Тод мэдээ
Зориулалтын дагуу ашигладаггүй газрын асуудлыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хомланд” хотхоны баруун талд хашаалаад ашигладаггүй, хог дүүрсэн, мөн зөвшөөрөлгүй барилга барьсан хоёр газар байдаг. Хашаа нь эвдэрч, унасан тус газарт аль 2013 онд доороо гарааштай хүүхдийн тоглоомын талбай барих зөвшөөрөл олгосон ч өнөөг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй байна. Мөн оршин суугчид зай, талбай байхгүй учир хогийн цэгээ машины замын нэг урсгалыг хаан байрлуулжээ. Иймээс тэр хавийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хаяглаж, гомдол ирүүлсэн. Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар газар дээр нь очиж, ажиллалаа.
Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Энэ газарт өмнө нь Зүүн сэлбийн гэр хороолол байсан. 2009 оноос гэр хорооллыг барилгажуулж, орон сууцны хороолол барьж эхэлсэн юм. Тус хоёр газрын нэг дээр зөвшөөрөлгүй барилга барьсан, нөгөө нь доороо гарааштай, хүүхдийн тоглоомын талбайн зураг төсөл батлуулсан ч зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Иргэд энэ газрыг олон жилийн өмнөөс амины хэрэгцээний зориулалтаар ашиглаж ирсэн. Энд барьсан барилгуудын газар бүгд хувьчлагдсан. Энэ хоёр газар хоёр иргэнд 2006, 2008 онд өмчлөгдсөн. Өмчилсөн газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар болон төлөвлөлтийн дагуу ашиглах ёстой” хэмээсэн юм.
Албаныхан газар дээр нь ажиллаж, энэ асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан тоот хүргүүлж, дүгнэлт гаргуулан, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, танилцуулахаар боллоо.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Улаанбаатар хотод орчны аюулгүй байдал алдагдсан газар олон байна. Бид эхний ээлжид барилгын орчинд аюулгүй байдлыг хангуулж, хашааг солиулж, стандарт, норм, дүрмийн дагуу болгож байгаа. Энэ газарт барилга барих боломжгүй. Бид хоёр удаа шаардлага хүргүүлсэн. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар ч шаардлага хүргүүлсэн байдаг” гэлээ.
Түүнчлэн удаа дараа шаардлага тавиад хэрэгжүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авахыг албаныхан онцолж байв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2019/06/06
“Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцаллаа
-
Өнөөдөр2021/08/25
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Тод мэдээ2023/03/10
Б.Солонгоо: Шүгэл үлээх нь авилгатай тэмцэх ажиллагааны үр дүнд маш том хувь нэм...
-
Өнөөдөр2022/08/25
Голуудын усны түвшин 10-45 см нэмэгдсэн байна