Тод мэдээ
Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвд очиж, өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн буюу төмс, хүнсний ногоо, гурил, будааны наймаа эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа.
Худалдаа эрхлэгчид хилийн цаана үнэ өссөн зүйл огт байхгүй, тээврийн зардал буурсан хэдий ч үнэ нэмэгдэж байгаа нь валютын ханш өссөнтэй шууд холбоотой гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн олон нэр төрлийн татвар, НӨАТ нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд дарамт болдог гэлээ. Тэд валютын өсөлт дээр анхаарч тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.
Хүнсний ногооны хувьд үнэ харьцангуй тогтвортой, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хямд буюу үнэ буусан үзүүлэлттэй байна. “Ковид-19” цар тахлаас хойш иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалин буух өдрүүдэд худалдан авалт бага зэрэг сэргэдэг гэв. Гурил, гурилан бүтээгдэхүүний хувьд цөөн хэдэн компани монопол болсон учраас үнийг дураараа зохиож байгаа гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байлаа.
Үүний дараа гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, хүнсний дэлгүүрүүд, нөөцийн мах худалдаалж буй явуулын цэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хүнсний дэлгүүрийн хувьд бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, иргэд зээлээр үйлчлүүлэх нь ихэссэн тухай ярилаа. Нөөцийн махны хувьд хэт туранхай, чанаргүй мах өндөр үнээр зарагдаж байна хэмээн иргэд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Төрөөс мах сүү ногооны урамшуулал олгож байгаа хэдий ч эдгээр нэр төрлийн барааны үнэ өсөөд байгаа нь урамшуулал нүдээ олж эздэдээ хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг эргэн харах болсон байна. Жижиг, дунд худалдаа эрхлэгчид татвар, НӨАТ-ын асуудлыг их хөндөж байна. Бид энэ асуудлуудыг Байнгын хороонд танилцуулж, Засгийн газар болон холбогдох яамдтай бодлогын түвшинд ярилцаж гарц гаргалгааг Улсын Их Хуралд танилцуулна” гэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Мах, гурил болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх олон шат дамжлагыг цөөлөх шаардлагатай гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Төрөөс зарим тал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байна” хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС