Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанканд ажиллалаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны есдүгээр сарын 06-ны өдөр Монголбанканд ажиллалаа.
Түүнтэй хамт Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нар байлцав. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд оролцсон юм.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, уулзалтын эхэнд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр, Монголбанкны бодлогын үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байна. Инфляцын 63.1 хувь буюу дийлэнхийг дотоодын бараа үйлчилгээ бүрдүүлж байна. Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжлийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна. Мал аж ахуйн салбарт сэргэлт авчирч, малчид анхан шатандаа үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хоршоодод 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 14381 малчны 3467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ онд хоршоодын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 1 их наяд болгож нэмэгдүүлэх шийдвэр гараад байна. Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 8,8 их наядтөгрөгийн зээлийг 127 гаруй мянган өрх аваад байна. Орон нутагт энэхүү зээлийг олгоход түлхүү анхаарсны улмаас хоёр дахин нэмэгдсэн гэх зэргээр хөнгөлттэй зээлийн хөтөлбөр, зээлжих зэрэглэлийн төлөв байдал зэргийг танилцууллаа.
Түүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ, санхүүгийн зах зээл, банкны салбарт тогтвортой байдал, шударга ёсыг хамтад нь тогтооход Төв банкны зүгээс анхаарч ажиллах ёстой. Тухайлбал, арилжааны банкны зээлийн хүү, хүртээмжийн асуудал нь иргэд, бизнес эрхлэгчдэд бодит дарамт болж байгаа нь мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг эргэж харах цаг нь болсныг илтгэж байна. Мөн инфляцын түвшин, шалтгааныг оновчтой тодорхойлж байгаа хэдий ч зах зээл дээр үнэ буурахгүй байгаад бодлого тодорхойлогчид анхаарч ажиллахыг хүсч байна. Иймд иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, зах зээлдээ нийцсэн мөнгөний бодлогыг баримталж ажиллахыг зорилт болгоно. Монгол Улсад нийгмийн харилцааг зохицуулж байгаа 880 хууль, Хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгэлтэй хуулийг орлож байгаа 2768 журам байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцааны 32 хувийг хуулиар, 68 хувийг журмаар зохион байгуулж байна. Энэ нь нэг ёсондоо хүнийг албан тушаал, өнгө үзэмжээр дүгнэж хүнд суртал, авлига, хууль бус ажиллагаа явуулах үндэс суурь бүрдэж байна гэсэн юм. Түүний дараа уулзалтад оролцож буй УИХ-ын гишүүд Монголбанкны удирдлагуудаас асуулт асууж, саналаа илэрхийллээ.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар ипотекийн зээлийг хэдийд авсан цаг хугацаанаас хамааран, түрүүлж авсан нь 8 хувьтай, дараа нь авсан нь 6 хувь гэхчилэн өөр байгаа шударга бус байдлыг хэзээ өөрчлөх вэ, Монголбанкны "хар жагсаалт" буюу зээлийн мэдээллийн сан гэж иргэдэд дарамт болдог, хоцрогдсон хариуцлагын тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ, УИХ-ын гишүүн А.Энхтүвшин, саяхан УИХ-аар төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсан. Үүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх учраас мөнгөний ханшид нөлөөлж магадгүй. Энэхүү эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ, аж ахуйн нэгжийн хувьд зээлийн хүүг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ, УИХ-ынгишүүн П.Батчимэг, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхэд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Тиймээс өрхийн орлого нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хамаарлыг хэрхэн барих вэ гэх зэргээр асуусан бол УИХ-ын гишүүн М.Мандхай, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар малчдад 495.3 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа 78.8 хувь нь Төрийн банк, 21 хувийг Хаан банк олгосон байна. Гэвч хөнгөлөлттэй хүүтэй зээл авах хүсэлт өгсөн, шаардлага хангаж, зээл нь зөвшөөрөгдсөн малчид олон байгаа чзээл олгох эх үүсвэргүй болжээ. Иймд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хөнгөлөлттэй хүүтэй зээлийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан арилжааны бусад банкуудын зээл олголтыг идэвхжүүлэх шаардлагыг Төв банкны удирдлагуудад тавив.
Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монголбанк арилжааны банкуудад ажиллахдаа активын чанарын үнэлгээгээ сайн хийх хэрэгтэй байна. Энэ үнэлгээг муу хийснээс банканд асуудал үүсдэг. Тухайлбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкны үйл ажиллагаа зогсчихсон байхад Бүрэн эрхт төлөөлөгч томилдоггүй. Дампуурлыг зарладаггүй атлаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгө байршчихсан байдаг. Энэ чиглэлээр хариуцлагатай ажиллаасай гэж хүсэж байна хэмээлээ. Монголбанкны удирдлагууд Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, санал солилцон ярилцлаа.
Уулзалтын төгсөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр, Монголбанкнаас гаргаж буй бодлого, шийдвэрийг Улсын Их Хурал итгэл төгс баримтлаж ажиллаж чаддаг болох ёстой. Арилжааны банкууд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна, улмаар шударга ёсыг хангах талаар хэрхэн ажиллаж байгаад анхаарал тавьж ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас олгож буй нийт зээлийн зөвхөн 80 хувь нь хот, суурин газар, 20 хүрэхгүй хувь нь хөдөө орон нутагт олгож байна. Мөн арилжааны банкнаас олгогдож буй зээлийн хэдэн хувь нь хэрэглээний, хэдэн хувь нь хөрөнгө оруулалтын зээл байгаа зэрэг олон үзүүлэлтээс банкуудын үйл ажиллагааг дүгнэж болно. Цаашилбал, өндөр хүүтэй зээл авч амьдралаа залгуулж буй ард иргэдээ төр зүгээр хараад сууж байж таарахгүй. Эдгээр бүх асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн хувьд өөрчлөлт хийнэ. Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй гээд Монголбанк зээлийн хүүг бодлогын түвшинд бууруулах боломжийг судалж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2024/08/01
ЗГ: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв
-
Чөлөөт бүс2021/05/30
Камбожийн Кох-конг мужийн ойг устгах ажил явагдсаар байна
-
Чөлөөт бүс2021/09/09
Салхи хөлөглөн давалгаа зүснэ...
-
Үйл явдал2022/11/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
