Дэлхий нийтээр..
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалт боллоо
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалт энэ сарын 22, 23-ны өдөр боллоо.

Сургалтад нийслэл, 21 аймгийн сонгуулийн хорооны дарга, гишүүд оролцож сонгуулийн хууль тогтоомж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, сонгогдогч, сонгогчийн эрхийг хангах, ил тод нээлттэй ажиллах талаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж авсан юм.
Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан-www.e-election.mn цахим системээр сонгуулийн хороодын ажилтнууд, сонгуульд оролцогчдын бүртгэл хийх болон мэдээллийн цахим сан үүсгэх, сонгогчдыг мэдээллээр хангах талаар арга зүйн зөвлөмжийг “Интерактив” ХХК-ийн Нэвтрүүлэлтийн албаны дарга Э.Ундрал өгөв.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохицуулалт, холбогдох хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн байгууллагын эрх үүрэг, нам эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх эсэх шийдвэр гаргах зэрэг мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид өгч, оролцогчдын асуултад хариуллаа.

Санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгох эрхийг хангахаар бэлтгэх, тэдэнтэй харилцах арга зүйн талаар “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ны тэргүүн Б.Чулуундолгор зөвлөмж, мэдээлэл өглөө. Түүнчлэн нэр дэвшигчээс ХОМ гаргуулах талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, ахлах комиссар Ц.Баасандэлгэр зааварчилгаа өгч, Хүний эрхийн үндэсний комиссын албан дарга С.Тунгалагтамир Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар хийсэн мониторингийн дүнг танилцуулсан.

Сонгогчдыг мэдээллээр хангах, нээлттэй ил тод ажиллах талаар “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа арга зүйн зөвлөмж өгсөн юм.
Сургалтад оролцсон аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын 53 албан хаагч санал, хүсэлт гаргалаа. Тухайлбал, байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороодын гишүүдийг гадаад улсуудын сонгуулиас туршлага судлах боломжоор хангах санал гаргасан юм.
Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороодын гишүүд болон мэдээллийн технологийн багийн гишүүд, даамлуудад зориулсан сургалт энэ сарын 26-аас орон нутагт болон цахим хэлбэрээр үргэлжлэхийг мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2020/12/09
Шинжилгээнд хамрагдсан 2785 оюутан өнөөдөр нутаг буцаж байна
-
Дэлхий нийтээр..2025/12/30
Ванданжавын Адъяасүрэнд Ардын багш цол хүртээлээ
-
Үйл явдал2024/11/12
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Тод зураг2020/03/23
Иргэд та бүхэн эрүүл мэндийн байгууллагуудын өгч буй энгийн зөвлөгөөг биелүүлж х...
