Хэн юу хэлэв...
Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурчдыг бэлтгэнэ
Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт бэлтгэж буй мэргэжлүүдээс гагнуурын чиглэлээр анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий сургалтыг явуулах боломжийг бүрдүүлэх нэгэн шинэ төсөл энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ.
ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих developpp.de хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Хасу Мегаватт” ХХК болон ХБНГУ-ын Шахтбау Нордхаусэн ХХК, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлэх “Төр, хувийн хэвшил стратегийн түншлэл гагнуурын мэргэжлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх” төслийн нээлтэд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ёорн Розенберг, Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлйин боловсрол, сургалт” төслийн удирдагч Беате Диппмар, “Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш нарын төр болон хувийн хэвшил, хамтран ажиллагч олон улсын донор байгууллагын төлөөлөл оролцлоо.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Монгол Улсын мэрэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй ХБНГУ-д талархал илэрхийлээд шинээр хэрэгжиж эхлэх гэж буй төслийн талаар “Төсөл хэрэгжсэнээр гагнуурын мэргэжлийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий мэргэжлийн боловсрол, сургалтыг бий болгож, Монгол Улсын хэмжээнд бэлтгэгдэж буй гагнуурын мэргэжлийн дадлага, сургалтын чанар, агуулга, үнэлгээ, аттестатчиллын системийг төгөлдөржүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх өндөр ур чадвартай гагнуурчны эрэлт хэрэгцээг хангаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурын мэргэжлийн анхан болон ахисан шатны боловсрол эзэмшүүлэх сургалтын тогтолцоог үе шаттайгаар хөгжүүлэх боломж бүрдэж буй юм. Үүний үр дүнд ажилгүйдлийн түвшинг бууруулж, дундаж орлогыг нэмэгдүүлэх боломжтой” хэмээсэн.

2021 оны аравдугаар сар хүртэл хэрэжих уг төслийн хүрээнд гагнуурын олон улсын стандарт болох ISO 9606 ff – г Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт нэвтрүүлж, багш, үнэлгээний ажилтныг бэлтгэж, цаашлаад ISO-гаар баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй монгол гагнуурчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд “Хасу Мегаватт” ХХК-ийн харьяа Герман-Монголын МСҮТ болон “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн гагнуурын дадлагын газар, cургалтын цехүүдийг тохижуулан тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Мөн хүлээн зөвшөөрөгдсөн тестийн журмыг Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв болон Германы гагнуурын холбоотой хамтран бий болгох юм байна.

Төсөлд мөн Өмнөговь политехник коллеж хамрагдах бөгөөд тус коллеж ХБНГУ, Австралийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Өмнөговь аймаг дахь Политехник коллежид хэрэгжиж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд гагнуурын мэргэжлээр төрөлжиж буй юм.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2021/03/05
У.Хүрэлсүх: 100 жилийн өмнө тээвэр хийх автомашингүй, 19-хөн чиглэлийн шороон з...
-
Дэлхий нийтээр..2024/06/18
Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хян...
-
Үйл явдал2021/04/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/04/11
НББХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
