Хэн юу хэлэв...
Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе
УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын хамтран зохион байгуулж байгаа “Амар байна уу 2023” сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаагаар зочлон, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа.
“Амар байна уу 2023” сар шинийн баярт зориулсан үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа нь "Гадаадаас гарын бэлэг авахгүй Үндэсний үнэнч хэрэглэгчийг бий болгоё" уриатайгаар 21 аймаг, есөн дүүргийн 1000 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн 40 орчим мянган төрлийн бүтээгдэхүүнийг “Шинэ 100 Айл” худалдааны төвд дэлгээд байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдэд хандан уриалга дэвшүүллээ. Тэрбээр "Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон аж ахуй нэгж, иргэдийн сэтгэл шингэсэн ажил хөдөлмөрийг үнэлэн нийт Монголчууд маань эх оронч худалдан авалтыг хийж, аймгуудын брэнд бүтээгдэхүүнийг бие биедээ бэлэглэцгээе ээ. Бид уламжлалт цагаан сарын баяраар 1.3 их наяд төгрөгийн худалдан авалт жил бүр хийдэг. Үүний 70 гаруй хувь буюу нэг их наяд төгрөгийн мөнгөн урсгалыг гадагшаа гаргадаг. Энэ мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс сар шинийн баяраар дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе" хэмээлээ.
Уг үзэсгэлэн худалдаа 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 20-ныг дуустал зохион байгуулагдана. Ташрамд дурдахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ дэмжиж “Шинэ 100 айл” худалдааны төв түрээсийн төлбөргүйгээр энэхүү үзэсгэлэнг худалдааг дэмжин оролцсон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
-
Хэн юу хэлэв...2020/09/15
О.Отгонбаяр: Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зардал бууруулах чиглэлд штабууд ам...
-
Дэлхий нийтээр..2026/02/10
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг...
-
Үйл явдал2022/11/15
УИХ: Байнгын хороодын хуралдаан болно
-
Үйл явдал2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
