Тод индэр
Д.Сумъяабазар: Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо. Тус хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ:
-Нийслэл Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар хог хаягдлын гурван төвлөрсөн цэг бий. Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван хогийн цэгт хогийг төвлөрүүлдэг. Нийслэлийн хэмжээнд хог боловсруулах нийт 36 үйлдвэр байгаагаас дөрөв нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад үйл ажиллагаа нь саатсан. Хог боловсруулах үйлдвэрүүд хаягдал мод, үртэс, хөнгөн цагаан, автомашины дугуй зэргийг дахин ашиглах хэмжээний жижиг үйлдвэрлэл явуулж байгаа. Түүнчлэн малын гаралтай хог хаягдал, хайлш, хөдөлгүүрийн тос, картон цаас боловсруулдаг үйлдвэрүүд ч бий.
Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдал дарж булах зардал 2006 оноос өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй, тонн тутамд 85 цент буюу 2080 төгрөг байгаа. Хэрэв хог шатаах үйлдвэртэй болчихвол хог булах хуучин технологийг халаад зогсохгүй хог хаягдлын салбарт шинэ харилцаа үүснэ. Гадаадын улс орнуудад хогийг шатааж устгах үйлдвэртээ асар их хэмжээний төлбөр төлдөг. Тухайлбал, Япон 55 ам.доллар, БНСУ 45 ам.доллар, БНХАУ 35 ам.доллар, ХБНГУ, Австрид 200 еврог төсөвлөж, хог шатаах устгах үйлдвэрүүдийг дэмждэг байна. Тэгэхээр бид цаашид Улаанбаатар хотын хог хаягдлын салбарт зарцуулах хөрөнгө мөнгийг нэмж, шинэ технологийг нэвтрүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Манай улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг булж байгаа. Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой. Эс тэгвээс хойшид булах газаргүй болж байна. Тиймээс бид дээрх газруудад ногоон технологи ашиглаж, ландфиллийн аргаар булах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган өрхөөс гарч буй үнсийг дахин ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх туршилт амжилттай болсон. Үнсийг ашиглан барилгын материал, хөнгөн хийц үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхэд анхаарч, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө санхүү гаргахаас арга байхгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодорхой саналыг боловсруулснаа удахгүй хуралдах НИТХ-ын чуулганд оруулна.
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг 24 Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/ хариуцан ажилладаг. Тэдгээрийн 16 нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллаж буй бол найм нь хувийн хэвшлийнх юм. Өнгөрсөн долоо хоногт бид ТҮК-ийн ажилтнуудтай уулзсан. Тэд тулгамдсан асуудал, жаргал зовлонгоо ний нуугүй ярилцсан.
Улаанбаатарчуудын хувьд хогоо ангилан ялгах соёлд суралцаагүй. Тэгэхээр хотжих соёлд бүрэн суралцаагүй байна гэсэн үг. Гудамжиндаа шүлс нусаа хаядаг, хүнд, хөнгөн бие засдаг, тамхины ишээ цонхоороо гаргаж шиддэг үзэгдэл байж болохгүй. Хотын иргэд бол дүрэм стандартад хашигдаж, хуулиа дагаж мөрддөг байх ёстой. Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. 1, 2 үе бус, 3-5 үе явж байж хотожсон иргэн төлөвшдөг.
Хог тээвэрлэлтэд 24 орчим тэрбум төгрөгийн зардал, ландфиллд хоёр тэрбум төгрөг төлөвлөн зарцуулдаг. Цаашид ийм байдлаар удаан явахгүй. Улаанбаатар хотын хогийн төвлөрсөн цэгүүдэд ландфилл байгуулна. Гэхдээ хойшид булшлахыг болиулж, хог ялгах, боловсруулахад илүүтэй анхаарах юм. Нийт хог хаягдлын 31.8 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг дарж булах орчин үеийн технологийг хэрэгжүүлэх юм. Цаас, хуванцар, металл, шил гэхчлэн ялгах аваас хогийн цэгт хаягдах хогийн хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулах юм хэмээлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод индэр2019/10/10
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна
-
Тод мэдээ2024/09/26
Ц.Баатархүү: Төрд байгаа их өгөгдөлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд о...
-
Тод мэдээ2022/02/10
Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүд
-
Өнөөдөр2024/07/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо...