Тод индэр
Д.Цэнджав: “Ковид-19”-ийн халдварын дараах эмчилгээг эмчийн заавар, зөвлөгөөгөөр зөв, зохистой хийх хэрэгтэй

Коронавирусний халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэнджав Коронавирусний халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм.
-Коронавирусний халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна. Нэн хүнд, хүнд хүмүүсийг эмчлэх, хөнгөн болон хүндэвтэр хүмүүсийг эмчлэх гэсэн хоёр тусдаа асуудал бий. Нэн хүнд, хүнд өвдсөн, амьсгалын аппаратад орсон хүмүүс эрчимт эмчилгээний тасгаас гараад тухайн төв болон төрөлжсөн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт мэргэжлийн эмчийн хяналтад сэргээн засах эмчилгээг хийлгэх ёстой. Тухайн хүнд сэргээн засах эмчилгээг үзүүлэхдээ ачааллыг тохируулж, дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийлгэх хэрэгтэй. Эрчимт эмчилгээний тасгаас гарсан иргэд амьсгаадах, ядрах тохиолдол их байгаа.
Тиймээс эдгээр хүнийг мэргэжлийн эмчийн хяналтад зургаан минутын алхааны сорил болон бусад сорилоор алхам алхмаар сэргээх ёстой юм. Харин хөнгөн болон хүндэвтэр байдлаар өвдсөн, уушгины хатгалгаагаар хүндрээгүй, гэрээр эмчлэгдсэн иргэд заавал эмнэлгийн байгууллагад сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Дэлхий нийтэд гэр бүл, хамт олноо түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэж бий. Гэр бүл, нийгэмд түшиглэсэн сэргээн засах эмчилгээг зөв зохистой хийхийн тулд НЭМГ-аас телемидциний аргаар эмчлэх байдалд сургая гэж байгаа. Иргэд “Ковид-19”-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж авч байна.
Энэ бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө биш. Иргэд ямар нэг сүлжээний эм, бэлдмэлүүдийг ихээр хэрэглэж байна. Мөн бие биедээ аман зөвлөгөө өгөхөөс гадна дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийж байгаа. Хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучууд дасгал хөдөлгөөнийг эрчимтэй нэмснээс болж сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байна. Сэргээн засах тусламж, үйлчилгээний зааврыг ЭМЯ-наас батална. “Ковид-19”-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар дэлхий нийтэд ч судлагдан, түр заавар гарч байгаа. Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд “Ковид-19”-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийг эмчлэхдээ мэргэжлийн байгууллагын эмч нарын заавар, зөвлөгөөг дагаж, зөв зохистой эмчилгээ хийлгэхийг анхааруулъя гэв.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.