Үйл явдал
Шуурхай ажлын хэсгүүд авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна
2024 оны 02-р сарын 19-ны өдрийн 15:30 цагийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.
Үүнд:
-“Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн автозамын 311-318 км-т замын хөвөө рүү шуурч хунгарласан цасыг зам хариуцагч авто ачигчаар цэвэрлэх, шуурхай ажлын хэсгийнхэн 285-290 дэх км-т гараар цас цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна.
-“Булган АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0901 дугаартай Дашинчилэн-Булган чиглэлийн автозамын халтиргаа үүссэн хэсэгт давс цацах, А0902 дугаартай #Булган_Мөрөн чиглэлийн автозамын 97км-т халиа тошин үүссэн хэсэгт хоолойн оролт гаралт болон хажуугийн шуудууны мөсийг экскаватороор цэврлэх зэрэг ажлууд хийгдэж байна.
-“Завхан АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлийн 518 км-т хатуу хучилттай авто замд шуурч хунгарласан цасыг авто ачигчаар хусалт хийж цэвэрлэх, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замын 490-500км, 478-479км зорчих хэсэгт хунгарлаж тогтсон цасыг автогрейдреер хусах, А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэд-Нөмрөг чиглэлийн Солонготын давааны 252-253км, 259-260 км, 256-257 дахь км-т хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг цас буудагч машинаар буудуулах, 254-256 дахь км-д шороон болон үнсэн цацлага хийх зэрэг ажлуудыг хийж байна.
-“Архангай АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замд зурвас газрын цэвэрлэгээ сэг зэм цэвэрлэх ажил хийгдэж байна.
-“Төв АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучиллттай авто замын 24,3-80 км-т хөвөө болон зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг ачиг , автогрейдер, цас буудагчаар цэвэрлэж байна.
-"Дорнод авто зам" ХК-ийн хариуцдаг А21 дугаартай Чойбалсан-Баян-Уул чиглэлийн хайрган хучилттай авто замд 00-35 км-н хооронд зорчих хэсэгт хунгарлаж тогтсон цасыг хусаж цэвэрлэх ажил хийгдэж байна.
-“Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0301дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 120-284 км-т замын үзлэг хийгдсэн. авто замын зочих хэсэг дээр тогтсон цасыг авто ачигчаар цэвэрлэх ажил хийгдэж байна. МАЗ -аар халтиргаа гулгаа үүссэн хэсгүүдэд давс цацах ажил хийгдэж байна.
-“Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн шуурхай ажлын хэсэг бэлэн техникүүдэд засвар үйлчилгээ хийгдэж байна. А0301 дугаартай замын км 40-60 хооронд халтиргаатай байгаа тул давс цацаж байна. А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлд үүлэрхэг зам даваа хэсэгчилсэн халтиргаа үүссэн 129-132 км хооронд давс цацах ажил хийгдэж байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд ажиллаж байна
-“Ховд АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд зам өргөтгөж цас зайлуулах, цэвэрлэх ажил хийгдэж байна. Цасны 2 машин Улсын хил хүртэл замын цас түрэх ажил хийгдэж байна. Уртасгасан цагаар ажиллаж байна.
-А1701 Дугаартай Ховд-Улаангом чиглэл пк 21-23 дахь км т халиа тошин ихэссэж хиймэл даланг өдөр бүр өндөрлөж, бусад арга хэмжээг авч ажиллаж байна.
-“Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлд 40-49 км хооронд цас цэвэрлэх ажил хийгдэж бна. 50-55 км хооронд давс цацах ажил хийгдэж байна.
-"Жол" ХХК-ийн хариуцдаг А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн Улаанбайшинт өлгийгээс 94-99,3 км-т замын цасыг цэвэрлэх ажил хийгдэж байна.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Үйл явдал
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий. Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хэн бүрийг дэмжих бодлого, үйл ажиллагаа анх удаа ирэх оны төсөв, энэ жилийн төсвийн тодотголоор биеллээ олно. Засгийн газар худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсон.

Мөн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар нь хөдөө аж ахуй.
Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Мөн анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө, мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлж зорилтот бүлэгтээ хүргэнэ. Бидний дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаа амьдралд биеллээ олох эсэхийг төсөв батлагдсаны дараа ард түмэн шүүн тунгаана” гэлээ.

21 дэх жилдээ болж буй энэхүү өргөтгөсөн худалдаанд нийслэл, 21 аймаг, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.
“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.
Үйл явдал
Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Нийслэлийн ногоон бүсээс суурьшлын бүс рүү энэ оны наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай нэвтэрсэн гэх дуудлага анх бүртгэгджээ. Үүнээс хойш “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньдаас зарим зүйлийг тодрууллаа.
Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньд "ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 2022-2024 онд хийсэн автомат камерын судалгаагаар нийслэлийн ногоон бүсийн Сэлбийн голын эх, Улиастайн голын эхээр тус бүр нэг баавгай суурьшиж байгаа нь батлагдсан байдаг. 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг, нийт дөрвөн удаа баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн. Энэ онд наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага анх бүртгэгдсэн. Энэ үед иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж эхэлсэн. Дараа нь наймдугаар сарын 30-нд “Богдхан ууланд баавгай байна” гэсэн дуудлага ирсэн. Он гарсаар “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс ойролцоогоор 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан.
Баавгай 25-30 км зайд хоол тэжээлийг үнэрлэж олдог амьтан. Иймд иргэд гэр орон, өвөлжөө, хаваржааны ойр байх малын сэг зэмийг холдуулах, булах, хадлан тэжээл бэлтгэж, жимс түүж хөдөө, орон нутагт явж байгаа иргэд хоолны хог хаягдлыг холдуулах, битүүмж сайтай байлгах, аль болох ойтой газраар аялахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Баавгай аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн үед ичдэг байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайг суурьшлын бүсээс гаргаж, холдуулах арга хэмжээг авдаг. Энэ чиглэлээр мэргэжлийн 2-3 хүнтэй баг байнга ажиллаж байна. Хэрвээ иргэд суурьшлын бүсэд баавгай харвал нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303, нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 1131-0005 дугаарт яаралтай залгаж, мэдэгдээрэй.
Үйл явдал
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
