Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Огноо:

,

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Тогтоолд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболдыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Хууль зүйн байнгын хорооны, Н.Алтаншагайг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн С.Замираг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Н.Алтаншагайг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболдыг Хууль зүйн байнгын хорооны, П.Сайнзоригийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус томиллоо.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, мөн өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тус тус хуваарилжээ.
Ингээд Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлд, нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын 01 болгож хойшлуулахаар тусгажээ.
Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав. Улс төрийн намын тухай хууль 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг тэрбээр онцлоод, гэвч хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль, 10 дугаар сард орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, нэр дэвшигчдийг тодруулах, сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуульд оролцох, сонгуулийн үр дүнгээр Улсын Их Хурал, Засгийн газрыг эмхлэн байгуулах зэрэг улс төрийн олон үйл ажиллагаа дараалсан учир намын дүрэм журмыг шинэ хуульд нийцүүлэх боломж хомс байсныг дурдлаа. Улсын дээд шүүхэд нийт 37 нам бүртгэлтэйгээс Улсын Их Хурлын 2024 оны  ээлжит сонгуульд 22 нь, орон нутгийн сонгуульд 12 нь  оролцсон байна.
Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээр гишүүдийн эрх, үүрэг, зохион байгуулалтын бүтцээс гадна намын удирдах дээд төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх болон хяналтын байгууллагыг байгуулах журам, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ болон намын салбар, бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах зэрэг асуудлыг цогц байдлаар зохицуулахаар заасан. Түүнчлэн намын дүрэм, хөтөлбөрийг шинэчлэхэд гишүүдийн оролцоо ил тод байдлыг хангах олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлах, намын дүрэм, хөтөлбөрийг батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын удирдах дээд байгууллагын онцгой бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл намын дүрэмд гуравны нэгээс дээш хэмжээний өөрчлөлт оруулах асуудлыг намын анхан шатын бүх нэгжийг хуралдуулж гишүүдийн оролцоог хангаж шаталсан хэлбэрээр санал авсны үндсэн дээр намын удирдах дээд байгууллагаас эцэслэн шийдвэрлэж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хуульд заажээ. Ийнхүү улс төрийн намын дүрмийн шинэчлэл нь гишүүдийн идэвх оролцоог хангахыг шаардсан өргөн хүрээний өөрчлөлтийг хамарч байгаа тул хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө санхүү, зохион байгуулалт, төлөвлөлтийг шаардсан төдийгүй тодорхой шат дамжлага бүхий бэлтгэл ажлыг хангахгүйгээр шууд хэрэгжүүлэх боломжгүй асуудал үүсэж байна гэж Засгийн газар үзжээ.
Намын бүтэц, дүрмийг ардчиллын зарчимд нийцүүлэн шинэчлэхэд намын бүтцийн байгууллагуудад жендэрийн тэгш байдал, хүйсийн төлөөллийн оролцоог хуульд заасан хэмжээнд бүрдүүлсэн байх шаардлага мөн тавигдаж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэмдэглэж, энэ шаардлагыг богино хугацаанд хангахад ялангуяа Улсын Их Хуралд суудалгүй болон Улс төрийн намын тухай хуулийн 27.3-д заасан нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан байх нөхцөлийг хангаагүй намуудад боломж хязгаарлагдмал байна гэлээ.
Иймд шинэчлэн бүртгүүлэх хугацааг хойшлуулах талаар Бүгд найрамдах нам, Шинэ нам, Эх орончдын нэгдсэн нам, Зүй ёс нам, Гэр хороолол хөгжлийн нам, Монголын социал демократ нам, Үнэн ба зөв намаас санал ирүүлснийг харгалзан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ.
Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар улс төрийн намууд дүрмээ хуульд нийцүүлэн шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулах бодит хэрэгцээ шаардлага, намуудын байр суурь ямар байгааг, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар энэ талаар намуудаас гаргасан шаардлага, түүний агуулгын талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, хугацааг хойшлуулснаар намууд дүрмээ шинэчилж, бүртгүүлэх нөхцөл бүрдэх эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа одогийн байдлаар хэдэн нам дүрмээ өөрчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн тухай, хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагын дагуу боловсруулсан, эсэх, энэ өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд заасан намын санхүүжилтийн талаарх зохицуулалтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэх эсэх, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10-т заасан зохицуулалттай нийцэж байгаа эсэх, хуулийн зарим зохицуулалтыг хойшлуулах бодит хэрэгцээ шаардлага бий эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцүүлгийн шатанд хуулийн төсөлд заасан хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 01 болгож өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Л.Мөнхбаатар нар нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлж шинэчлэн батлахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хугацааг эргэн харах нь зүйтэй талаар, чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд хуулийн төсөлд заасан хугацааг урагшлуулах боломжийг судлан үзэж хэлэлцүүлгийн үед өөрчлөх боломжтой талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн хэрэгжилтэд анхаарч, хугацаа алдахгүйгээр хуулийг хэрэгжүүлж, улс төрийн намын шинэтгэлийг хийх нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хуулийн төсөлд зааснаас урагшлуулж, боломжит хугацаагаар тогтоох нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нар Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулахыг дэмжихгүй талаар саналаа илэрхийлжээ. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Дав.Цогтбаатар, Б.Түвшин, Д.Ганбат, Г.Ганбаатар, Д.Жаргалсайхан нар хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг асууж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих тохиолдолд хугацааг хэтэрхий урт сунгахгүй байх санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн улс төрийн намуудын үзэл баримтлал, үнэт зүйлтэй холбоотой суурь баримт бичиг болох хөтөлбөр боловсруулах асуудалд анхаарал хандуулж, шахаж ажиллах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь олон намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг авч тусган, чамбай боловсруулсан хууль бөгөөд дэвшилттэй олон чухал заалт орсон гэдгийг онцолж, улс төрийн намууд институцийн хувьд бэхжих шаардлагатайн дотор АН ч мөн энэ асуудалд онцгой анхаарч, цаг алдахгүй ажиллах хэрэгцээ бийг тус бүлгийн гишүүд ярилцаж, хуулийн хэрэгжилтийг 2028 он хүртэл хойшлуулах гэж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Харин Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар бусад намуудаас гаргасан санал, шаардлагыг харгалзан үзэх үүднээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж тус бүлгийн хуралдаанаас тогтсоныг мэдээлээд, МАН-ын хувьд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлж ажиллахад хүндрэл, бэрхшээл үүсэх зүйл байхгүй гэж мэдэгдэв. Тэрбээр Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд Улсын дээд шүүхэд дүрмээ бүртгүүлэхээс гадна 2028 оны нэгдүгээр 01-нээс өмнө намууд нийт сонгогчдын нэгээс доошгүй хувийн буюу 22 мянган иргэний дэмжлэг авсан байх хугацаа тусгагдсаныг сануулж, энэ шаардлагыг хангахад Улсын Их Хуралд суудалгүй намууд анхаарч ажиллах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа ХҮН-д мөн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх, хуульд үйл ажиллагаагаа нийцүүлэх талаар ямар ч хүндрэл учрахгүй, ирэх долоо хоногт хуралдаад шийдчих чадвартай хэмээгээд, бусад намуудаас хүсэлт, санал тавьсан тохиолдолд хүндэтгэн үзэж, хэлэлцэх нь зүйн хэрэг гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Гэхдээ асуудлыг яаран шийдвэрлэх, цаг хугацааг давчуу, тулгуу тавих нь алсдаа сөрөг үр дагавар дагуулж болзошгүйг анхааруулаад, 2027 он хүртэл буюу хоёр жилээр хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Үндэсний эвсэл үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн ажиллаж байгааг болон эвсэлд нэгдсэн Монголын ногоон нам, Монголын Үндэсний ардчилсан нам тус тусын дүрмийг шинэчлэн баталж, бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд албан ёсоор хүргүүлээд байгааг мэдээлэв. Тэрбээр Монголын улс төрийн тогтолцоо болон намуудын төлөвшил, шинэчлэлийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг Үндсэний эвсэл бүх талаар дэмжиж, намууд дүрмээ шинэчлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгааг илэрхийлсэн бөгөөд хэрэв хойшлуулах бол урт бус богино хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэлээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга ихээхэн дэвшилттэй, намуудыг төлөвшүүлэхэд ихээхэн хэрэг болохуйцаар батлагдсаныг онцлоод, анхны 126 гишүүн бүхий парламентад дангаар болон эвслээр нийт таван нам суудал авсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон улс төрийн салбарын эрх зүйн шинэчлэлийн үр дүн болохыг тэмдэглэн хэлсэн юм. Тэрбээр, намууд өөрийн дүрмийг шинэчлэн баталж, улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулах тухай асуудал хоёр дахь удаагаа хэлэлцэгдэж байгааг анхааруулаад, улс төрийн байгууллагуудын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстойг онцоллоо.
Хуулийн төслийг дэмжих, эсэх асуудлаарх санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.12-т заасны дагуу маргаашийн буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний баасан гарагийн нэгдсэн хугалдаанаар явуулахаар тогтов.
Үүний дараа Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав. Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааны дэглэмийг ханган тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн ослын үед үр дүнтэй хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгахад уг Конвенц чиглэгдэж буй юм. Конвенцыг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 онд баталж, 1996 оны 10 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсноос хойш одоогийн байдлаар 96 улс нэгдэн оржээ.
Энэхүү конвенц нь цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангахад үйлчилнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулгадаа дурдаад, хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулав. Хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Монгол Улс урьд өмнө ямар ямар конвенцод нэгдэж байсан, нэгдэн орсон боловч үүргээ биелүүлээгүй тохиолдолд байгаа, эсэх талаар асуулт асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хуулийн төслийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, тэднийг төөрөгдүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөсөн байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ундраа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд конвенцын хэрэгжилтийг хангах механизм, хүний нөөц, санхүүжилт хангалттай эсэх, цөмийн энергийн асуудлаарх мэргэжлийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, Цөмийн зэвсэггүй статусын талаарх манлайллаа үргэлжлүүлэх зэрэг асуудлыг хөндөж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Санал хураалтыг мөн маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав. Улсын Их Хурлын 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан байна. Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд, дэмжсэн гэдгийг онцлов.
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь энхийн зорилгоор ашиглах цөмийн материалыг олон улсын хэмжээнд аюулгүй тээвэрлэх, биечлэн хамгаалахад, конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь энхийн зорилгоор ашиглаж байгаа цөмийн байгууламж, цөмийн материалын үр дүнтэй биечлэн хамгаалах тогтолцоог дэлхий дахинд бий болгон хэвшүүлэх, цөмийн материал болон байгууламжийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж. Конвенцод манай улс 1986 онд нэгдэн орж, соёрхон баталжээ. Энэ оны есдүгээр сарын байдлаар тус конвенцод 164 улс нэгдэн орж, 44 улс гарын үсэг зурсан бөгөөд тус конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь 2016 оны тавдугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болж, 2024 оны есдүгээр сарын байдлаар 137 улс нэгдэн ороод байгаа юм.
Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл танилцуулсан юм. Тус байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Тэмүүлэн нар Монгол Улс олон улсын хэчнээн тооны гэрээ, конвенцод нэгдсэн орсон, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар үр дагавар гарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй талаар үг хэлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хийсэн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, конвенцод нэгдсэн орсноор хүлээх үүрэг, түүнийгээ биелүүлээгүйгээс бий болох үр дагаврын талаар дэлгэрэнгүй хариулт авсан юм.
Түүнчлэн Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг мөн Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан юм. Монгол Улс Иж бүрэн цөмийн аюулгүй байдлын баталгааны гэрээнд (Comprehensive Safeguards Agreement) 1972 оны есдүгээр сарын 05-ны өдөр нэгдэн орж, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний баталгааг хэрэглэх тухай Нэмэлт протоколд 2001 оны 12 дугаар сард гарын үсэг зуржээ. Эдгээрийг Монгол Улсын Их Хурал 2003 онд соёрхон баталсан бөгөөд Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-т 2003 оны тавдугаар сарын 12-нд мэдэгдэж, энэ өдрөөс протоколыг хүчин төгөлдөр мөрдөж байна. ОУАЭА-ийн Удирдах зөвлөлөөс цөмийн байгууламжгүй, бага хэмжээний цөмийн материалтай улс орнуудад “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д хамрагдах нь зүйтэй гэж үзэн гишүүн орнуудыг тус Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг уриалж, манай улсад 2005 онд энэ талаарх саналыг ирүүлсэн юм. Гэвч манай улс энэ асуудлыг өнөө хэр шийдвэрлээгүй тул цаашид баталгааны дүгнэлт гаргах боломжгүйгээ тус агентлаг албан ёсоор мэдэгдээд байгаа аж.
Улсын Их Хурлын 2015 оны зургадугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан юм. Үүний дагуу Засгийн газраас хуулийн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, дэмжсэн байна.
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийг төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд конвенцод нэгдсэнээр ямар ач холбогдолтойг болон цаашид энэ төрлийн хэдэн конвенцод нэгдэн орох шаардлагатайг асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Батсүмбэрэл цөмийн энергийн талаарх ойлголт, мэдээллийг олон нийтэд үнэн зөв, оновчтой хүргэх, конвенцод нэгдсэний давуу болон сул тал, эрсдэлийн талаарх мэдээллийг түгээхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, соёрхон батлах нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Д.Батлут нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд конвенц, протоколыг хэрэгжүүлэх нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго, хөгжлийн бодлого, зорилтуудтай нийцсэн байх, манай улсын цөмийн зэвсгээс ангид байх статусын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, хүлээх үүрэг, хариуцлага, шинэ стандарт нэвтрүүлэх эсэх болон байгаль орчин, зэрлэг амьтан, эко системийг хамгаалах зэрэг асуудлуудыг хөндөж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсан юм.
Дээрх хуулийн төслүүдийн талаарх санал хураалтыг мөнхүү Улсын Их Хурлын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно

Огноо:

,

Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто замыг бүрэн шинэчлэх юм. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэлийн шалтгааныг арилгах, нийтийн тээвэр хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилгоор 2022 оноос эхлэн зам дагуух зогсоолуудыг үе шаттай хааж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж байлаа. 

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ иргэдэд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд авто замыг засварлан шинэчилж байна. Харин асфальтбетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Огноо:

,

Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиглаж, “Токи.мн, Ленд.мнь Hipay” зэрэг зээлийн аппликейшны эрх нэмэгдүүлнэ" гэх зар оруулж хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч тухайн мэдээллээр иргэдийн цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, олон удаагийн үйлдлээр зээл авч залилах, хулгайлах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний ашиг олж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Шалгалтын явцад гэмт этгээдүүд нь тухайн үйлдлийн аргыг ашиглаж, олон иргэдийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий цахим фэйсбүүк хаягтай холбогдон зээлийн аппликейшны эрхээ нэмэгдүүлэх гэж хувийн мэдээллээ өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагын 8822-2255 дугаарт холбогдохыг зөвлөлөө.

Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж таныг санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг гэдгийг ямагт анхаарч, таатай санал бүхий мэдээллүүдэд хянуур байж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа

Огноо:

,

Улаанбаатар хотын хүн ам өсөх тусам тээвэр логистикийн цогц, шинэлэг шийдэл хэрэгтэй болсон. Тиймээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.

Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүдтэй өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд уулзаж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг хийлээ. “Хүннү хотын тээвэр логистикийн бүсийн хөгжлийн стратеги” хэлэлцүүлгээр оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тээвэр логистикийн төвийн төлөвлөлтөд тусгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллана.

Хэлэлцүүлгийн үеэр хотын дарга Х.Нямбаатар үг хэлэхдээ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн суурьшлыг задлах дагуул хотын төлөвлөлтийг тусгасан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хотод тээвэр логистикийн бүсийг бий болгох нь олон давуу талтайг онцоллоо.

Өнөөгийн Улаанбаатар тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай, ажиллагаа ихтэй. Төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Нэг чингэлэгт ногдох зардал өндөр. 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй. Терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг. Логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй. Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Хэлэлцүүлэгт Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн төлөвлөлт”,  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тээвэр, логистикийн төлөвлөлт”, Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин: Боломж ба сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар дараах ач холбогдолтой.

  • Монгол Улсын худалдаа, тээврийн дэд бүтцийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
  • Тээвэр логистикийн зардлыг бууруулж, эдийн засаг, бизнесийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх,
  • Олон улсын техник, технологийг нутагшуулан, хотын доторхи ачаа урсгалыг зохион байгуулах,
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төмөр замын эрчмийг зохицуулах,
  • Логистик төвүүдийн агуулахуудыг хотоос гаргаж, хадгалалтын зардлыг бууруулах,
  • Орон нутаг руу чиглэсэн барааны урсгалыг хотын гадна талд төвлөрүүлэх давуу талтай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/05/02

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй...

Тод мэдээ2025/05/02

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Тод мэдээ2025/05/02

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниуд...

Тод мэдээ2025/05/02

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшу...

Тод мэдээ2025/05/02

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автоб...

Өнөөдөр2025/05/02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/

Өнөөдөр2025/05/02

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/02

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/02

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Тод мэдээ2025/05/01

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейца...

Тод мэдээ2025/05/01

“Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэли...

Тод мэдээ2025/05/01

Тавдугаар сарын 15-наас МҮОНТВ, Гандан, ТБД Андууд орчмын халуун ус ...

Тод мэдээ2025/05/01

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр т...

Тод мэдээ2025/05/01

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 бол...

Тод мэдээ2025/05/01

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1099 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр2025/05/01

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/01

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар..

Өнөөдөр2025/05/01

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Тод мэдээ2025/04/30

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүл...

Тод мэдээ2025/04/30

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Тод мэдээ2025/04/30

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэ...

Тод мэдээ2025/04/30

Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг...

Тод индэр2025/04/30

Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ...

Өнөөдөр2025/04/30

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/04/30

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/04/30

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Өнөөдөр2025/04/29

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/29

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/04/29

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/04/29

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсн...

Санал болгох