Дэлхий нийтээр..
Иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй санамж бичигт гарын үсэг зурав
Иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл Монгол Ардын намтай хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр /2024-06-18/ гарын үсэг зурав. Монгол Ардын нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэхүү мөрийн хөтөлбөрийг дэмжин иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Тодруулбал, эрчим хүч, хүнс, хөдөө, аж ахуй, зам тээвэр, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цахим хөгжил, барилга, хот байгуулалт, байгаль орчин, спорт, гадаад харилцаа зэрэг бүхий л салбарт ажилладаг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэхүү арга хэмжээг нээж Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.

Тэрээр:
-Монгол Ардын нам улс төр болоод Засгийн газрын үйл ажиллагаа, УИХ-аас баталсан хууль тогтоомж гээд олон асуудалд иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг тусгаж, хамтарч ажиллахыг цаг үргэлж зорьж ажиллаж ирсэн. Үүндээ сонгуулийн жилд тодотгол хийж, үр дүнгээ тооцож, цаашид хэрэгжүүлэх ажил дээрээ санал бодлоо нэгтгэдэг онцлогтой. Өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөр боловсруулахдаа та бүхний саналыг авч бодлогодоо тусгаж ирсэн туршлага байна. Мөн энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа ч та бүхний саналыг авсан. Энэ жилийн сонгууль Үндсэн хуулийн өөрчлөлтөд орсон үзэл баримтлалын дагуу ихээхэн онцлогтой болно. Нийгмийн олон талын төлөөлөл намын жагсаалтад орж нэр дэвших боломжтой болсон. Салбар бүрийн төлөөлөл шийдвэр гаргах төвшинд орж ажиллах боломжийг Монгол Ардын нам илүүд үзэж намын нэрийн жагсаалтын 48 нэр дэвшигчдэдээ ихээхэн анхаарсан. ШУА, МҮХАҮТ, МҮЭХ-ны тэргүүн болон гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн хуульч, инженер, анагаахын мэргэжилтнүүдийг оруулж чадсан. Цаашид төрийн олон үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодоор хийлгүүлэх бодлогыг түлхүү барина.
Мөн Монгол Ардын намын УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн зарим төлөөлөл мөрийн хөтөлбөрийн талаар товч танилцуулав.
Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Бумдарь:

-Мөрийн хөтөлбөрийнхөө дөрөв, тавдугаар бүлэгт иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог тусгасан учраас та бүхэн энэ бүлгийг сайн судлаарай. Нийслэл, хөдөө орон нутаг ихээхэн ялгаатай болсон. Их дээд сургуулийн 84 хувь нь нийслэлд, орон нутагт 16 хувь нь байдаг. Бүгд хотод сурч, хөгжих гэж ирдэг. Иймд бүсчилсэн хөгжлийн бодлогыг бүх салбарт тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан. Бүс бүр онцлогтоо тулгуурлан хөгжих боломжтой болох юм. Тухайлбал, говийн бүс байгалийн баялагтаа тулгуурлана. Төвийн бүс эрчимжсэн мал аж ахуй, зүүн бүс эдийн засгийн коридорыг бий болгох, хангайн бүс хөдөө аж ахуй хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг бий болгоно. Баруун бүс эко үйлдвэрлэл, эко эдийн засаг, хойд бүс аж үйлдвэр, аялал жуулчлалд тулгуурлана гэх мэтээр бүсчилэн хөгжүүлснээр ялгаатай хэв маягтай амьдралаас болж хөгжлөөс хоцрохгүйгээр тэгш боломжтой болох юм. Мөн нийслэлийг 20 минутын хот болгон хөгжүүлнэ гэж зорьсон. Сургууль, цэцэрлэг гээд 20 минутын дотор бүх үйлчилгээг авдаг болгон хөгжүүлэх боломжийг судалгаанд суурилж тусгасан.
Монгол Ардын Намын Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү:

-Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тэрбум ам.долларын дөрвөн салбарыг онцгойлон авч үзнэ гэсэн бодлогыг барьж байгаа. Нэгдүгээрт соёл, аялал жуулчлалын салбар бий. Ковидын дараа дэлхий нийтээр хямралтай байгаа үед “Welcome to Mongolia” гэх энгийн уриагаар аялал жуулчлалын салбарын сэргэлтийг эхлүүлсэн. Үүний дараагаар өөдөө тэмүүлэх буюу “Go Mongolia” гэсэн шинэчилсэн уриаг дэлхийд гаргаж сурталчилсан. Олон улсын олон байгууллагатай хамтарч ажилласан. Гол нь ирсэн жуулчдыг юугаар татах вэ гэдэгт нэлээд төвлөрсөн тул үр дүнд хүрч өнгөрсөн жил анх удаа 650 мянга гаруй жуулчин ирж, 1.4 тэрбум ам.долларын орлого олсон салбар болсон. Цаашид илүү хөгжүүлэх талаар мөрийн хөтөлбөрт тодорхой зүйлүүд тусгасан. Жилд хоёр сая хүртэлх тооны жуулчин авна, ингэхийн тулд агаарын тээвэр, дэд бүтцээ сайжруулах заалтууд мөрийн хөтөлбөрт орсон. Чөлөөт бүсүүдийг байгуулах, дөрвөн улирлын аялал жуулчлалтай болох бодлогыг нэлээд түлхүү баримталж байна. Ажил хэргийн аялал жуулчлал шинэ тутамд хөгжиж байна. Мөн байгалийн аялал жуулчлал ч бий. Контентын буюу соёлын аялал жуулчлалыг хэрэгжүүлээд хоёр жил дараалан нүүдэлчин Монгол наадам хэмээх томоохон наадмыг зохион байгуулсан.
Дараагийн тэрбум долларын салбар бол мал аж ахуй, хөдөө аж ахуй юм. Энэ салбарт “Шинэ хоршоо” хэмээх том хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд 2330 хоршоо 80 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтын зээлээ аваад үйл ажиллагаандаа орсон байна. Хамгийн гол нь энэ салбараас эцсийн бүтээгдэхүүн гарах нь чухал байгаа юм.
Монгол Ардын намын дэргэдэх Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал:

-Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн хамгийн амбицтай заалт нь Монгол Улс Ази тивдээ хүний эрхийн төв болж ийм төвийг байгуулна гэсэн байгаа. Үүнд олон улсын байгууллагуудын дэмжлэг, түүнээс гадна манай иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн салбарт ажилладаг мянга, мянган сайн дурын идэвхтэн та бүхний маань хамтын ажиллагаа дэмжлэг үзүүлнэ гэж хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нэлээд тусгагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнээ, хүүхдээ харж байгаа байнгын асаргаа, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл үе шаттай явсаар ирсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбоотой хүртээмжийн тухай хуулийн төслийг үндсэнд нь боловсруулаад дууссан. Үүнийг батлах том үүргийг дараагийн парламент хүлээнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байнгын асрамжийн төвийг байгуулна, энэ төв цэвэр төрийн санхүүжилт биш төр хувийн хэвшлийн хамтарсан ямар загвар байж болохыг гаргаж хэрэгжүүлнэ. Энэ талаарх хэвшмэл ойлголтуудыг засах, хандлагыг өөрчлөхийг зорино. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхэлж болно, бодлого тодорхойлох үйл явцад оролцож болно, чадна гэдгийг нийгэмд ойлгуулах томоохон ажлыг хийхийг зорьж байна.




Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Дэлхий нийтээр..2024/09/13
Их өгөгдөлд тулгуурлан ажиллах хүчний судалгааг бодитой болгоно
-
Дэлхий нийтээр..2025/06/13
Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүү...
-
Дэлхий нийтээр..2021/12/05
Хүнд суртал, чирэгдлийг арилгах тухай саналыг 1800-1200 дугаарт авч эхэллээ
-
Үйл явдал2025/05/15
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
