Тод мэдээ
"Шинэ хөдөө" төсөл Булганчуудад тайлангаа тавив

"Шинэ хөдөө" төслийн тайлант өдөрлөг энэ сарын 27-нд Булган аймгийн Цогтхунтайжийн талбайд боллоо. 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд улсын төсвөөс ердөө 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан уг төсөлд нийтдээ 3200 гаруй айл өрх хамрагдаж, орлогоо нэмэгдүүлэн амьжиргаагаа дээшлүүлсэн байна.
Анх чацаргана хөтөлбөрөөр эхлүүлж байсан "Шинэ хөдөө" төсөл өнөөдөр мал аж ахуйн, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл гээд ЖДҮ-ийг хөгжүүлэх боломжтой бүхий л чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Тайлант өдөрлөгийн үеэр 2019 онд төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй дунд оврын тракторууд, арьс шир боловсруулах тоног төхөөрөмж, сүүний хөргүүртэй чингэлэг, хүлэмж, өндөр ашиг шим бүхий бух, хуц ухна хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болжээ.
Өдөрлөгт төслийн санаачлагч УИХ-ын гишүүн, ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Булган аймгийн удирдлагууд оролцож иргэдэд төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулсан байна.
Тод мэдээ
Явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучиж байна
Явган хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх үүднээс НЗХГ-аас явган замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна. Энэ хүрээнд НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр ”НЗХГ-аас Зайсангийн гудамжны авто зам болон явган хүний замыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран шинэчлээд байна. Тус явган хүний зам өмнө нь 1-1.5 метр өргөнтэй байсныг 4-6 метр болгож өргөсгөж, асфальтбетоноор хучиж шинэчилсэн. Мөн Шадивлан дахь 5.3 км, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хоёр талын 1.6 км, Их Монгол Улсын гудамжны 1.8 км явган хүний замыг асфальт бетоноор шинэчилсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нярай хүүхэдтэй эцэг, эхчүүд, дугуй, мопедтой иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байна. Мөн Элчингийн гудамж, Токиогийн гудамж, Хатанбаатар Магсаржавын гудамж зэрэг байршилд явган хүний зам шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэлээ.
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Хүртээмжийн үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс “Асфальт бетоноор шинэчлэл хийснээр зам нь нэг түвшинд болж, тэргэнцэртэй иргэд явахад илүү хүртээмжтэй болсон байна. Үүнээс гадна явган хүний зам, авто замын огтлолцол хэсгийн стандарт, хараагүй иргэдийн хөтөч хавтангийн товрууны стандарт зэргийг хангаж ажиллахад Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос уялдаатай ажиллаж байна. Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн холбооны төлөөлөлтэй хамтран шинэчлэгдсэн замуудад өөрсдийн биеэр явж үзэж байна” гэв.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Брайл хэвлэлийн төвийн ажилтан Ц.Отгонбаатар “Явган замын үнэлгээний талаар 2010 оноос хойш оролцож, санал дүгнэлтээ МХҮХ-оор дамжуулан хүргүүлж байна. Үүний үр дүнд жилээс жилд явган замын чанар сайжирч байна. Мөн явган хүний зам дээр машин тавьж, замын чанар алдагдуулах нь хараагүй иргэдийн хүртээмжтэй байдалд хамгийн ихээр нөлөөлдөг. Скүүтер, мопедыг замбараагүй байрлуулах нь мөн хараагүй иргэд зорчиход саад учруулдаг. Тиймд, иргэдийг ухамсартай хандахыг уриалж байна” гэлээ.
Тод мэдээ
Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон 2 настай хүүхдийг нисдэг тэргээр эрэн хайж эхэлжээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэй аврах баг Хөвсгөл аймаг руу нислэг үйлдлээ. Мөн орон нутгаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон дуудлага өчигдөр /2025.09.17/ 16:57 цагт ирсэн.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, ШШГГ, Хүүхдийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.
Тод мэдээ
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна.
Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж.
Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм.
-
Тод мэдээ2019/08/22
Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ
-
Тод мэдээ2024/02/05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 зөрчил бүртгэгдлээ
-
Өнөөдөр2020/11/20
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.11.20-ны 11:...
-
Тод мэдээ2025/01/17
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим си...