Дэлхий нийтээр..
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах эцсийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах юм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон бусад холбогдох албаныхан байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагынхантай уулзлаа. Энэ хүрээнд байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарц, шийдлийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын үеэр Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар танилцууллаа.

Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ-аар батлуулаад байна. Улаанбаатар хотын агаар, орчин, хөрсний бохирдол, хог хаягдал болон тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах юм. Ингэхдээ нийслэлд зургаан дэд төв байгуулж, газар чөлөөлөлт хийн, эхний ээлжид ирэх онд Сэлбэ, Баянхошуу дэд төвд 18 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Тэрчлэн нийслэлд бүртгэлтэй 720 мянган автомашины тоог нэмэхгүй. Мөн богино хугацаандаа агаарын чанарыг сайжруулах, бүсийн яндангийн тоог бууруулах хүрээнд 20 мянган цахилгаан халаагуурын тендерийг зарлах гэж байна. Цаашид эрчим хүчний чадлыг нэмэгдүүлбэл 100 мянган айлыг ч цахилгаан халаагуурт шилжүүлэх боломжтой. Энэ мэтчилэн тус хуулиар нийтийн тээврийн хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын хөдөлгөөний түгжрэл, агаар, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” хэмээв.

Уулзалтад оролцсон төлөөллүүд агаар, орчны бохирдлыг бууруулж, байгаль орчныг хамгаалахын тулд
- Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээл олгож, гадаадын зээл тусламжид хамруулах
- Цахилгаан машины хэрэглээг дэмжих
- Нүхэн жорлонг үгүй болгох
- Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг импортын болон гаалийн татвараас чөлөөлөх
- Иргэдэд хог хаягдлын талаарх боловсрол олгох, үүнийг хууль журамд тусгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
- Ус, хөрс, агаарын бохирдлын бүх судалгааны дүнг нэгтгэсэн сантай байж, эх сурвалж болгох зэрэг саналыг дэвшүүлж байлаа.

Түүнчлэн эдгээр саналтай холбоотойгоор хэрэгжиж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдэд ч мөн тусгана гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Х.Нямбаатар нар илэрхийлсэн юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаарх мэдээлэлтэй хавсралтаас танилцана уу.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
