Тод индэр
Xөнгөн галт тэргийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр замын түгжрэл 25 хувиар буурна...

УИХ-ын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулж, "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих" төслийн талаарх мэдээлэл сонсов.
Танилцуулгыг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-ын дарга Ч.Батзориг хийлээ.
Тэрбээр, “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг тавих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид 1 дүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард багтаан эхлүүлэхээр төлөвлөсөн. 1 дүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансрын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ. Харин хоёрдугаар трасс нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5 км, гуравдугаар трасс нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хүртэл 14 км байхаар тооцсон.Одоогийн байдлаар 1 дүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан. Тулгуурт гүүрэн байгууламжийн эхний шугамын төсөвт өртөг нь 926 орчим сая ам.доллар бөгөөд нэг километрийн зардал 51.1 сая ам.доллар байхаар тооцсон. Санхүүжилтийн 15 орчим хувийг нийслэлийн төсвөөс, 85 хувийг БНХАУ-аас авах зээлээр хийнэ. 1 дүгээр шугамын трасс дагуу 15 буудалтай, 110 орчим га газарт бүтээн байгуулалт хийгдэнэ. Төслийн нөлөөлөлд өртсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн. Энэ газарт 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа үйлчилгээний зориулалтын бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд газар чөлөөлөхөд 7.5 орчим тэрбум төгрөг шаардлагатай.
1 дүгээр шугамын трассыг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэг явж эхэлнэ. Туршилтын галт тэрэг зургаан сарын хугацаанд явуулаад 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн. 1 дүгээр шугамын хөнгөн галт тэрэг ашиглалтад орсноор чиглэлийн дагуу түгжрэл 25 хувиар буурна” гэв.
Улаанбаатар хотод бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн тоо 2010 онд 234 мянга байсан бол 2020 онд 616 мянга болж, гурав дахин нэмэгджээ. Хотын нийт өрхийн 72.2 хувь нь автомашин эзэмшиж, улсын нийт авто тээврийн хэрэгслийн талаас илүү хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байна. Гэтэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд авто замын сүлжээний хүчин чадал дөнгөж 19 хувиар нэмэгдсэн.
Мөн замын түгжрэлээс хамаарч нэг хүн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг “зам дээр” өнгөрөөдөг байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн ам 1970 оноос 5.2 дахин, нийтийн тээврээр өдөр тутам тээвэрлэсэн зорчигчийн тоо 3.7 дахин өсжээ.
Нийслэл хотын 2021 оны нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн суусан зорчигчийн тооны 15.6 хувь, буусан зорчигчийн 12.6 хувь, дамжин суусан зорчигчийн тооны 9.1 хувийг Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1 дүгээр шугамын трассын дагуу зорчсон зорчигчид эзэлж байгаа ажээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд, Г.Амартүвшин, С.Бямбацогт, Э.Батшугар, М.Оюунчимэг, С.Одонтуяа нар эдийн засаг болон нийгмийн үр өгөөжийг тооцсон эсэх, хөнгөн галт тэрэгний тасалбарын үнийг хэрхэн тогтоох, ойрын хугацаанд төлөвлөсөн ажлаа эхлүүлэхэд тулгарч буй асуудал, санхүүжилтээс үүдэх ханшийн эрсдэлээс сэргийлэх ямар арга хэмжээг авах талаар тодруулав.
Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан түгжрэлийг бууруулах арга хэмжээг авна. Тулгуурт хөнгөн галт тэрэгний буудал болон зогсоолуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түрээс болон бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжтой байхаар төлөвлөсөн. Тасалбарын үнийг зайнаас хамаарсан буюу эхний таван буудал 700 төгрөг, нэмэлт буудал тутамд 50 төгрөгөөр нэмэгдэхээр тооцсон. Эхлэлийн буудлаас эцсийн буудал хүртэлх тасалбарын үнэ 1200 төгрөг байна. Тасалбарын үнийг таван жил тутамд шинэчлэн тогтоож байхаар урьдчилан тооцоолсон. Галт тэрэг тодорхой цагийн хуваарийн дагуу тогтмол явах бөгөөд нэг ээлжид талдаа 600 орчим зорчигч тээвэрлэх боломжтой. Нийт 15 буудлын 4 буудал нь газраар, 11 нь гүүрэн байна. Хөнгөн галт тэрэгний төсөлтэй хамт нийслэлийн тойрог замуудын төслийг давхар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2.5 жилийн хугацаанд багтаан 1 дүгээр шугамын ажлыг бүрэн хийж гүйцэтгэнэ. Энэ жил депоны барилга угсралт болон хөдлөх бүрэлдэхүүний захиалгаас ажлаа эхэлнэ. Санхүүжилтийн тодорхой хувийг гүйцэтгэгчтэй тохирохын тулд Засгийн газар өрийн баталгаа гаргах асуудал яригдана. Мөн эрчим хүчний хэрэглээнд ачаалал үүсгэх учраас Эрчим хүчний яамтай шийдлийн талаар ярилцаж байгааг албаныхан хариултдаа дурдлаа.
Ингээд Түр хорооноос “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг төслийг дэмжих тухай” тогтоолыг гишүүдийн 71.4 хувийн саналаар баталж, төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг шийдэх, холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар болголоо.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод мэдээ2020/09/16
Хүртээмжтэй боловсролыг дэмжих төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг з...
-
Тод зураг2019/08/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Тод индэр2022/08/25
С.Энхболд: Эрт илрүүлгээр хүүхдүүдийн дунд шүд, томчуудад хоол боловсруулах тогт...
-
Өнөөдөр2021/12/15
УИХ: Байнгын болон түр хорооны хуралдаан болно