Үйл явдал
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
-Уламжлалт анагаах ухаанд харшлыг хэрхэн авч үздэг вэ?
-Харшлын өвчин нь цус, шар усны эмгэг өвчлөл юм. 1990 оноос хойш дэлхий нийтээр харшил гэж өвчинд нэрвэгдчихээд байна. Энэ нь юун түрүүнд бидний хэрэглэж байгаа хоол хүнс, түүний бүтцэд харшил үүсгэгч байгаатай холбоотой. Бас химийн эм тарианд их хордож байна. Орчин үед гарч байгаа химийн эм тарианд их учир бий. Эдгээр нь цус, шар усыг гэмтээчихэж байгаа юм. Хооллолт дээр анхаарахгүй байгаагаас бага насны хүүхдүүд их өртөж байна. Нялх нярай хүүхдүүд сүүн тэжээлээсээ л харшилж байна шүү дээ. Маш харамсалтай. Энэ нь нөгөө талаар хөхөөрөө хооллох шаардлагатайг харуулж байна.
Эдгээр харшил үүсгэгч нь хүний биед ямар нөлөө үзүүлж байна гэхээр хоол боловсруулах замын эрхтэн систем, ялангуяа элэг, цөс, дэлүүтэй холбоотойгоор шар усны эмгэгийг үүсгэдэг.
Хүний биед шар ус түгээмэл оршиж байдаг. Элгэнд тунгалаг цөвийн боловсролт явагдаад түүний цөв нь цөс болж байгаа юм. Цөс нь ахиж боловсроод цөв нь сувгаараа гадагшилж, шим нь биеэ шар усаар тэжээж байдаг. Тиймээс элэг, цөс, дэлүү зэрэг эрхтэнүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор шар ус хямарч байна. Арьсаар тархсан шар ус арьсанд болоод мах булчинд шар усны эмгэгийг бий болгож байгаа юм.
-Харшлын үед ямар эмчилгээ хийдэг вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Орчин үеийн эмчилгээний зарчим бол юунд харшилтай байна гэж сорил тавиад тийм зүйлээс харшилтай, түүнээс зайлсхий гэдэг гол зарчимтай байна. Хүмүүс энгийн хэрэглээний зүйлд их харшилтай болж байна. Нэг юмнаас харшилдаг байсан бол хоёр юмнаас харшлаад тэгээд цаашлаад маш олон зүйлээс харшилдаг болчихдог. Бүх ногоон жимс ногооноос харшилдаг хүн ч байна. Тийм учраас бид хоол ундандаа анхаарахаас гадна өөрийнхөө дотоод шар усны эмгэг дээр анхаарах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны хувьд шар усны эмгэгийг нь илааршуулах хэрэгтэй гэж үздэг. Бид бас азтай байна. Ямар ч химийн найрлагагүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн эм тан байна шүү дээ. Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээний зарчим барьж эмчилдэг.
-Эмчилгээний үр дүн ямар байна вэ?
-Бид 20, 30 жил харшилтай хүмүүсийг үзэж эмчилж байна. Үр дүн сайн байна. Гэхдээ харшил гэдэг бодисын солилцооны нэлээн гүнзгий түвшинд хямарчихсан байгаа учраас эмчилгээг залхууралгүй уйгагүй хийх хэрэгтэй. Манай хүүхэд төрөхдөө олон эм тариа хийлгэснээс болж харшилтай болсон. Харшлын эмнэлгээр яваад аргаа барсан. Өөрөө эмчлээд 20 гаран жил болж байна. Хүү маань жимс идэж чаддаггүй байсан, одоо бүх төрлийн жимс идэх боломжтой болсон.
-Нэг харшилтай хүн өөр юмнаас харшлаад байх магадлалтай гэдэг. Уламжлалтаар эмчлүүлбэл өөр зүйлээс харшлахгүй байх боломжтой юу?
-Уламжлалтаар суурийг нь эмчилж байгаа учраас ямар ч зүйлд харшлахгүй байх боломжтой. Бүх харшлаас сэргийлэх боломжтой.
-Ургамлын харшилтай хүмүүс тан уухаар харшилчих гээд байдаг, хэрэглэж болохгүй гэж яриад байдаг. Ийм зүйл практик дээр байдаг болов уу?
-Ургамлын харшилтай хүмүүс ургамлын эмнээс харшилна гээд шууд автоматаар ойлгоод байдаг. Харшилтай хүнд харшил өгдөг жорууд бий. Гэхдээ шар усны эмгэгийг нь эмчлэх, цөсний үйл ажиллагааг нь сайжруулах харшил өгөхгүй эм тан бий шүү дээ. Харшилтай хүнд харшлахгүй жоруудыг л өгнө. Тиймээс уламжлалтын мэргэжлийн эмчид хандаж, эм, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Нялх хүүхдэд өгсөн антибиотик ходоодны бактерт нь нөлөөлж, өсөлтийн явцад нь харшлын гол эх үүсвэр болдог гэсэн дүгнэлтийг хэсэг эрдэмтэд хийжээ. Энэхүү судалгааны тайлан JAMA Pediatrics анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байсан. Сүүлийн үед бага насны хүүхдүүд, бүр том хүмүүс хүртэл ханиаднаас ханиадны хооронд л байна шүү дээ. Тэгэхээр таны хэлсэнчлэн эм тарианаас их харшилж байна. Үүнээс яаж сэргийлэх вэ?
-Хүүхдүүддээ ханиад хүрэнгүүт нь шууд л антибиотик өгөөд, түүндээ дасал болоод, эцэстээ харшилж байна. Антибиотик хэрэгтэй үедээ хэрэгтэй. Гэхдээ бүх ханиаданд антибиотик хэрэггүй. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс татгалзах хэрэгтэй. Миний хувьд би уламжлалт анагаах ухааны их эмч. Өөрөө антибиотик хэрэглэдэггүй, зөвлөдөггүй. Бүх төрлийн ханиад, амьсгалын замын эрхтэн системийн бүхий л өвчнүүдийг уламжлалтаар эмчлээд эдгээгээд болоод л байна.
Дээрээс нь энэ байнгын ханиадны эргэлтэд байна гэдэг нь хүмүүсийн бие махбод их сул, тамир дорой байна гэсэн үг. Тамир нь барагдчихсан учраас өвчин нь эдгэрч өгөхгүй, суурь хямрал нь байгаад л байна. Хүмүүс бие махбодоо их цуцааж байна. Цуцталаа ажил хийгээд байна уу, эсвэл дэмий зүйлд энергиэ зарцуулаад байна уу. Ялангуяа сэтгэлээ их цуцааж байна. Сэтгэлийн дархлаа муутай, их гутрамтай болжээ. Бие, сэтгэлийн дархлаа муу байгаа учраас их ядарч, цуцаж байна. Үүнийг амьдралын зөв хэмнэлээр л эдгээнэ шүү дээ. Тиймээс идэвхтэй байж, дотоод эрч хүчээр галын илчээ тэтгэх хэрэгтэй. Аливаа өвчнийг эдгээхэд сэтгэлийн дархлаа, эрч хүч их нөлөөлнө.
-Ярилцсанд баярлалаа.
Үйл явдал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
Үйл явдал
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Үйл явдал
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна. Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.







