Тод мэдээ
БШУЯ: Ерөнхий боловсролын 859 сургуульд нийт 893 нийгмийн ажилтан ажиллаж байна

Монгол Улс 2000-2001 оны хичээлийн жилд сургуулийн нийгмийн ажилтныг бэлтгэж, ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн хөгжил, эрх хамгааллын мэргэжлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Өнөөдөр ерөнхий боловсролын 859 сургуульд нийт 893 нийгмийн ажилтан ажиллаж байна.
Төрөөс хүүхдийн сурч, хөгжихөд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байгаа ч өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлууд тулгамдсан хэвээр байсаар байна.
Сургуулийн орчинд багш, суралцагч, эцэг эхийн бие биеэ хүндэтгэсэн, дэмжсэн харилцаа чухал. Анги хамт олны эерэг уур амьсгалыг бий болгох, хүүхдийг аливаа дарамт шахалтад өртүүлэхгүй, ялгаварлахгүй байх, тэдний оролцоог тэгш хангах, хөгжлийн онцлог, хэрэгцээнд нь нийцсэн эрүүл, аюулгүй ээлтэй орчин бүрдүүлж ажиллах ёстой.
Энэ сэдвүүдийн хүрээнд өнөөдөр нийгмийн ажилтнууд зөвлөлдөж байна. Боловсролын багц хуулийн шинэчлэлд сургуулийн орчинд хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгадаг байх зохицуулалтыг тусгаад байна.
Боловсролын багц хуультай уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнд нийгмийн ажилтны ажил үйлчилгээний норм, хүрээ, хэмжээг шинэчлэн тодорхойлно.
Цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих журмыг боловсруулан хэлэлцүүлж байна. Энэ журам батлагдсанаар нийгмийн ажилтныг модуль сургалтад хамрагдах болон ажлын байрандаа тасралтгүй хөгжих нөхцлийг бүрдүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2020/12/07
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.07-ны 11:...
-
Тод мэдээ2020/09/08
“Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдла...
-
Тод мэдээ2023/04/12
ЁЗСХБХ: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлуүүлгийг ...
-
Өнөөдөр2024/05/30
Хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол, гэмтлээс сэргийлээрэй