Дэлхий нийтээр..
Г. Занданшатар: D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Дотоод Хэргийн Их Сургуулийн эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч суралцагчдад D-Parliament цахим системийн хэрэглээ, ач холбогдол болон хөгжүүлэлтийн талаар танилцуулж, санал солилцов.
Уг платформыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нэг жилийн ойн босгон дээр ур чадвар, ёс зүйгээрээ түүчээлсэн ирээдүйн хууль сахиулагчидтай уулзаж буйг УИХ-ын дарга онцлов. Тэрбээр үргэлжлүүлэн, хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангах зорилготой D-Parliament цахим системийн хэрэглээг цааш түгээхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Одоогийн байдлаар D-Parliament платформд хэлэлцэгдэж байгаа болон өргөн мэдүүлсэн нийт 170 хуулийн төсөл байршиж, дэлхийн 81 өөр улсаас хандалт хийж танилцжээ. Энэхүү цахим систем нь технологийн хувьслаар дамжуулан нийгмийн аливаа асуудлыг дэвшүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, Цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах салбарын хүний нөөцийг 89 жилийн турш бэлтгэж ирсэн түүхт сургуульд маань хүрэлцэн ирж, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ил тод байдлыг хангах санаачилгын хүрээнд нээлттэй мэдээлэл солилцож байгаад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсэв. Түүнчлэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслүүдэд сургуулийн хамт олны төлөөлөл саналаа илэрхийлсэн юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/04/07
Цэргийн анги дахь хүний эрхийн зөрчлийг арилгах асуудлаар ЗХЖШ-аас ХЭҮК-т тайлба...
-
Дэлхий нийтээр..2025/12/12
2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа
-
Дэлхий нийтээр..2022/09/21
Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон нэмэгдүүллээ
-
Тод зураг2019/09/26
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
