Өнөөдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.
Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэж ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллоос 7 саналын томъёоллоор нь нэг бүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Гэвч төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхөөр Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй.
Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Эрдэнэ нар дээрх зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх чуулганы өчигдрийн хуралдааны санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувь нь дэмжив. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхөөр тогтов. Уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж одоо мөрдөгдөж байгаа бүртгэлийн тухай хуулиар иргэний регистрийн дугаар, овог нэр, байнга оршин суугаа хаягийн талаарх мэдээлэл нь хязгаартай мэдээлэлд багтдаг учраас сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр авсан улс төрийн намууд хувилж олшруулахгүй, тараахгүй байх үүрэг хүлээх учиртай тул энэ талын зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Иймээс Байнгын хороо энэ асуудлыг эцсийн хэлэлцүүлгийн явцад анхаарахыг хуралдаан даргалагч чиглэл болгосон юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх саналын бичгээр гаргасан нь дэмжигдэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналыг дэмжээд байв. Харин хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийн шатанд төслийн энэ заалт нь Үндсэн хуульд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж буй эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзээд холбогдох лавлагаа материал гаргуулан судалж нягталсан байна. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталжээ. Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ заалтыг хасахыг дэмжсэнгүй. Иймээс гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал төсөлд хэвээр үлдэв.
Ингээд хуралдааны явцад УИХ-ын дарга “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн юм.
Энэ үндсэн дээр чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуулийн давхцал, зөрчлийг арилгах, хууль хоорондын уялдааг хангах үүднээс хуулийн төслийн зарим хэсэг, заалттай холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг “Эвслийн аль нэг нам даргаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” гэж өөрчлөн найруулахаар тогтсоныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжив. Мөн төслийн 33 дугаар зүйлийн 33.3.10, 33.3.12 дахь хэсэгт “авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан эсэх талаар цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа” гэсэн агуулгатай хэсгийг нэмэх Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Мөн төслийн "Хууль хүчин төгөлдөр болох" гэсэн 85 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг "Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" хэмээн тодорхойлж тусгах саналыг дэмжсэн Байнгын хороо саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжив.
Түүнчлэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгох санал дэмжигдсэн болон хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохих зүйлд “сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараах зөрчил гаргасан хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно” гэсэг агуулгатай хэсэг нэмэхээр тогтлоо.
Ингээд Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 39 нь буюу 76.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
2025 оны есдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтайн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 19-нөөс 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 20-21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 17-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 17-19-ний өдрүүдэд өдөртөө дулаарч, нийт нутгаар цаг агаар тогтуун байна.
2025 оны есдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч 13-15 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 18-наас 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 20-21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 23-28 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.