Дэлхий нийтээр..
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өнөө шөнө Завханы зүүн хэсэг, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны 20 цагаас
2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын 0-5 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс
2023 оны дөрөвдүгээр сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 14-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутаг, 15, 16, 17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-наас ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Үйл явдал2023/08/10
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Дэлхий нийтээр..2020/09/14
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн Халхгол суманд ажиллав
-
Дэлхий нийтээр..2023/05/15
Зарим газрын хэрэглээний халуун усыг хязгаарлана
-
Үйл явдал2024/04/24
Финлянд болон Эстонид байгалийн гамшигт үзэгдэл болжээ
