Тод мэдээ
Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа

Санхүүгийн зохицуулах хороо нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу мэдээлэх үүрэгтэй этгээдийн тус хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлж, шинжилгээ хийх, зайны хяналтыг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын цар хүрээг тогтоох, эрсдэлд өртөмтгий байдлын үнэлгээг шинэчлэн сайжруулах болон салбарын ерөнхий төвшинг үнэлэх зорилгоор хагас жил тутамд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг тогтмол цахим хэлбэрээр хүлээн авч байгаа билээ.
Гэвч тогтоосон хугацаанд асуулгыг бүрэн бөглөөгүй, бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл өгөх эсвэл асуулгад огт хариулаагүй, зохих мэдээллийг ирүүлэхгүй зэрэг дутагдал гарсаар байгаа нь тухайн этгээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэйд хамаарах үндэслэлийг бий болгож байна.
Энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, өөрийн байгууллагыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс хамгаалахад аливаа мэдээлэх үүрэгтэй этгээдийн удирдлагын идэвх, оролцоо ихээхэн дутагдаж байгаагийн нэг илрэл юм. Иймд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй болон өгөгдсөн үүргийг биелүүлэхээс илт цааргалах, хамтран ажиллахаас татгалзах зэрэг дутагдал гаргаж буй аливаа мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд дор дурдсан хууль тогтоомжид заасан хариуцлагын арга хэмжээг Хорооноос авч хэрэгжүүлэх үндэслэлтэй болохыг анхааруулж байна. Үүнд:
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, үйл ажиллагааны зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргах”,
- Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 11-д “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах талаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”.
Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд Та бүхнийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, түүнтэй холбоотой бусад хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт болон Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үүргийн биелэлтийг чанд мөрдөн ажиллахыг зөвлөж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2025/03/19
Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулсан хоёр боть номын нээлт бол...
-
Тод индэр2020/08/25
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв
-
Тод мэдээ2022/01/04
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана
-
Тод зураг2019/12/18
Хамгийн аюултай 15 амьтан