Тод индэр
Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-той олон асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ

Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж буй. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-СӨХ-ны тухай хуулийг шинэчлэн найруулах үндэслэл, шалтгаан юу вэ?
-СӨХ-ны үйл ажиллагааг одоо зохицуулж буй хууль 2003 онд батлагдсан. Энэ хуулийн зохицуулалтууд нь нэлээд ерөнхий. Өөрөөр хэлбэл, өнөөдөр СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахгүй байгаа юм. Сайн ажиллаж буй СӨХ-д мэдээж бий. Гэхдээ иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчныг бүрдүүлэх, хүний өмч болсон орон сууцны үнэ цэнийг алдагдуулахгүй байх тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаа олон тохиолдол байна. Тухайлбал, Улаанбаатарт байгаа 1400 гаруй СӨХ-ны 307 нь л орчныхоо газар ашиглах гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан.
Бусад нь хийх ёстой ажлаа хийхгүй орхигдуулж, хайнга хандаж байна гэсэн үг. Гэтэл хотын оршин суугчдын хувьд хамгийн их тулгамддаг асуудлын нэг бол орчны газрын тохижилт, тоглоомын талбай, ашиглалт юм. Тийм учраас сууц өмчлөгч иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах, СӨХ-дод тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл, дүүргийн зүгээс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг хуулийг шинэчлэн найруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Бид хуулийн төсөл боловсруулах ажилд СӨХ-д болон оршин суугчдын оролцоог сайн хангаж, саналыг авч, идэвхтэй, хурдтай, нямбай хамтарч ажиллана.
-СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тулгамддаг нийтлэг асуудал юу вэ?
-СӨХ оршин суугчдын төлж буй төлбөрийг хэрхэн, юунд зарцуулж байгаа нь ил тод, нээлттэй бус байх, тохижилт, засвар, үйлчилгээг хангалтгүй гүйцэтгэхгүй, тогтвортой ажиллахгүй байх, төлбөрөө хугацаандаа бүрэн дүүрэн авч чадахгүй байх зэрэг асуудал байна. Үйл ажиллагаа нь тогтвортой, ил тод бус, хангалтгүй байгаа нь олон оршин суугчид төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй байхад нөлөөлж байгаа.
Мөн барилгын компаниуд СӨХ-г оршин суугчдад хүлээлгэн өгөхгүй байх, оршин суугчдын төлсөн төлбөрийг зориулалт бусаар зарцуулсан тохиолдол гарч байна. Ажлаа хангалтгүй гүйцэтгэж буй СӨХ-ны удирдлагад хариуцлага тооцох, хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа тохиолдолд тавих хяналт, хариуцлагыг ч тодорхой, боловсронгуй болгох шаардлага байна. Түүнчлэн дундын өмчийн эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж буй СӨХ хуулийн этгээдийн эрхгүй, статус нь тодорхой бус байгаа нь олон асуудлыг шийдвэрлэхэд саад болж байгаа. СӨХ үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй тайлагнах, хурлаа оновчтой аргаар шуурхай зохион байгуулдаг болох шаардлага бий.
-Хуулийн төсөл боловсруулах хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Юун түрүүнд СӨХ-ны үйл ажиллагаанд тулгардаг асуудал, бэрхшээл, алдаа, дутагдал, шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор ажиллана. Энэ хүрээнд СӨХ-д болон оршин суугч, иргэдийн саналыг авч, гадаад улс, хотуудын сайн жишгийг судална. Хуулийн төсөлд иргэд, олон нийт болон холбогдох талуудын саналыг www.ulaanbaatar.mn цахим хуудсаар хүлээн авна. СӨХ-дод тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлгүүдийг ирэх долоо хоногоос зохион байгуулж эхэлнэ.
-Хуулийг шинэчлэн найруулснаар ямар өөрчлөлт, давуу тал бий болох вэ?
-Товчхондоо, иргэд, оршин суугчдад тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Хуулийн зохицуулалт тодорхой болоод ирэхээр нийслэл, дүүргийн зүгээс СӨХ-той хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Нөгөө талаас, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, СӨХ-ныхоо үйл ажиллагаанд хяналт тавихад ахиц гарна гэж харж байна. Тухайлбал, төлбөрөө удаан хугацаанд төлөөгүй оршин суугчдад авах арга хэмжээ, хариуцлага тодорхой болно. Хариуцсан ажлаа зохих ёсоор хийгээгүй, үүргээ биелүүлээгүй СӨХ-ны удирдлагад хэн, ямар хариуцлага тооцох, СӨХ-ны үйл ажиллагаанд технологийн шийдлийг ашиглах зохицуулалт ч энэ хуулиар бий болох юм. Орон сууцны барилгын элэгдлийг багасгах, өнгө үзэмжийг сайжруулах, ирээдүйд бий болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор хуримтлал үүсгэх, түүний удирдлага, менежментийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал ч чухал. Тэгэхээр тодорхойгүй, шийдэлгүй байгаа энэ мэт олон нөхцөл байдлыг зохицуулах заалтуудыг хуульд шинээр тусгах ажил одоо эхэлж байна.
Тод индэр
Б.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр өгөөжийг авчирна
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөж, түгжрэлийг бууруулах Туулын хурдны зам төслийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тус төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас зарим зүйлийг тодруулж, ярилцлаа.
-Монгол Улсад анх удаа хот доторх Туулын хурдны замын хэмжээний томоохон авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Аливаа ажлын эхлэх хүртэлх зам хамгийн урт гэдэг. Туулын хурдны замыг барьснаар яг ямар үр дүн гарах юм бэ?
-Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулж, Хонгконгийн ““ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээний хэлэлцээрт ороход бэлэн болоод байна. Ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын эхээр авто замын ажлыг эхлүүлнэ. Туулын хурдны замын тендер сонгон шалгаруулалтыг 2025 оны нэгдүгээр сард зарлаж, ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах, замын трассын бодит судалгаа, олон улсын туршлага судлах, газар чөлөөлөх зэргээр бэлтгэл ажлууд хийгдэж ирлээ. Нийслэл 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, хотод хамгийн их тулгамдаад байгаа түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүч зэрэг асуудлыг шийдвэрлэхээр 24 мега төслийг гараанаас гаргаж байгаагийн нэг нь Туулын хурдны зам. Туулын хурдны зам, Шинэ тойрог замтай хамтаар баригдсанаар түгжрэлд хамгийн өндөр үр дүнгээ үзүүлж, нийтдээ 40 гаруй хувиар түгжрэлийг бууруулна. Энэ бол маш том үр дүн гэж үзэж, хүлээлт өндөр байна.
-Туулын хурдын замын техникийн үзүүлэлтээс товч дурдвал?
-Үндсэн авто замын урт 32 км, үндсэн авто замын эгнээ 6, хоёр түвшний огтлолцол бүхий гарц уулзварыг 7 байршилд шийднэ. Хоорондын зай нь 3-7 км байна. Үндсэн авто замаас гадна холбоос замуудыг барина гэсэн үг. Нийт 9.8 км урт гүүрэн байгууламж, 4 байрлалд туннель барина. Авто замаар дамжих тооцоот хурдыг 80-100 км/цаг гэж тооцоолж байна. Туулын хурдны зам дангаараа замын хөдөлгөөний дундаж хурдыг 13.5 хувиар нэмэгдүүлнэ.
-Байршлын хувьд яг хаанаас хаа хүртэл гэж төсөөлөх вэ?
-Ерөөсөө л хотын зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээ дагаж 32 км тасралтгүй үргэлжилнэ. Дундуур нь 7 орц гарцтай. Олон улсын экспресс зам байдлаар гэрлэн дохиогүй үргэлжилнэ гэж тооцоолж байгаа. Хурдны зам дундуур орц гарцыг шийдэж өгснөөр Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүр зэргээр дамжин өнгөрөх Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг хуваалцаад зогсохгүй одоогийн асуудал болоод байгаа Нисэх, Яармагийн түгжрэлийг арилгана гэж тооцож байна.
-Туулын хурдны замыг хэдий хугацаанд барих вэ. Нэгэнт бариад эхлэх нь тодорхой болсон учраас санхүүжилтийн хувьд л асуудал үүсэхгүй бол барьчих боломжтой санагдаж байна?
-Туулын хурдны замыг богино хугацаанд өндөр үр дүнтэй барьж байж л түгжрэлийг бууруулна. Энэ хүрээндээ бид Улаанбаатар хотын хэмжээнд 2024 онд өмнөх 10 жилийн хугацаанд баригдсан авто замуудаас ч урт авто замыг шинэчилсэн. 2025 онд ч хурдны замтай, олон түвшний огтлолцлол замтай болохын тулд нэгдүгээр түвшний авто замуудын шинэчлэл үргэлжлээд явж байна. Санхүүжилтийн тал дээр барилгын ажил нийт 2.3 наяд төгрөгийн төсөвт өртөгтэй. Нийт өртөгт үндсэн авто зам, гүүр туннель, шугам сүлжээний ажил болон бусад ажлууд багтана. Энэ онд 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Гүйцэтгэгчээ шалгаруулчихлаа. Ажил явуулахад асуудал байхгүй. 2028 оны наймдугаар сард Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн.
-Туулын хурдны замын барилгын ажлыг гүйцэтгэх Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК-ийн талаар хүмүүс их сонирхож байгаа байх. Хэр туршлагатай компани юм бэ?
-Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 4 компаниас шалгарсан нь “ХаоЮань групп” ХХК. Энэ компани нь 2008 онд Хонгконгт бүртгэгдсэн. Инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам гээд олон салбарт бүтээн байгуулалт хийдэг туршлагатай. Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн болон хурдны замын төслүүд хэрэгжүүлж байсан. Хүлээлгэж өгсөн төслүүдээс нь дурдвал, Ангол улс Мозамбикийн төмөр замын төсөл, Ангол улс Луандагийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төмөр замын салбар шугам ба шугамын дагуух таван нэгдсэн төв станцын төсөл, Сербийн 253 км хурдны зам болон E763 хурдны зам, Серби-Унгар-Сербийн төмөр замын төсөл, Казахстан Кама хурдны замын төсөл, Малайзын KKIP баталгаат орон сууцны төсөл, Ангол улсын Онджива хотын усан хангамжийн төсөл, Малайз улсад байгаль орчныг хамгаалах технологи бүхий аюултай хог хаягдлыг боловсруулах иж бүрэн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байсан. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Дотоод, гадаадын олон компани, банк, даатгалын байгууллагатай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд жилд 2 тэрбум ам.долларын үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Туулын хурдны замыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөх бүрэн бололцоотой компани гэж үзэж, шалгуур үзүүлэлтүүдтийг хангасан учраас сонгосон.
-Хотоо тойроод 32 км урт үргэлжлэх хурдны замтай болчихвол мэдээж хэнд ч таатай, жинхэнэ бүтээн байгуулалт болно гэж бодож байна?
-Тэгэлгүй яах вэ. Туулын хурдны замаар түгжрэлийг бууруулаад зогсохгүй шүү дээ. Цаашид энэ хэмжээний бүтээн байгуулалтыг улс орондоо хийж чадах юм байна гэсэн урам зориг ч болно. Тиймээс нийслэлийн удирдлага, баг, хамт олон хичээж ажиллаж, төслөө амжилттай хэрэгжүүлнэ. Туулын хурдны зам түгжрэлийг бууруулахаас гадна эдийн засгийн хувьд ажлын байрыг нэмэгдүүлэх, түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийг нөхөх, эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөөтэй. Жишээлбэл, Улаанбаатар хотын иргэд цаг хугацаа, ажиллах боломж, түлш зэргээ түгжрэлд зарцуулдаг учраас нэг цагт 6500 төгрөг, жилд 3 их наяд төгрөгийг түгжрэлээс болж алддаг байна. Туулын хурдны зам төслөөр энэ алдагдсан боломжийн өртгийг нөхнө. Ингэснээр иргэдийн амьдралын чанар сайжирна. Гол нь стрессгүй амьдарна. “20 минутын хот” төлөвлөлтийг дэмжинэ. Азийн авто замын сүлжээний хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болсноор хотын төвийн агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулна. Олон талын ач холбогдолтой төсөл бол Туулын хурдны зам юм.
Тод индэр
"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
Монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг хөхиүлэн дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Монгол дархан: өв, урлахуй” тусгай үзэсгэлэ2025 оны долоодугаар сарын 04-ний өдөр Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан дэлгэж байгаа онцлогтой.
“Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор болж буй тус үзэсгэлэнд Монгол, Буриадын 60 уран бүтээлч, дархан 138 бүтээлээр үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Ийнхүү ардын, шашны, чимэглэлийн урлал болон чөлөөт уран бүтээл зэрэг дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.
Шилдгийн шилдэг дөрвөн бүтээлч:
- Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” ТББ;
- “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан;
- Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ;
- “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл тус тус шилдгийн шилдгээр шалгарлаа.
Уран бүтээлч Д.Энхдаваа “Би уг үзэсгэлэнд дөрвөн бүтээл дэлгэснээс “Хас Эрдэнэ” гэх бүтээлээрээ шилдэг уран бүтээлч шагналыг хүртлээ. Ган сийлбэрээр урласан уг бүтээлээ орчин цагийн хийцээр алмас эрдэнийн 15 шигтгээ шигтгэн хийсэн. Очир алмас нь тухайн айл гэр, хувь хүний эд хөрөнгийг хамгаалахаас гадна өнө мөнх, өргөн дэлгэр байхыг бэлгэддэг. Мөн хэт хутга нь монгол эр хүний гоёлын нэгэн чухал зүйл бөгөөд үе удамдаа өвлүүлэн үлдээдэг гэдгээрээ эрхэм ач холбогдолтой” хэмээв.
Уран бүтээлч Г.Эвсанаа “Уг үзэсгэлэнд хоёр дахь жилдээ уран бүтээлээ дэлгэж байна. Утсан сүлжмэл, хөөмөл хоёрыг хослуулан XIII-XV зууны үеийн хатдын эдэлж хэрэглэж байсан зүйлсээс санаа аван “Хатан эмээл” хэмээх бүтээлээ туурвисан” гэлээ.
Үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд долоодугаар сарын 4-20-ны өдрүүдэд дэлгэнэ.
Тод индэр
П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан
Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны 09 дүгээр сард байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс хуулийн төслийг боловсруулах явцын талаар тодрууллаа.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй гол зорилго нь юу вэ?
-Хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр Нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээг өсгөж байна. Гэвч үүнийг дагаад цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерээс унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гэмтэлд өртөх, иргэдийн аюулгүй, тайван зорчих эрхэд нөлөөлөх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах явдал ихсэж байна.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 700-800 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик мэдээлэл бий. Үүний хажуугаар шинэ тутам гарч ирж буй цахилгаан тээврийн хэрэгслүүд ямар ч зохицуулалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд зайлшгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
-Уг хуулийн төслийг боловсруулахад бусад улсын туршлагыг судалсан уу?
-Манай ажлын хэсэг өнгөрсөн сард Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж, туршлага судлаад ирсэн. Тус улсын байгаль цаг уурын онцлог, түгжрэл, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ зэрэг нь манай улстай төстэй юм билээ. Түүнчлэн цахилгаан скүүтер, цахилгаан дугуйг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа 2023 оны 06 дугаар сард өөрчлөлт оруулж, баталсан гэдгээрээ онцлогтой. Тус хуулиар цахилгаан скүүтер, жижиг цахилгаан тээврийн хэрэгсэл хэмээн тодорхойлсон байдаг. Манай ажлын хэсэг хуулийг боловсруулж батлуулсан салбарын яам тамгын газар, энэ чиглэлд бизнес эрхэлдэг компаниудын төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ Астана, Алматы гэх томоохон хотуудад ажилласан. Алматы хотын тухайд авто замын нэгдүгээр эгнээг цахилгаан дугуй, скүүтер, мопедын зам болгож, тусгайлсан гэрлэн дохиотой болгож өгсөн нь сайн шийдэл байсан.
Казахстан улс цахилгаан скүүтерийг 25 км/цагаас хэтрэхгүй, зөвхөн 1 хүн унахад зориулагдсан, суудалгүй, 2 эсвэл 3 дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ гэж тодорхой дурдсан байна билээ. Харин бидний хувьд тус улсын туршлагыг үндэслээд асуудлыг цогцоор нь шийдэх гээд зорьж байна.
-Хуулийн төсөлд орж буй өөрчлөлтийн талаар танилцуулахгүй юу?
-Товчхондоо цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насны хүн жолоодно гэж тусгасан. Мөн эдгээр тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчилна. Цаашлаад цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгана. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинээр тодорхойлох юм.
-Цахилгаан скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хуулийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс аль болох л хууль шаардлагагүй. Бид стандартаа баталчихвал мөрдөөд байж чадна гэдэг байр суурийг илэрхийлсээр байдаг. Гэхдээ хуулиар зохицуулж, хариуцлагажуулж үүрэгжүүлэхээс өөр аргагүй. Хууль баталж байж л бид шаардлага тавьж, хариуцлага нэхнэ. Одоо скүүтер түрээсийн бизнес эрхлэгчидтэй төрийн байгууллагуудын харилцаа нь албан бичиг солилцох хэлбэрээр өрнөж байна. Албан бичиг өгсөн гээд хариуцлага шаардах хууль эрх зүйн үндэслэл үүсэхгүй учраас хэн ч мөрдөж дагахгүй. Хууль баталж байж л хяналт зохицуулалтыг албажуулна. Хүний амь насны асуудал шүү дээ. Тээврийн цагдаагийн албаныхан скүүтер унасан иргэн гэдэг зам дээр хутга бариад гүйж байгаа хүнээс ялгаагүй байна хэмээн тодорхойлж байна. Яг голыг нь олсон тодорхойлолт шиг санагдсан.
-Хуулийн төсөл ямар шатанд явж байна вэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт иргэд, олон нийт, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын 100 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг хуулийн төсөлд тусгасан. Манай ажлын хэсэг тус хуулийн төслийг өнгөрсөн оны 09 дүгээр сараас хойш боловсруулж, үндсэндээ Улсын Их Хурлын намрын чуулганы завсарлагааны хугацаанд төвлөрч ажилласан. Үүний дүнд хуулийн төслийг 2025 оны 03 дугаар сарын 23-нд Улсын Их Хурлын Тамгын газрын d.parliament.mn/ сайтад байршуулж, https://d.parliament.mn/tusul/c618cdf9-42ec-4c4d-875c-8c3e79b93795 олон нийтээс санал авч, /2025.04.15/-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт санал авахаар хүргүүлсэн.
Засгийн газрын ирүүлсэн саналыг хуулийн төсөлд тусгаж эцэслэхээр бэлтгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар бэлтгэж байна.