Дэлхий нийтээр..
Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн XIII форум амжилттай боллоо
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 13 дугаар форум “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” сэдвийн дор 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗО-ы Хөх хотод цахим хэлбэрээр зэрэг боллоо.
Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, УИХ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Экологи, байгаль орчны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцов.
Форумд Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэндчилгээ ирүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр форумд оролцож мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн форум нь БНХАУ-д төрийн айлчлал хийгээд удаагүй байгаа энэ цаг үед тохиож байгаагаараа онцлог юм. Хоёр орны төрийн тэргүүн нар айлчлалын үеэр байгаль орчны чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон нь онцгой чухал үйл явдал болсон. Уг тохиролцоог амжилттай хэрэгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ форумын эхэнд тавьсан үндсэн илтгэлдээ “Өнөөгийн байдлаар Монгол Улсын жилийн дундаж хур тунадасны хэмжээ 7,3 хувиар буурсан, нийт газар нутгийн 76,9 хувь цөлжсөн, нийт бэлчээрийн 57 хувь доройтолд орсон, малын тоо толгой 70 саяд хүрсэн зэрэг нь экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргээд байна. Мөн тусгай хамгаалалттай газар нутаг нийт газар нутгийн 21 хувийг эзэлж байна, 2030 он гэхэд энэ хэмжээг 30 хувьд хүргэхийн тулд үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр ашиглаж, тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байна. Түүнчлэн дэлхий дахинд 1 хэмийн дулаарлын асуудал яригдаж байхад, Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж хэм 2.25 хэмээр нэмэгдсэн, сүүлийн 40 жилд цэвдэгний 30 хувь нь алдагдаж, хөрсний доройтол маш эрчимтэй явагдаж байна. Иймд түүнээс улбаатай шар шороон шуургатай хамтран тэмцэх Хятад, Өмнөд Солонгос, Япон улсын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Бид энэхүү ажлын хэсэгт орж ажиллах талаар дээрх талуудтай ярилцаж байна. Байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалах тал дээр БНХАУ дэлхийд манлайлан ажиллаж байгаа, иймд бидэнд тус улсаас суралцах зүйл их байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, хамгаалах талаар олон зүйлийг ярьж шийдвэрлэх цаг болсон гэдгийг харуулж байна” гэв.


Хятадын талаас БНХАУ-ын Экологи, байгаль орчны сайд Хуан Руньчю үндсэн илтгэл тавьж “Хятад, Монгол хоёр улс бол уул мөрөн, гол усаар холбогдсон найрсаг хөрш юм. Өнгөрсөн жилүүдэд хоёр тал ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хамтын ажиллагааны асуудлаар нягт яриа хэлэлцээ өрнүүлсэн. Хоёр орны хэвлэл мэдээллийнхэн экологи, байгаль орчны талаар өндөр түвшний мэдээ мэдээлэл солилцож, Хятад, Монгол хоёр орны экологи, байгаль орчныг хамгаалах ажлын ахиц дэвшил, хамтын ажиллагааны үр нөлөөг мэдээлж, хөгжилд хүч нэмэхийг хүсч байна” хэмээсэн юм.
Хэлэлцүүлгийн явцад форумд оролцогсод “Байгаль орчны мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, цэвэр үзэсгэлэнтэй дэлхийг хамтаар цогцлооё”, “Байгаль хамгаалах үйлст хэвлэл мэдээллийн салбарын гүйцэтгэх үүрэг”, “Сэтгүүлч ногоон дэлхийг хамгаалахад гүйцэтгэх үүрэг хариуцлага”, “Байгаль орчны чиглэлээр мэдээ, нийтлэл бэлтгэхэд тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн төлөв, боломж зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Түүнчлэн форумын үеэр Монгол Улсын “Өнөөдөр” сонин болон Хятадын ӨМӨЗО-ы “Өвөр Монголын өдрийн сонин”, UBS телевиз болон ӨМӨЗО-ы Радио Телевизтэй тус тус хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурж, хоёр талаас хамтарсан уриалга гаргаснаа танилцуулсан.
2010 онд санаачилсан энэхүү форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал индэр болсныг форумд оролцогчид цохон тэмдэглэж байсан юм.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
