Дэлхий нийтээр..
УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүд БНТУ-ын Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга С.Зулпхар, ноён Хулуси Акар тэргүүтэй эрхэм зочидтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлэг энэ оны 9 дүгээр сард байгуулагдсан гэдгийг тэрбээр танилцуулаад, тус бүлгийн дэд даргын хувьд парламентын бүлэг хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хичээн ажиллана хэмээлээ. Үргэлжлүүлэн С.Зулпхар гишүүн “Манай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал ч олон зуун жилийн түүх, соёлын хэлхээ холбоотой. Энэ ч утгаараа Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Бүгд Найрамдах Турк Улсыг “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг” гээд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар, хоёр улсын олон зууны түүх, соёлын харилцаа нь орчин цагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үндэс болсныг дурдав. Турк, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үр нөлөөтэйг тэмдэглээд 100 сая ам.долларт хүрсэн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улмаар боловсрол, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар байр сууриа илэрхийлэв.
Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгааг уулзалтын үеэр талууд тэмдэглээд, хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх талаар санал солилцов.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн Х.Жангабыл, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дэд дарга Рефик Өзен, тус Байнгын хорооны гишүүн Фейзи Бердибек, Мехмет Али Жевхери, Өзгүр Жейлан, Эелем Эрту Эртурул, Аяюже Түркеш Таш, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш нар болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2023/09/01
Монгол Улсад 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгджээ
-
Дэлхий нийтээр..2024/10/04
Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц,...
-
Үйл явдал2020/12/10
Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна
-
Үйл явдал2019/08/01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёс...
