Тод мэдээ
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ удаад тус аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзан, УИХ-ын сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.

Говь-Алтайчууд баруун бүсдээ сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөгжих бүрэн боломжтой нутаг. Тиймээс МАН бүсчилсэн хөгжлийн хүрээнд баруун бүсийн Говь-Алтай аймагт эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр нарны цахилгаан станц, дулааны станц зэргийг барихаар мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа юм.
Түүнчлэн баруун бүсэд авто зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр, боомтын шинэчлэл, төмөр замын өргөтгөлийг хийхээр тусгайлан тусгасан. Тэр дундаа “Таван тойрог” төслийн хүрээнд Ховдын Мянгад-Завханы Загастайн давааны арын уулзвар хүртэлх 426 км, Алтай-Бургастай чиглэлийн 272 км авто замаас гадна Алтайн нарны, Тосонцэнгэлийн дулааны, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасныг Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан онцлон танилцуулсан бөгөөд Цогт, Цээл сумынхан талархан хүлээн авч буйгаа илэрхийлж байлаа.

Мөн Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт баруун бүсэд Боомтын шинэчлэлийн хүрээнд “Ухаалаг гарц”-ыг бүрэн ашиглалтад оруулах бол төмөр замын өргөтгөлийн хүрээнд Шивээхүрэн-Арц суурь боомтын босоо тэнхлэгийн 725 км, Булган-Хөшөөт-Завхан-борхын голын бэлчирт нийлэх 509 км төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, баруун бүсийн хөгжилд шинэ сэргэлтийг авчрах төдийгүй орон нутгийн иргэдийн амьдралын чанар сайжирч, Говь-Алтай аймаг бүс нутгийн хэмжээнд дэд бүтцээр тэргүүлэх бүрэн боломжтойг Д.Амарбаясгалан дарга танилцууллаа. Бүсчилсэн хөгжлийн реформыг хамтдаа эхлүүлэх гэж буй Говь-Алтай аймгийнхан төрж, өссөн нутаг орондоо илүү сайхан амьдрахын тулд бүсийн хөгжлийг дэмжиж, Монгол Ардын намаас нэр дэвшиж буй “Морьтой аравт”-ыг багаар нь сонгохоо илэрхийллээ.

Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл суманд ажиллах үеэрээ бүсийн хөгжлийг онцлоод эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдтэй болсноор Говь-Алтай аймаг сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөр баруун бүсээс гадна улсдаа тэргүүлдэг болно гэдгийг онцоллоо. Түүнчлэн уулзалтын үеэр иргэдийн зүгээс ирүүлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаарх асуултад хариулахдаа “Шинэ хоршоо бол малчдын өөрсдийн хүсэл зорилго, амьдралаас урган гарсан хөдөлгөөн. Энэ шинэчлэлийг үргэлжлүүлэхгүйгээр алс хязгаар нутгаа сахин хамгаалах эзэнгүй болж, малчин хэмээх 1000 мэргэжлийн эзэн байхгүй болох эрсдэлтэй. Тиймээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж байна” хэмээн тодотголоо. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт 69 хоршоо шинээр байгуулагдаж, хөрөнгө оруулалтын зээлийн хэмжээ 10 тэрбум төгрөг давжээ. Говь-Алтай аймгийн малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, амьдралын чанараа сайжруулах нь зүйтэй гэж үзэх болсноо Д.Амарбаясгалан даргад хэлээд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэхийг дэмжин, баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж буй “Морьтой аравт”-ыг багаар нь дэмжихээ илэрхийллээ.






Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС