Тод мэдээ
Сөүлээс тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд!

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ
• Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна.
• Нислэгийн өдрөөс өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын PCR буюу полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.
• Коронавирусын шинжилгээний хариуг албан ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зэрэг мэдээлэл зайлшгүй бичигдсэн байна.
• Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.
Иргэд коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.
ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
• Тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг, автобусны 10,000 төгрөг буюу нийт 710,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30,000 төгрөг, автобусны 10,000 төгрөг нийт 430,000 төгрөг байна.
• Дээрх төлбөрийг иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
• Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.
• Тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авах боломжтой. Тухайн иргэн өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, төлсөн төлбөрийн бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулж, Онцгой байдлын ерөнхий газрын 11-318277, 1800-1105 дугаараар холбогдоно уу.
• Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгийн тийз авсан зорчигчид тусгаарлалтын байрны мөнгөө төлөөгүй тохиолдолд нислэгийн тийз цуцлагдах болно.
ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ
• БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэн сайн дураар нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийн Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай тул нислэгээс өмнө бүртгэлээ хийлгэнэ үү.
• Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн дураар нутаг буцах хүсэлтийн хүчинтэй хугацаа 30 хоног байх ба энэ хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй тохиолдолд хүчинтэй хугацаа дуусахаас өмнө харьяа ГИХГ-т очиж дахин сунгуулна.
• Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан иргэд нислэг үйлдэгдэх өдөр нислэгийн бүртгэл эхлэхээс 2-3 цагийн өмнө Инчон ОУНБ-д очиж онгоцны буудлын ГИХГ-т сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан бичиг болон нислэгийн тийзийн хамт бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэж, шалгуулна.
• БНСУ-д төрсөн оршин суух визгүй хүүхдийн хувьд /эцэг эх нь оршин суух визтэй ч суугаа орны ГИХГ-т бүртгэгдээгүй хүүхэд мөн хамаарна/ эмнэлгийн төрсний тодорхойлолт /출생진단서/, гадаад паспорт, эцэг эхийн гадаад паспортын хамт ГИХГ-т бүртгүүлж, торгууль /хүүхдийн оршин суусан хугацаанаас торгуулийн хэмжээ хамаарна/ төлснөөр хилээр гарах эрх нээгдэнэ. Хүүхдээ бусдад итгэмжлэн нутаг буцааж байгаа тохиолдолд хүүхдийн эх, эцэг итгэмжлэл гаргаж, ЭСЯ-ны Консулын хэлтсээр нотариат хийлгэсэн байна. Итгэмжлэл болон орчуулгын эх хувийг хүүхдийг итгэмжлэн авч яваа хүн биедээ авч явна.
БУСАД АНХААРАХ ЗҮЙЛ
Хэрэв тантай холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн бол эся-ны шуурхай утас 010-8205-3464, 02-798-1950 дугаарт даруй холбогдож шинэчилнэ үү.
1. Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг УОК-ийн Шуурхай штаб баталж МИАТ-ын төлөөлөгчийн газарт ирүүлж тийз бичиж байгаа тул нислэгийн жагсаалтад нэр орсон эсэхээ шалгуулах, нислэгийн тийзийн үнэ, үнийн зөрүүтэй холбоотой мэдээллийг Сөүл хот дэх төлөөлөгчийн газрын 02-756-9761 дугаарын утаснаас шууд асууж мэдээлэл авна уу.
2. Тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэн өөрийн оронд хэн нэгнийг явуулах хүсэлтийг хүлээж авахгүй.
3. Тусгай үүргийн нислэгт жагсаалтын дарааллын дагуу хамрагдсан боловч тухайн иргэн удаа дараа явахаас татгалзсан тохиолдолд жагсаалтаас шууд хасна. Тухайн иргэн өргөдлөө дахин шинээр өгч өргөдлийн дагуу нислэгт хамрагдана.
4. Тусгай үүргийн нислэгт өөрийн оронд явуулж өгнө, дарааллыг сольж дээгүүр оруулж өгнө зэрэг залилангийн шинж чанартай зар, мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэд мөнгө санхүүгээр хохирч болзошгүй байгааг иргэд онцгой анхаарч, энэ төрлийн залилан мэхлэх үйл ажиллагаанд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.
Тусгай үүргийн нислэгт хамрагдах хүн нэг бүрийг УОК-ийн Шуурхай штабын дэргэдэх ажлын хэсгээс баталж ирүүлдэг тул хэн нэгэн иргэний оронд өөр иргэнийг сольж оруулах боломжгүй болно.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Тод мэдээ
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна.
Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж.
Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм.
Тод мэдээ
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.
Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.
Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал,
- Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
- Ус хангамжийн ажил 80 хувь;
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
- Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
- Ариутгах татуургын ажил 10 хувь;
- Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тод мэдээ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 969 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 941 хэрэг шалгагдаж байна.
Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 13 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хураан авлаа гэж АТГ-аас мэдээллээ.
-
Тод мэдээ2021/03/23
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ ү...
-
Өнөөдөр2024/02/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2025/02/18
Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн авлаа
-
Өнөөдөр2022/10/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй