Хэн юу хэлэв...
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болно
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулна.
Энэхүү уулзалт нь жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, түүний дотор охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг гадаад бодлогодоо тусган хэрэгжүүлснээр хүний эрх, эрх чөлөө, адил тэгш боломжоор хангасан тогтвортой нийгмийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоотой байснаар гарах эерэг үр нөлөөг таниулах зорилготой юм.
Уулзалтыг зохион байгуулахад ХБНГУ, БНФУ дэмжин хамтран ажиллаж, уг арга хэмжээнд дэлхийн бүх бус нутгийн 15 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.
Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, “Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг гаргана.
Жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, баталгаажуулах асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, дотоод болон гадаад бодлого, үйл ажиллагааныхаа нэг цөм болгон хэрэгжүүлдэг Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга нь дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй энэ цаг үед олон улсын харилцаанд эе эвийг эрхэмлэсэн түншлэл, хамтын ажиллагаа, бүх нийтийн сайн сайханд чиглэсэн феминист гадаад бодлогыг урагшлуулахад бодит хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Дэлхий нийтээр..2020/01/30
ЗАСГИЙН ГАЗАР: Цэцэрлэг болон ЕБС-ийн хичээлийг телевизээр заана
-
Дэлхий нийтээр..2024/06/03
2024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
-
Дэлхий нийтээр..2025/07/22
Хууль бусаар мод болон байгалийн ургамал бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Дэлхий нийтээр..2023/07/27
Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл болжээ
