Тод мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-тай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-тай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо уулзалт хийв.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ш.Абэ-тай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцон хүндэтгэл үзүүлж буйг дурдав. Мөн тэрээр Ш.Абэ агсан нь Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд төдийгүй Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, хоёр улсын харилцааны түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрхэм гэдгээр түүний гэгээн дурсгалыг Монголын ард иргэд үүрд дурсан санах болно гэдгийг тэмдэглэв.
Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улс Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайд Ш.Абэ-тай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв. Мөн тэрээр Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, сайд Б.Батцэцэгтэй хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн хэтийн төлөвийн талаар санал солилцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Уулзалтаар талууд хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход анхаарч, идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Мөн 2022 онд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцож, энэ хүрээнд Монгол, Японы Төр, хувийн хэвшлийн X дугаар зөвлөлдөх уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулахаар санал нэгдэж, хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тогтов.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2020/01/16
АНДОП-ын чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцож байна
-
Өнөөдөр2024/07/18
Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр болно
-
Тод мэдээ2022/08/16
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч байн...
-
Тод зураг2019/12/24
Айл өрхүүдэд хадгалагдаж байсан өнжмөл түүхий нүүрсийг худалдан авч байна