Дэлхий нийтээр..
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр дулааны станц болон шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Баянхонгор суманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны тавдугаар сард ажил нь эхэлсэн, 2024 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.

Хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “МЭЗ” ХХК ажиллаж байна.
Ерөнхий сайд дараа нь Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсэд байгуулж буй зарим бүтээн байгуулалттай танилцлаа. Мах, ногооны зоорийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусна.
Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тн-ын зоорь ашиглалтад орсноор Баянхонгор аймгийн газар тариалан эрхлэгч болон малчид зориулалтын стандарт агуулахтай болж тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана.
Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45529 тэмээ тоолуулжээ. Үүнээс 17457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна. Аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахад тус аймгийн удирдлага Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ.
Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж байна. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
