Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад 2023 оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч К.Харристай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад тус тус зочлохоор төлөвлөж байна.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулна.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл