Тод индэр
Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компани цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын чиглэлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь булаг шандын эхийг хашиж хамгаалах, малчдын худаг усыг сэргээн засаж сайжруулах ажлыг тогтмол хийсээр байна.
Компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил "манай компани 2014 оноос хойш малчдын амьдралд дэмжлэг үзүүлэх, ундны усны ундаргыг хамгаалах зорилготойгоор 17 худаг засварлан, 4 булгийн эхийг хашиж, хамгаалаад байна. Төлөвлөгөөний дагуу Цогтцэций сумын 4 баг тус бүрт нэг шинэ худаг гаргаж өгнө. Мөн засаж сайжруулсан болон шинээр ашиглалтад оруулсан худагт усны түвшин, нөөц хэмжигч багаж суурилуулна. Ингэснээр тухайн худгийн усыг хэдэн жил, өдөрт хэдэн литрийг хэрэглэвэл зохистой болохыг тооцох боломж бүрдэх бөгөөд шаардлагатай үед худгаа гүнзгийлж, усны ундаргыг нэмэх, эсэхийг шийдэж болно” гэж ярилаа.
Тус сумын Цагаан-Овоо багийн малчин Х.Гэрэлмаагийн худгийг компаниас сэргээн засварлаж өгсөн юм. Тэрбээр, өнгөрсөн жил манайх амны усаа маш холоос зөөж, энэ худгаас малаа услах төдий байсан. Худгийн ус багассан тул ховоогоор авах хүндрэлтэйн дээр зориулалтын байргүйгээс ус нь маш их бохирдсон байсан. "Эрдэнэс-Тавантолгой” компани одоо цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн. Мал усалдаг онгоцоо ч сайжрууллаа” гэлээ.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.