Дэлхий нийтээр..
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслүүд өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Эдгээрээс 3 нь цахим нотлох баримтыг үнэлэх, техник технологийн дэвшлийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэвтрүүлэх замаар иргэн, хуулийн этгээдийн Үндсэн хуулиар баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлэх боломж нэмэгдүүлэх буюу шүүхийн хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэгдэж байжээ. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн хөдөлгөөний менежментийн шинэ зарчмыг суулгаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн төрөл, онцлогоос шалтгаалан удирдлагын ялгаатай зарчим үйлчилж байгаа аж. Тухайлбал, сүүлийн үеийн олон улсын байгууллагын болон холбогдох эрдэмтдийн судалгаа үзэхэд, дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч буй нэг төрөл нь бага үнийн дүн бүхий иргэний хэргийг удирдах ажиллагаа байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, тэр хэрээр хэргийн оролцогчийн эрх зөрчигдөн шүүхэд хандах замаар эрхээ сэргээлгэх нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд бодит байдал дээр хохиролтой болж төгсдөг олон жишээ дурдах боломжтой.
Иймд харьцангуй тодорхой эрх зүйн маргаанаас үүдэлтэй, бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн онцлогт тохирсон нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх ажиллагааг хялбаршуулж, энгийн болгосон, давж заалдах, хяналтын журмаар хандах хугацааг богиносгох замаар шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тусгайлсан төрлийг бий болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэдэд хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшлүүлэхээр хэргийн онцлогт тохирсон, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан зохицуулалт бий болгохоор төслийг боловсруулжээ. Шаардсан мөнгөн дүнгээсээ их хэмжээний зардал үүсгэн хэт урт хугацаагаар шүүхээр маргахаас халширч, шүүхийн үйлчилгээг авахаас татгалзах явдлыг багасгахын зэрэгцээ нэгэнт шүүхэд хянан шийдвэрлэх процесс эхлүүлсэн иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд шударгаар сэргээх боломж нэмэгдэх юм байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Иргэний Болон Улс Төрийн Эрхийн Тухай Олон Улсын Пакт болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдпын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэлд тусгасан дүгнэлт, зөвлөмжид нийцүүлж, Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ.
Сүүлийн 3 жилийн байдлаар судалж үзэхэд сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж байгаа гэх дүгнэлт гарсан бөгөөд Монгол Улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна хэмээн дүгнэхэд хүрсэн аж.
Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулах, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн дээрх практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ.
Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах журам, тухайлбал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон сунгах хугацааг багасгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгохоор холбогдох өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан байна.
Мөн сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Сонгуулийн хэргийг хянан шийдвэрлэх харьяаллыг цагдаагийн байгууллагад хамааруулах, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс зарим хэргийг хасахаах хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхэд шууд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг нэмэгдүүлэх, уг арга хэмжээнд тавих техникийн хяналтыг сайжруулах явдал бөгөөд энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой нэмэлтийг дагалдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл арилж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилсан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болсноор хүний эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшилнэ.Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах” эрх улам бүр баталгаажна хэмээн төслийг өргөн мэдүүлэх үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
