Дэлхий нийтээр..
Эрчим хүчний сайдын зөвлөл хуралдлаа
Эрчим хүчний сайдын зөвлөл энэ сарын 10-ны өдөр хуралдаж, Эрчим хүчний салбарт гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламж, бондын хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд дотоодын туслан гүйцэтгэгчийн оролцоог хангах журмын төсөл болон төвлөрсөн дулаан хангамжтай аймгийн төв, суурингийн дулаан үйлдвэрлэх, нэгдсэн түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд”-ын төсөв санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үнэ тарифийг шинэчлэх боломжийг судлах ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.
Сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй гадаад эх үүсвэртэй томоохон төслүүдэд хөрөнгө оруулагч орны гүйцэтгэгч гүйцэтгэх шалгууртай байдаг. Иймээс дотоодын ажиллах хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдаж, журмын төслийг боловсруулжээ. Энэхүү журамд олон улсын зээлийн гэрээ, хэлэлцээрт дотоодын ажиллах хүчний хувь хэмжээг зааж өгсөн байх, гүйцэтгэгч тендерт саналаа ирүүлэхдээ дотоодын оролцооны хувь хэмжээг хангаж ажиллах тухайгаа батлах, журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан туслан гүйцэтгэгчийн мэдээллийг захиалагчид ирүүлж тухай бүр зөвшөөрөл авч байх зэрэг зохицуулалтуудыг тусгажээ. Журмын төслийг хэлэлцээд Эрчим хүчний сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, редакцийн засвар хийж батлах нь зүйтэй гэж үзлээ.
Орон нутгийн дулаан хангамжийг хэвийн байлгах, хэрэглээний бүтэц, санхүү, эдийн засгийн үр ашиг, үнэ тарифийн нөхцөл байдлыг судлан уг асуудлыг анх удаа нэгдсэн бодлоготойгоор авч үзэн хэлэлцэв.
Орон нутгийн дулааны компаниудын авлага өглөгийн бүтцийг авч үзвэл төсөвт байгууллага, аж ахуйн нэгжээс авлага ихтэй байгаа бөгөөд өглөгийн хувьд бүх төрлийн өглөг хуримтлагджээ. Зардлын бүтцийн хувьд төрийн өмчийн компаниудын цалингийн зардал өндөр байдаг бол хувийн компаниудын зардлын хувьд түлшний зардал өндөр байна. Улсын хэмжээнд цахилгаан нэг тарифаар тооцогдож, төлбөр нэхэмжлэгддэг байхад орон нутгийн дулааны үнийн тариф аймаг бүрт харилцан адилгүй байна. Иймээс орон нутгийн дулааны хэрэглэгчийн үнэ тарифийг улсын хэмжээнд ижил хэмжээнд аваачих, хэмжүүржүүлэх ажил хийгдэх шаардлагатай байгааг онцлон хэлэлцлээ. Орон нутгийн дулааны компаниудын удирдлагын томилгоонд мэргэжлийн байх гэдэг шалгуур тавьж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж ажлын хэсэг дүгнэжээ.
Эрчим хүчний сайд Н. Тавинбэх “ Орон нутгийн дулаан хангамжийн асуудал бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудал боловч хөгжих тухай ярих байтугай өдрөө аргацаах байдалтай явж байна. Эрчим хүчний яам, орон нутгийн удирдлага зэрэг олон талтай энэ үйл ажиллагааг нэгдсэн байдлаар Засгийн газарт танилцуулах нь зүйтэй” гэдгийг тэмдэглэв.
Эх сурвалж: Монгол Улсын Эрчим Хүчний Яам
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2024/02/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Дэлхий нийтээр..2024/08/26
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх ...
-
Дэлхий нийтээр..2026/03/18
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
-
Үйл явдал2023/09/07
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
