Дэлхий нийтээр..
Чунчин хотын авто тээврийн хяналт зохицуулалтын менежментийн туршлагаас судаллаа
Улаанбаатар хот цахим шилжилтийнхээ хүрээнд зам тээврийн салбарт RFID, авто зогсоолын нэгдсэн систем зэрэг технологийг нэвтрүүлж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлагууд БНХАУ-ын Чунчин хотын авто тээврийн цахим платформын үйл ажиллагаа, авто зогсоолын менежменттэй танилцаж, туршлагаас нь судаллаа.

Чунчин хот зам тээврийн системээ бүрэн цахимжуулсан нь замын хөдөлгөөн, түгжрэл, тээврийн хэрэгслийн хяналтыг хялбаршуулсан байна. Тухайлбал, автомашинд дугаар олгох үедээ картын системийг нэвтрүүлэн, тээврийн хэрэгслийн талаарх бүх мэдээллийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэсэн аж. Ингэснээр эмнэлэг, сургууль, эсвэл олон нийтийн арга хэмжээнд очих үед картаар нь дамжуулан зогсоолыг нь хуваарилдаг зэргээр тулгамдсан асуудлыг шийдэж буй. Мөн даатгал, замын төлбөр зэргийг автомашинд олгосон картаар дамжуулан цахимаар төлөх боломж бүрдүүлсэн байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Зам тээврийн салбарыг цахимжуулах, тэр дундаа тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил Улаанбаатарт эрчимтэй өрнөж байна. Энэ удаад бид нэвтрүүлж байгаа системдээ цаашид ямар хөгжүүлэлт хийх боломжтой вэ гэдгийг харж, сайн жишиг, оновчтой шийдлүүдтэй танилцлаа.

Жишээлбэл, RFID системээр дамжуулаад авто замын ачаалал, түгжрэлийн мэдээллийг иргэдийн гар утсан дээр аппликейшнээр харуулж байна. Тэгэхээр хүмүүс энэ мэдээллийг харгалзаад замын хөдөлгөөнд оролцоно, улмаар түгжрэл буурна.

Өөрөөр хэлбэл, хүмүүс замын хөдөлгөөнд оролцохын өмнө мэдээлэл аваад, үүн дээрээ үндэслээд шийдвэр гаргаж байгаа юм. Ер нь RFID системийг нэвтрүүлснээр иргэдийн цаг завыг хэмнэх, стрессийг багасгах гээд амьдралын чанарт олон талаараа нөлөөлж байна хэмээв.
Чунчин хотын Хөрөнгө оруулалтын алтан карт мэдээллийн салбар групп ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Зэн Шяан:

-Манай компани 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид авто тээврийн цахим платформ, хяналт зохицуулалтын системийн үйлчилгээг Засгийн газар, захиргааны байгууллагуудад үзүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн талаарх бүхий л мэдээллийг нэгтгэсэн их өгөгдлийн платформыг үүсгэсэн.
Энэхүү өгөгдлийн санг ашиглаад өөр олон салбарын үйлчилгээг хүргэх боломж бүрдэж байна гэсэн үг хэмээсэн юм.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/06/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2026/07/27
БНСУ шатахууны татварын хөнгөлөлтийг дахин хоёр сараар сунгав
-
Хэн юу хэлэв...2021/12/31
Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.Макей баярын мэндчилгээ ирүү...
-
Дэлхий нийтээр..2023/02/13
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртлээ
