнэ. Мөн хот, хөдөөгийн тоон хуваагдал буурна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/09/27
Амралтын өдрүүдэд хол, ойрын замд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна
-
Үйл явдал2021/12/09
Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2020/12/21
Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэг /шууд
-
Үйл явдал2021/01/21
Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
