Тод мэдээ
Залуу эрдэмтдэд БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олголоо
Докторын дараах судалгаанд олгодог шинжлэх ухааны асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардууллаа.
2011 оноос хойш нийтдээ 106 судлаач энэхүү тэтгэлгийг хүртсэн юм. Тэд тэтгэлгийг гардан авснаар бүтээлч санаагаа хэрэгжүүлэх боломжоор хангагдсаны хүчинд тодорхой үр дүнд хүрч шинэ мэдлэг, инновацийг бий болгоход хувь нэмрээ оруулсаар иржээ. Тэтгэлэг авсан дээрх судлаачид өнгөрсөн хугацаанд ном бүтээл-13, нэг сэдэвт бүтээл-2-ыг туурвиж, шинэ бүтээгдэхүүн-5, тоног төхөөрөмж- 4-ийг бүтээж, патент 4, ашигтай загвар 2-ыг батлуулж, шинэ онол, теорем 5-ыг дэвшүүлжээ. Түүнчлэн эрдэм шинжилгээний өгүүлэл 137-г дотоод, гадаадын шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, 86 удаа эшлэгдсэн бөгөөд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 169 илтгэл хэлэлцэгдсэн байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2020 оны тэтгэлэгт судлаачдад хандаж хэлсэн үгэндээ “Энэ жилийн хувьд тэтгэлгийн уралдаанд шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагаас нийтдээ 52 судлаач төслөө ирүүлсэн. Цаашид Монголын үе үеийн эрдэмтдийн залгамж халааг нэр төртэй авч явах, хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг танай үеийнхэн хүлээж авах цаг ирсэн, улам хичээж ажиллаарай” гэлээ.
Батламж гардуулах ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат зэрэг албаны хүмүүс байлцлаа.
2020 оны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит докторын дараах судалгаанд инновацийн тэтгэлэг хүртсэн залуу судлаачид:
1. Дашдоржийн Золзаяа (Хиймэл оюун ухаан болон их өгөгдлийн шинжилгээнд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чатбот хөгжүүлэлт)
2. Амгалангийн Солонго (Талимон бэлдмэлийн түүхий эдийн хоруу чанар, технологи, стандарт)
3. Оюунбилэгийн Нандин-Эрдэнэ (Жирэмсэн эхчүүдийн төмрийн ба төмөр дутлын цус багадалтын судалгаа)
4. Бямбасүхийн Оюунтөгс (Таргалалтыг оношлох, биеийн өөхлөг эдийг хэмжих аргуудын лавламж хэмжээг Монгол хүний бие махбодийн онцлогт тохируулан өөрчлөх нь)
5. Лувсангийн Лхагвасүрэн (Таримал ургамлын үрийг нарийвчлалтай суулгах хянах ухаалаг систем боловсруулах)
6. Жуковын Аззаяа (In situ болон Ex situ орчинд ургаж буй дэрэвгэр жиргэрүү (saposhnikovia divaricata (turcz.) schischk.)- ын биологийн идэвхт нэгдлийн харьцуулсан судалгаа, уушги хамгаалах нэмэлт бүтээгдэхүүн гарган авах технологи)
7. Доржсүрэнгийн Батсүрэн (Газар доорх усны баланс тооцоход цэвдэгт үеийн дээрх усны хажуугийн урсгалыг тооцох нь)
8. Цэндийн Жавзмаа (Сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн чиг хандлага, нийгэмд үзүүлэх нөлөөг кластер аргаар тандан судлах)
9. Төмөрбаатарын Ганбаатар (Хичээлийн чанарыг үнэлэх арга зүйн нэгэн хувилбар боловсруулах)
10. Шагдарсүрэнгийн Доржпагма (Говийн бүсэд тэжээлийн эрдэнэшишийн үр үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа)
Эх сурвалж: БСШУСЯ
Тод мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.
Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна. Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна
Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.
Сэтгэгдэл