Тод мэдээ
2022 оны ургац хураалтын урьдчилсан дүн гарлаа
Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 376.3 мянган га-гаас 417 мянган тонн үр тариа, үүнээс 349.8 мянган га-гаас 393.6 мянган тонн улаанбуудай, 20.0 мянган га-гаас 215.5 мянган тонн төмс, 12.3 мянган га-гаас 146.8 мянган тонн хүнсний ногоо, 61.5 мянган га-гаас 165.2 мянган тонн тэжээлийн ургамал, 124.3 мянган га-гаас 45.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авлаа. Ургацын дүнг өнгөрсөн жилтэй харьцуулахад:
- Төмс 18.7 хувь буюу 34.0 мянган тонн,
- Хүнсний ногооны ургац 23.7 хувь буюу 28.2 мянган тонноор тус тус нэмэгдсэн байна.
Энэ онд аж ахуйн нэгж, иргэд 329.0 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэсний 149.8 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулсан.
Энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 160.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд стратегийн хүнсний улаанбуудайн нөөцөд 24.8 мянган тонныг тус тус авсан бөгөөд зах зээлд нийтдээ 184.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдээд байна.
Тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд дараа оны тариалалтдаа зориулан 48.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд 3.8 мянган тонн үрийн улаанбуудай тус тус нөөцөлсөн бөгөөд тэжээлд 70.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 15.4 мянган тонн буудай нийлүүлэгдсэн.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
Булган аймгийн Дашинчилэн сумын ойд улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Жем интэрнэшнл" ХХК, "Даян" дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Булган хангайн хөгжлийн төлөө сан", "Булганхангай" дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл, Булган аймгийн Сайхан сумын харьяат,"Булганхан" дэвжээний бөх, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.
Наймд улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Д.Алтанцоож нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан улсын заан Д.Амгаад МҮБХ болон нутгийн зөвлөл, удирдлага хамт олон, үе тэнгийн бөхчүүд, ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
Дараагийн барилдаан энэ долоо хоног буюу тавдугаар 16-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
18-нд 13:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
19-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.
Тод мэдээ
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна
“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “32-ын тойрог орчмын газрыг чөлөөлөн төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилга, хот байгуулалтын газар, Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ хамтран боловсруулсан бөгөөд өнөөдөр байршил дээрээ ирэн хаана төлөвлөх талаар зөвшилцлөө. Уг ахуйн үйлчилгээний төвийг барьснаар бидний дэвшүүлээд буй “20 минутын хот” концепц хэрэгжих боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тус төвийн ойр орчимд амьдарч байгаа оршин суугч гэрээсээ 20 минутын зайд худалдаа үйлчилгээ, төрийн болон бусад үйлчилгээг нэг дороос авах боломжийг эрэлхийлж буй юм” гэлээ.
Мөн “Урт цагаан” үйлчилгээний төвд үйлчилгээ эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, шинээр барих гэж буй ахуйн үйлчилгээний төвд ямар төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх талаар зөвшилцсөн талаар онцолж байлаа.
Тод мэдээ
Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ
ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газраас Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах үйл ажиллагаанд шаардлагатай бодис, барааг ОБЕГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцсон юм.
Игавахара Масарү хэлсэн үгэндээ “Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах нь яаралтай хийх ёстой ажлын нэг бөгөөд орон нутагт ажил гүйцэтгэж байгаа ОБЕГ, Мал эмнэлгийн хүрээлэн болон тухайн орон нутгийн бүх албан хаагч, ард иргэдэд хүндэтгэл илэрхийлэхийн хамт Япон улсаас олгож байгаа энэ удаагийн тусламж та бүхэнд бага ч болов тус болоосой хэмээн хүсч байна” гэлээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Энэ жил сүүлийн 50 жилд тохиолдоогүй цасан бүрхүүл тогтож, ихэнх суманд төмөр зудын нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас улсын хэмжээнд 7.4 сая толгой мал хоргодсон бөгөөд өнөөдрийн байдлаар зүй бусаар хоргодсон малын сэг зэмийн 84 хувийг устгах ажлыг зохион байгуулаад байна. Энэхүү ажлыг эрчимжүүлэхэд тусламж үзүүлж байгаад талархалтай байна” хэмээсэн юм.
Харин ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Өнгөрсөн өвөл Монгол улсын ихэнх нутаг зудын гамшигт өртөж, олон иргэд их хэмжээний хохирол амссанд харамсаж байна. Монголын ард иргэд өөрсдийн хүчээ нийлүүлэн хамтран ажиллаж байна. Япон улс ч бас та бүхэнтэй хамтран ажиллах болно” хэмээн дурьдлаа.
Энэ хүрээнд ариутгалын хоёр төрлийн бодис /нэг тонн/, 250 ширхэг автомакс /автомат шүршигч/, 7000 ширхэг халдвар хамгааллын хувцсыг хүлээлгэн өгсөн бөгөөд орон нутагт хуваарилан олгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2022/06/09
Сав баглаа боодлын салбар жилд 150 орчим тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйл...
-
Тод мэдээ2021/12/22
ЭМЯ: Монгол Улсад омикрон илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл
-
Өнөөдөр2020/11/12
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.11.1...
-
Тод мэдээ2020/12/25
Татварын алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Сэтгэгдэл