Тод мэдээ
Сэлбэ дэд төвийг тулгуурлан гэр хорооллыг орон сууцжуулна

Өдгөө 220 мянга орчим айл гэр хороололд амьдарч байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг зургаан дэд төвийн бүтээн байгуулалтад тулгуурлан хэрэгжүүлнэ. Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжийн ажил бүрэн дууссан. Харин Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажлын хүрээнд эхний 800 айлын орон сууц 2024 онд ашиглалтад орно.
Сэлбэ дэд төвийн тухайд 158 га газрын 2000 нэгж талбар дахь айлуудын газрыг чөлөөлөхөөр төлөвлөлт гаргасан.
Газар чөлөөлөлт хийхдээ иргэдтэй тохиролцох гурван зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Нэгдүгээрт, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих юм.
Энэ 2000 айлын газрыг чөлөөлөн 12,000 айлын, нам давхрын, дундаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй, иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг босгох боломжтой. Ингэхдээ 60 хувь нь ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай, 40 хувь нь орон сууц байна. Сэлбэ дэд төвийн 12,000 айлын орон сууц боссоноор газар эзэмшиж байсан 2000 айл нь орон сууцандаа ороод, цаана нь илүү гарсан 10,000 айлын орон сууцанд Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Дарь эх орчмын айлуудыг оруулах боломжтой. Тус барилга байгууламжийн цогцолбор бүхий 158 га талбайг орон сууцжуулснаар Сэлбэ орчмыг усны урсцын тохируулга бүхий далан шуудуутай болгоно. Мөн СУИС, эрүүл мэндийн болон төрийн томоохон байгууллагуудыг эдгээр орон сууцны хороолол дунд цогц байдлаар төлөвлөх боломжтой. Том зургаараа ажлын байр нэмэгдүүлж, ядуурлаас салах боломж бүхий төсөл гэдгийг онцолж байна.
Хот өөрөө олон улсын санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө мөнгө, бонд босгож, дэд төвүүддээ тулгуурлан орон сууцны цогц хорооллуудыг байгуулах замаар Их тойруу доторх төвлөрлийг задлах боломжтой юм.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2022/09/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Тод мэдээ2022/04/07
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Чөлөөт бүс2020/01/27
Э.Даваахүү дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
-
Тод мэдээ2024/11/29
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын туха...