Өнөөдөр
"Атар-4" тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар “Атар-4” аяныг эхлүүлж, шинээр 200 мянган га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ. Атрын I, II аяны хүрээнд эргэлтэд оруулсан 980 орчим мянга га талбайг ашиглаж байна. Тэр үед улсын хүн ам нэг сая гаруй байсан бол одоо 3.5 сая хүн амтай болсон. Ирэх 2040 онд 4 сая болох тооцоо гарч байгаа. Тиймээс хүн ам өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангаж, эрчимжсэн гахай, тахиа, өндөг, сүүний аж ахуйг тэжээлээр хангах, нөгөө талаар байгаль цаг уурын эрсдэлд орж буй нүүдлийн мал аж ахуйгаа тэжээлээр хангахад одоогийн талбай хүрэлцэхгүй байгаа. Иймд Засгийн газраас 200 мянган га талбайг эргэлтэд оруулж, “Атар-4” аяныг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна.
Атрын дөрөвдүгээр аяны гол зорилго нь Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарьж, ургуулж, үйлдвэрлэнэ” хэмээн мэдэгдсэн юм.
Энэхүү аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна.
Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрч эдийн засагт тодорхой өсөлт бий болох юм.
“АТАР-4” аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инноваци, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдлийн менежмент, гадаад худалдаа зэрэг тэргүүлэх чиглэлүүдээр багцлан тариалангийн салбарын хөгжлийг цогцоор нь шинэ шатанд гаргах юм. Үүнд:
- Хөрс хамгааллын чиглэлээр тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулан талбайн хэмжээг 200 мянган га-аар нэмэгдүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулна.
- Төвийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг тэжээл үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлж, таримлын сэлгээнд буурцагт ургамлууд болон хүнс, тэжээл, тосны ашигт таримлыг оруулж, тэжээлийн таримлын дотоодын борлуулалтыг дэмжинэ.
- Тариалангийн орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг дэмжиж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
- Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй болгон малчид, тариаланчдад мэргэжлийн мэдлэг, ур чадварыг орон зай, цаг хугацаа үл харгалзан, тасралтгүй хүлээн авах боломжийг олгох, газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, ложистикийн сүлжээг боловсронгуй болгоно.
Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Өнөөдөр
Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
2025 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ. Шалгалт зургаадугаар дугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ. Энэ жил улсын хэмжээнд 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгнө. Улсын хэмжээнд ЭШ-ыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байна.
Нийслэл хотод Элсэлтийн Шалгалт зохион байгуулах байршлууд
Баянзүрх дүүрэг
- 14-р сургууль
- 21-р сургууль
- 48-р сургууль
- 53-р сургууль
- 84-р сургууль.
Баянгол дүүрэг
- Оюуны Ундраа цогцолбор сургууль
- Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
- Эрдмийн Ундраа цогцолбор сургууль
- 141-р сургууль.
Багануур дүүрэг
- Боловсрол цогцолбор сургууль.
Налайх дүүрэг
- 119-р сургууль.
Сүхбаатар дүүрэг
- 1-р сургууль
- 4-р сургууль
- 16-р сургууль
- 45-р сургууль.
Сонгинохайрхан дүүрэг
- Хөгжил цогцолбор сургууль
- Ирээдүй цогцолбор сургууль
- 67-р сургууль.
Хан-Уул дүүрэг
- 18-р сургууль
- 52-р сургууль
- 75-р сургууль
Чингэлтэй дүүрэг
- 39-р сургууль
- 50-р сургууль.
Өмнөх оны шалгуулагчид дараах байруудад очиж шалгалтаа өгнө.
Чингэлтэй дүүрэг
- 5-р сургууль
- 24-р сургууль
- 57-р сургууль
Хан-Уул дүүрэг
- 15-р сургууль.
Шалгалт өгөхдөө дараах баримт бичгүүдийг авч очно. Бүртгэлийн хуудас (2025 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.
2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 18-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-ноос ихэнх нутгаар 30 хэмыг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 18-ны 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 19-нөөс ыг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 19-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн баруун хагаст, 20-ноос нийт нутгаар халж, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.