Дэлхий нийтээр..
Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Эрчим хүчний сайдын хамт Тавантолгой уурхайд ажиллав
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа. Эрдэнэс Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн баригдах Нүүрс баяжуулах үйлдвэрт шаардлагатай усны хэрэгцээг хангах “Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалтын ажил, Тавантолгой дулааны станцын төслийн талаарх мэдээлэлтэй танилцсан бөгөөд тус үйлдвэр нь жилд 10 сая тонн хүртэлх нүүрсийг баяжуулах хүчин чадалтай.
Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсний ордоос шууд олборлон борлуулах боломжгүй давхаргуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордын нөөцийг хаягдал багатай бүрэн ашиглах, экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдан авагчийн шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.
Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн ойролцоо Тавантолгой цахилгаан станц баригдахаар төлөвлөгдөж буй. Тиймээс “Загийн усны хоолой”-н хүчин чадлыг тооцоолж нүүрс баяжуулах үйлдвэрт ашиглаад үлдэгдэл нөөц усыг цахилгаан станцад ашиглах боломж бололцоотой эсэх, эдгээр төслийн уялдаа холбоог хангах тал дээр хоёр талын ажлын хэсэг байгуулан ажиллаж саналуудаа нэгтгэхээр тохирлоо.
Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат уурхайд ажиллах үеэрээ Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг буюу орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн талбайн хойд хэсэгтэй огтлолцдог нүүрсэн мөргөцөг дутсан талбайд ажиллав. Мөн уурхайн ажилчдын орон сууцны барилгын явцтай танилцаж энэ ондоо багтаан дуусгах үүрэг чиглэл өглөө.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2021/09/02
Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоно
-
Үйл явдал2022/08/17
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2025/11/25
Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг да...
-
Дэлхий нийтээр..2023/03/28
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
