Дэлхий нийтээр..
Монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар уулзалт хийв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Солонгосын талтай Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хөндөж ярилцсан.
Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр авах арга хэмжээний тухай” 166 дугаар тогтоолыг 2023 онд баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамны зүгээс болон хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар БНСУ-ын холбогдох яам, байгууллагатай тогтмол уулзалт хийж ирсэн. Үүний үр дүнд манай иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд зарим тодорхой хөнгөлөлтүүдийг солонгосын тал үзүүлж эхэлсэн.
Дээрх ажлын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд нар 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юүтэй Сөүл хотноо албан уулзалт хийж, монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар тодорхой саналуудыг тавьж, санал солилцов.
Тухайлбал, олон удаагийн виз авах шаардлагыг хангасан иргэдийн визийн хүсэлтийн хариуг ЭСЯ-наас 7-14 хоногт багтаан өгөх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, хил дээрээс буцааж байгаа монгол иргэдийн тоог эрс багасгах, БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг өршөөлийн аянд хамруулан нутаг буцаах, аяны хүрээнд тус улсыг сайн дураар орхин гарсан иргэдэд дахин виз мэдүүлж, хууль ёсоор зорчиж болно гэсэн баталгааг гаргаж өгөх зэрэг асуудлаар санал солилцов.
БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юү манай талын дээрх саналуудыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн виз олголтыг богино хугацаанд шийдвэрлэх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, тодорхой, бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Мөн БНСУ-д зорчиж буй монгол иргэдэд шаардлагатай зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэх, тус улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх хамтарсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохирлоо.
Ташрамд дурдахад, БНСУ-д байгаа 54000 гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа нь манай улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой шийдвэр гаргахад томоохон сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Иймд, БНСУ-д хууль бусаар оршин суухын сөрөг нөлөөг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг хоёр тал хамтран зохион байгуулсны үр дүнд 2023 онд 20000 гаруй монгол иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол энэ тоо 2024 оны 1 дүгээр сарын байдлаар 18000 гаруй болж буурсан байна. Энэ нь хоёр талын хамтын ажиллагааны бодит үр дүн юм гэж ГИХГ-аас мэдээллээ.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2024/09/17
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгууламж барина
-
Дэлхий нийтээр..2020/12/30
Архангай аймгийн Батцэнгэл сум дахь "Ковид-19" халдварын голомт хаагдл...
-
Дэлхий нийтээр..2024/09/12
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурчээ
-
Дэлхий нийтээр..2024/10/09
Таван шараас Чингис хаан Олон улсын нисэх буудал хүртэл иргэдэд үйлчилж эхэллээ
