Тод индэр
Б.Авид: Монголын археологи, палеонтологийн судалгаа дээгүүр үнэлэгддэг
Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэн байгуулагдаад 101 жил болж буй. Тэгвэл “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Шинжлэх ухааны салбарын ололт, амжилт, тулгамдаж буй асуудал болон цаг үеийн байдлаар Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Авидтай ярилцлаа.
-“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич Д.Доржготовт хүртээлээ. Шинжлэх ухааны салбарт өгч буй маш том үнэлгээ, итгэл хэмээн харж байна?
-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жилийн төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Д.Доржготовт олгосон явдал бол манай төрөөс шинжлэх ухаандаа үзүүлж байгаа өндөр үнэлгээ, том итгэл юм. Итгэлийг зүтгэлээр хариулах нь бид бүхний зүй ёсны үүрэг, хариуцлага байх нь дамжиггүй. Шинжлэх ухааны салбарт хүртээж буй гурав дахь том шагнал боллоо. Үүний өмнө Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор цөмийн физикч, эрдэмтэн Х.Намсрай болон Сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа нар “Чингис хаан” одонг хүртсэн юм.
Олон түмэн төдийлөн сайн мэдэхгүй ч гайхалтай бүтээл хийж, эх орондоо хувь нэмрээ оруулж буйг олж харан, шагнаж буй явдалд талархаж байна. Д.Доржготов гуай Газарзүй, геоэкологийн хүрээлэнг үүсгэн байгуулагдсан цагаас хойш 60 жилийн хүч хөдөлмөрөө хөрсний судалгаа хийхэд зориулсан. Хөрс байхгүй бол бид амьдрах боломжгүй. Энэ жил "Монгол Улсын үндэсний атлас" хэмээх бүтээл нь шинэчлэгдэн гарсан. Анхны атлас нь 1990 онд гарч, 2009 онд шинэчлэгдэж байсан юм. Бидний мэддэг “Нэвтэрхий толь” шиг үндэсний атласт бүх зүйлийг мөн багтаасан. Тодруулбал, газарзүйн гол бүтээлүүд орохоос гадна улс орны эдийн засаг, нийгмийн бүтэц байгуулал, хүн ардын амьжиргаатай холбоотой мэдээлэл нэг дор, зурагтайгаа багтсан байдаг. Дэлхий дээр өнөөдөр Үндэсний атластай 70 гаруй улс байна. Манай улс эрдэмтдийнхээ хүчээр үндэсний атласаа гаргасан дэлхийн цөөхөн улсын тоонд орж байгаа.
-Шинжлэх ухааны ажилтны өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан ямар ажил хийгдэж байна вэ?
-Шинжлэх ухааны ажилтны өдрийг 21 дэх жилдээ тэмдэглэж байна. Тус өдрийг тохиолдуулан бүтэн нэг сарын хугацаанд аян өрнүүлдэг. Энэхүү аян маань “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлаар эхэлдэг. Тус хуралд бүх залуу эрдэмтэд салбар салбараараа илтгэл хэлэлцүүлж, уралддаг юм. Долоон салбараас нийт 15 эрдэмтнийг сайдын нэрэмжит залуу судлаачийн грант мөнгөн шагналаар шагнадаг. Анх тус бүр дөрвөн сая төгрөгөөр шагнадаг байсан бол энэ жил 10 сая төгрөг болж нэмэгдсэн. Мөн аяны хүрээнд ирэх сарын 2-ны өдөр салбарын бүх ажилчид оролцсон нэгдсэн арга хэмжээ болно. Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд эрдэмтэд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг болох юм.
Монгол Улсын Шинжлэх ухааны Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын дөрвөн төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн нэг онцлог гэвэл ШУА-ийн салбарын бага чуулган үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой болов. Тус ойг тохиолдуулан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд бага чуулган, төрөлжсөн академиудын гүйцэтгэх үүрэг, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Энэ хүрээнд бага чуулган, төрөлжсөн академиудын цаашдын үйл ажиллагааны зорилтуудыг улсаа хөгжүүлэх төрийн урт болон дунд хугацааны бодлого, зорилтуудтай хэрхэн уялдуулж хэрэгжүүлэх тухай асуудлыг шүүн хэлэлцсэн юм. Энэ мэтчилэн салбарын чиглэл чиглэлээр маш олон арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.
-Шинжлэх ухааны академийн бүтэц, хэчнээн эрдэмтэн ажилладаг талаар танилцуулахгүй юу?
-ШУА нь 16 хүрээлэнтэй. Эдгээр хүрээлэнд нийтдээ 1100 орчим хүн ажиллаж байна. Эдгээрээс 900 гаруй нь эрдэм шинжилгээний, 200 орчим нь захиргааны ажилтан байдаг. 900 эрдэм шинжилгээний ажилтны 300 орчим нь доктор, профессороос дээш зэрэгтэй ажилчид байдаг бол 600 гаруй нь залуу ажилтан байна. ШУА-ийн хамгийн гол зорилго бол залуу ажилчдыг дараагийн эрдэмтэн Д.Доржготов гуай шиг болгох юм. Дээд сургууль төгсөөд ирж буй залуус эрдэм шинжилгээний ажилтан болтлоо багадаа 10 жилийн хугацааг зарцуулдаг. Гэвч шинэ боловсон хүчнүүд маань тодорхой хугацаанд чадавхжаад өөр цалин сайтай газар руу явчихдаг.
-Шинэ, залуу хүчин чадавхжаад өөр цалин сайтай ажил руу явдаг гэлээ. Цалин тийм бага юм уу?
-Манай салбарын нийт ажилчдын гуравны хоёр хувийг 40 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Хүний нөөц бэлтгэгдээд гарахаараа цалин бага гэх шалтгаанаар хувийн хэвшил рүү явдаг том асуудал байна. Хувийн хэвшлийн байгууллагууд их сургуулиа дөнгөж төгссөн хүнийг ихэнхдээ авдаггүй. Бэлтгэгдсэн хүнийг авдаг учир манайд хэсэг хугацаанд ажиллаж байгаад яваад өгдөг.
Гэтэл энэ салбарт хүн нь тогтвор суурьшилтай байж хөгжинө. Энэ урсгалын хэмжээ их байгаа нь цалинтай холбоотой. Нөгөө талдаа ажиллах нөхцөл, лабораторийн техник, технологийн хүрэлцээ, хангамжийг нь харах хүмүүс ч бий. Нийт албан хаагчид сүлжээний дээд буюу тавдугаар шатлалаар энэ оноос цалинжиж байгаа. Энэ нь залуу эрдэм шинжилгээний ажилтны хувьд тогтвор суурьшилтай ажиллах, ур чадварт суурилсан цалин, урамшууллын механизмыг бүрдүүлэх эхлэл болж өглөө.
-ШУА-ийн ээлжит их чуулганыг ирэх сарын 8-ны өдөр хийх юм байна. Тус чуулганаар юу хэлэлцдэг вэ?
-Их чуулган жилд хоёр удаа болдог. Оны эхэнд тайлангаа хэлэлцдэг. Харин оны сүүлийн их чуулганаар ШУА-ийн гишүүдийг сонгодог. Энэ жилийн хувьд есөн эрдэмтэн нэр дэвшсэн байна. Эдгээр нэр дэвшсэн эрдэмтдийн бүтээлийг их чуулганаар оролцуулж, хэлэлцсэний үндсэн дээр сонгоно.
-Манай улсын шинжлэх ухааны хөгжил дэлхийд ямраар үнэлэгддэг юм бэ?
-Энэ нь маш харьцангуй ойлголт л доо. Нэг эрдэмтний бүтээлийн тоогоор үнэлдэг. Монгол Улсын хэмжээнд олон улсын өндөр Импакт фактор сэтгүүлд 600-аад өгүүлэл гарч байна. Үүний 150 нь академиас, мөн тэр хэмжээгээр МУИС-аас, үлдсэн нь бусад байгууллагаас гардаг. Энэ нь нэг үнэлэх шалгуур болно. Нөгөөтээгүүр, Азид дунджаар нэг сая хүнд 1500 орчим эрдэм шинжилгээний ажилтан ногдох ёстой. Гэвч манай улсад маш бага байна. Бүтээлийн тухайд жигд явж байсан боловч Ковид-19 халдварын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жил төсөв хумигдаж, зарим төслүүд зарцаагдсанаас үүдэж бага зэрэг өөрчлөлт гарч магадгүй. Манай археологийн, палеонтологийн судалгаа бол дэлхийн түвшнээс дээгүүр явж байгаа.
Одон орон геофизикийн судалгаа ч мөн сайн явдаг учир гаднын улс орнууд хамтарч ажиллах сонирхол их байдаг. Байгалийн ухааны судалгаа нь дэлхийн түвшинд явах амаргүй. Дэлхийн түвшинд явуулахын тулд маш их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Жишээлбэл, манайхтай хүн ам нь ойролцоо Израил, Австри улс 10 тэрбум доллар шинжлэх ухаандаа зарцуулж байхад манай улс 20 сая доллар зарцуулж байна. Энэ утгаараа манай байгалийн ухаан, техникийн шинжлэх ухаан томоохон орны шинжлэх ухаантай өрсөлдөөд байна гэж хэлж чадахгүй. Харин нийгмийн ухааны судалгааг харьцуулах боломжгүй учир харьцуулж хэлэхэд хэцүү. Гэхдээ харьцангуй сайн явж байгаа.
-Шинжлэх ухааны академи олон улсын шинжлэх ухааны байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Манай ШУА дэлхийн 30 гаруй орны 100-аад байгууллагатай хамтран ажилладаг. Аливаа асуудлыг шийдэхэд нэг улс, нэг байгууллага хүчин мөхсөддөг. Учир нь асуудал нь томоохон хэмжээний болчихсон. Жишээлбэл, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, байгалийн бохирдол, ковид-19-ийн халдвар гэх мэт. Олон улсын хамтын ажиллагаа сайн явж байгаа. Харин бид дотоодын хамтын ажиллагаагаа илүү сайжруулах шаардлагатай байна. Хамтын ажиллагаатай байснаар бие биеийнхээ сул талыг нөхөж, хурдан хугацаанд хөгжих боломжтой.
-Өнөөдөр дэлхий дээр ямар шинжлэх ухааныг хамгийн их дэмжиж байна, манайх яг алийг нь сонгож илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ асуултад хариулахад амархан биш. Дэлхий нийтдээ “Аж үйлдвэрийн IV хувьсгал” хэмээн ярьж байна шүү дээ. Энэ хувьсгалын үед бүх хот, үйлдвэр тоон технологийн шилжилт хийж байна. Бүх юм ухаалаг болсноор бүгдийг хянана гэсэн үг. Бүгдийг хянахын тулд их өгөгдөл гэгчийг гаргаж авах шаардлага тулгарна. Их өгөгдөл дээр хүн ажиллахад хэцүү учир хиймэл оюун ухаан ажиллаж эхэлнэ. Ухаалаг хот болно гэдэг чинь бүх асуудал тооцоон дээр суурилж явагдана гэсэн үг.
Тодруулбал, ингэж тооцоон дээр ажиллаж чадвал түгжрэл ор мөргүй алга болох юм. Мөн хотын дэд бүтэц гээд бүх юмыг удирддаг болно. Цаашилбал, температур ихтэй байрны дулааныг сэрүүн байгаа байр руу хиймэл оюун ухааны тусламжтайгаар шилжүүлдэг болно. Бид дэлхий нийтийн хөгжлийг дагах хэрэгтэй ч нөгөө талдаа Монгол Улсын онцлогт нийцсэн байх ёстой. Сүүлийн үед “Эд юмсын интернэт” гэж яригдах болсон. Энэ нь гадаад орчинтой харьцах, хоорондоо харилцан үйлчлэхэд зориулагдсан радио давтамжийн таниулах хэрэгсэл бүхий эд, биет зүйлсээс бүрдсэн, мэдээллийн сүлжээний шинэ төрөл юм. Үүнийг гаргаж авахын тулд маш их зэс хэрэг болно. Зэс нь манайд байгаа учраас чипийг гарган авч суурилуулснаар бид “Эд юмсын интернэт”-тэй болох бүрэн боломж байна. Энэ тал руу илүү анхаарах нь зүйтэй. Эрдэмтдийн зүгээс судалгаа явуулж байгаа.
-Мэдлэгээ хэрэглээ, бүтээгдэхүүн болгоход юу хамгийн их шаардлагатай байна?
-Аливаа эрдэмтний мэдлэг зах зээлд хүрэхэд амаргүй байна. Мэдлэг зах зээлд хүрэх хүртэл “үхлийн хөндий” шиг замыг даван туулдаг. Олон улсын жишгээр 100 санаа нэг л бүтээгдэхүүн болдог. Үндсэндээ 99 нь амжилтгүй гэсэн үг. Эрдэмтний бүтээлийг зах зээлд хүргэхэд хууль, эрх зүйн байдлаас эхлээд тусламжууд хэрэгтэй байдаг. Бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нийлүүлдэг болгохын тулд ШУА-ийн технологийн инкубаторыг нээсэн. Ингэснээр бүтээгдэхүүнийг сурталчлах, банк санхүү, оюуны өмчийн гэх мэт асуудлуудыг шийдээд явж байгаа. Одоогоор энэ төрлийн мэргэжилтэн буюу энтрепренерээр 20 хүн бэлтгэгдсэн. Цаашдаа энтрепренерийг илүү олноор бэлтгэж, хөдөө орон нутгуудаар цар хүрээгээ тэлэн ажиллах зорилготой байна. Энтрепренерийн төлөөллөөс нэрлэ гэвэл “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар юм.
-Таныг анх шинжлэх ухааны салбарт ажиллахаар ирэхэд нөхцөл байдал ямар байсан бэ. Өнгөрсөн хугацаанд энэ салбар хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдсэн бол?
-Би анх 1993 онд энэ салбарт ирж байсан. Түүнээс хойш бол өдөр, шөнө шиг ялгаатай болсон. Жишээлбэл, намайг анх ирэхэд ганцхан компьютер, ганцхан мэйл хаягтай байлаа шүү дээ. Бүх хүний мэйл ганцхан хаяг дээр ирж харилцдаг байсан. Одоо бол дэд бүтэц, интернэт тал дээр “супер” урагшилсан.
Мөн шинжлэх ухааны тоног төхөөрөмж сайжирч байна. Анх намайг ажилд орж байхад 4000 төгрөгийн цалинтай, тэр нь долоо ч хонохгүй дуусдаг байсан. Харин одоо бол цалин нэг сая төгрөгөөс дээш байна. Энэ хоёр үеийн ялгаа нь тэр үед шинжлэх ухааны хүрээлэнд орох гэсэн хүсэлтэй хүмүүс олон байсан бол одоо хувийн хэвшил рүү хошуурдаг болж. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаан, технологид зарцуулах улсын төсвийн зардлын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа нь манай салбарынхны итгэл найдварыг төрүүлж, урам зоригийг сэргээж байна.
-Танай салбарт жилд хэчнээн тэрбум төгрөг төсөвлөгдөж, хэрхэн зарцуулагддаг вэ?
-Шинжлэх ухааны салбарт 50 гаруй тэрбум төгрөг зарцуулагдаж байна. Энэ нь олон улсын тооцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 0.16 хувийг зарцуулж буй. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын мөнгө нэмэгддэг. Цаашдаа хувийн хэвшлийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах тал дээр эрдэмтдийнхээ санал санаачилгыг нэмэгдүүлж ажиллана.
-Энэ жилийн төсвийн төслийн таамаглал хэдэн төгрөг байснаас хэдэн төгрөг болж батлагдав?
-Энэ жилийн төсвийн дүн хараахан ирээгүй байна. Ерөнхийдөө 2021 оныхтой ойролцоо байна байх.
-Та бүхний санал зөвлөмжийг Засгийн газраас хэрхэн хүлээн авч байна вэ?
-Эрдэмтэд дуу хоолойгоо өргөхдөө хурал, зөвлөгөөн зохион байгуулж тэндээс гарсан санал, зөвлөмжийг Засгийн газрын ордон руу Боловсрол, шинжлэх ухааны яамаараа дамжуулж хүргүүлдэг. Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох журам, Технологи дамжуулах төв, эсхүл дундын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих журам гаргасан. Мөн Эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн чиглэлийг санхүүжүүлэх журам зэрэг салбарыг бүхэлд нь идэвхжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн чухал шийдвэр гаргасан байна.
-Шинжлэх ухааны салбарын төсвийн ерөнхийлөн захирагч нь Боловсрол, шинжлэх ухааны сайд байдаг. Сайдтайгаа та бүхэн хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Манай салбарын сайд маань аливаа санал санаачилгыг нааштай хүлээн авч, идэвхтэй байдаг. Бараг сайд нь эрдэм шинжилгээний ажилтнаасаа идэвхтэй байгаа гээд хэлэхэд болно. Хамтын ажиллагаа ч сайжирсан. Хуучин бол хэлээд ч нэмэргүй гэдэг байдалтай байсан. Шинжлэх ухааны салбарын үр дүн удаан хугацаанд гардаг ч одоо үр дүн нь харагдаж эхэлсэн байна.
-Тэтгэвэрт гарсан ч хүрээлэндээ ажиллаж залуу хойч үедээ мэдлэг, туршлагаа өвлүүлэх боломж олгодог нь танай салбарын давуу тал санагддаг?
-Мэдлэг тэтгэвэрт гардаггүй гэдэг утгаар ахмад эрдэмтэд мэдлэг, чадвар, туршлага өндөр байдаг. Гэвч Төрийн албаны тухай хуулиараа 60 нас хүрээд тэтгэвэрт гаргадаг учир тэр хүмүүсийн эрдэм, мэдлэгийг хангалттай ашиглаж чадахгүй байна. Хэдийгээр залуучуудын маань мэдлэг сайн ч гэсэн туршлага нь хангалтгүй байдаг. Тиймээс гэрээ байгуулаад ажиллуулж болох ч бидний хувьд 65 нас хүртэл нь ажиллуулах хүсэлтэй байгаа.
-“Агаар, орчны бохирдлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэж, бохирдлын түвшинг байгальд халгүй эко технологиор бууруулахгүй бол магадгүй КОВИД-19-өөс ч аюултай байдал үүсэхийг үгүйсгэхгүй юм” гэж та илтгэлдээ дурдаж байсан. Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Сайжруулсан шахмал түлш хэрэглээд хоёр, гурван жилийн хугацаа өнгөрлөө. Үүнээс хойш агаарын бохирдлыг бууруулах тал дээр дорвитой хийсэн ажил байхгүй. Түлшний чанар сайжруулах тал дээр эрдэмтэд ажиллаж байгаа хэдий ч тодорхой ахиц харагдахгүй байна. Ковид-19 халдвараас үүсэх нөхцөл байдал ямар аюултай болохыг бүгд мэддэг боллоо шүү дээ. Харин уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын хажууд ковид-19 бол маш жижигхэн. Сүүлийн үед үйлдвэрийн бохирдлын асуудал бас нэг тулгамдаж буй асуудлын нэг болоод байна.
Тиймээс Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг гурван жилийн хугацаанд бүрэн боловсруулж дуусгасан. Энэ ажлын хүрээнд нийт 50 мянган м.куб лагийг гумины болон биологийн идэвхт бэлдмэл ашиглан үнэргүйжүүлж, халдваргүйжүүлэн боловсруулснаар техникийн нөхөн сэргээлтэд ашиглах стандартын шаардлагад нийцсэн 6000 м.куб биобордоог Биологийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны Био-Увидас” ХХК болон Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны Уужим булган” ХХК-тай хамтран үйлдвэрлэлээ.
-Нүүрснээс нэмүү өртөг олох ямар боломж байна?
-Олон жил нүүрснээс шингэн түлш гарган авах тухай ярилаа. Харин одоо Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор дизель, бензинийг гаднаас авах хамаарал буурна. Ингэснээр гадагшаа урсдаг нэг тэрбум доллар дотооддоо үлдэнэ гэсэн үг. Үүнээс гадна нефть 100 хувь дизель, бензин болчихдоггүй. Хатуу үлдэгдэл гардаг учир үүнийг хар зам тавихад хэрэглэх боломжтой хэмээн үзэж байгаа. Нүүрсийг бид цаашдаа химийн аж үйлдвэрийн чиглэлээр ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. Бид ямар ч бүтээгдэхүүн хийсэн гаднаас хамааралтай байдаг. Нүүрсэн дээр суурилсан аж үйлдвэр маш их хөрөнгө мөнгө шаардагддаг. Нөгөө талдаа дэлхийн дулааралтай байгаа учир CO2-ийг шийдэж өгөх шаардлагатай болно. Харин манайд батарей хийж зах зээлд нийлүүлэх нь маш ирээдүйтэй. Батарейг хийдэг гол холбогч эдийг нүүрснээс гаргаж авдаг юм.
-Түлш дэх хүхрийн хэмжээг мөн оны өмнөх үетэй харьцуулахад хоёр хувиар бууруулсан талаар “Таван толгой түлш” ХХК-ийн IV үйлдвэрийн дарга Ж.Батбилэг хэлж байна лээ?
-Ухаа худгийн мидлингийг ашиглаж сайжруулсан шахмал түлш гарган авдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК хүхэр баригч түүхий эдийг хольж байгаа юм билээ. Харьцангуй энгийн технологитой учир хүхрийн хэмжээг барьж чадаж байгаа гэж найдаж байна.
-Шинжлэх ухааны академийн нийт 16 хүрээлэнгийн эрдэмтдийн энэ жилийн хийсэн онцлох судалгааны ажлуудаас дурдахгүй юу?
-Шинжлэх ухааны академийн хүрээлэн тус бүрийн дотоод, гадаад хамтын харилцаа өргөжин тэлж, судалгаа хөгжүүлэлтийн ажил далайцтай өрнөн эрдэм судлалын олон арван томоохон бүтээлийг эрдэм судлалын эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болголоо. Эдгээр 16 хүрээлэнгийн судалгаа тус бүр үнэтэй цэнтэй. Онцолж дурдвал, археологичдын хувьд олон улсын түрэг судлалын академитай хамтран Архангай аймгийн Хашаат сумын Номгоны хөндийд археологийн малтлага судалгаа хийж, Түрэгийн Кутлук Элтэрис хааны тахилын онгон цогцолборыг нээн илрүүлсэн.
Биологичид, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар шинээр баригдах “Богдхан” төмөр замын трасс дагуу зэрлэг хөхтөн амьтдын шилжилт хөдөлгөөн, гарц гармын байршлыг тогтоох судалгаа хийж, цагаан зээр, халиун буга зэрэг амьтдын тархац, байршлын мэдээлэлд үндэслэн хамгийн бага өртөгтэй нүүдлийн коридор замуудыг зураглан боловсруулж, трассын дагууд нийт есөн цэгт зэрлэг амьтдад ээлтэй стандарт бүхий гарц байгуулах зөвлөмж хүргүүлэн ажиллав. Газар зүйчид “Монгол Улсын үндэсний атлас 2022” бүтээлээ шинэчлэн гаргалаа.
Уг бүтээл нь 30 гаруй байгууллагын 140 гаруй хүний хүч хөдөлмөрөөр монгол орны газар зүй, байгаль орчин, байгалийн нөөц, нөхцөл, хүн ам, нийгэм, түүх, соёл, эдийн засгийн холбогдолтой нийт 246 сэдэвчилсэн зураг бүхий олон талт мэдээллийг агуулсан шинжлэх ухааны лавлагаа, мэдээллийн эх сурвалжийг монгол, англи хадмал орчуулгатайгаар бүтсэн байдаг. Математикчид, 16 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон “Оновчлол, симуляци, оновчтой удирдлага-2022” сэдэвт долоо дахь удаагийн олон улсын хурлыг зохион байгуулж, шилдэг илтгэлүүдээс бүтсэн номыг “Springer” хэвлэлийн газарт хэвлүүлэхээр болов. Физикчид, МУИС, БНСУ-ын Инчеоны Их Сургууль, АНУ-ын Теннесийн Их Сургууль болон Оак Рийж дэх Үндэсний Лабораторийн хамтарсан Тооцооллын үндэсний хүрээлэнд ажиллаж буй монгол физикч эрдэмтэдтэй хамтран АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг Naval Research Global Foundation төслийн сонгон шалгаруулалтад анх удаа шалгарч 500 мянга орчим долларын санхүүжилт авахаар боллоо. Химичид, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд уул уурхай-металлурги химийн үйлдвэрлэлийн цогцолборт байгуулагдах зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг ашиглах боломжийг судлан, улмаар фосфатын хүдрийг хүхрийн хүчлээр боловсруулан олон улсын стандартын шаардлага хангасан энгийн болон давхар суперфосфатын бордоо, моно-аммонийн фосфат (MAP), ди-аммонийн фосфатын (DAP) холимог бордоо, фосфорын хүчил гарган авах технологиудыг боловсрууллаа. Энэ мэтчилэн дээр дурдаагүй олон хүрээлэнгийн ажлууд бий.
Эх сурвалж: ШУА
Тод индэр
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Итгэлтээс мал хулгайлах гэмт хэргийн талаар ярилцлаа.
-Өвлийн улирал эхэлж, иргэд идшээ бэлдэж эхлэхээр мал хулгайлах гэмт хэрэг нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа бэ?
-Мал хулгайлах гэмт хэрэг 9 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд үйлдэгдэг. Манай иргэд өвлийн улиралд идшээ бэлдэж эхэлдэг учраас үед мал хулгайлах гэмт хэрэг өсдөг. 2020 оноос эхэлж Цагдаагийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтарч мал хулгайлах гэмт хэргийн урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа.
Энэ жилийн хувьд “Мал, мах 2025” арга хэмжээг 10 дугаар сарын 15-наас эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт болон байнгын постыг 132 цэг байршилд ажиллуулж байна. Нийтдээ 288 алба хаагчид 24 цагаар байнгын хяналтыг хийж байгаа. Мөн Олон нийтийн цагдаа, Эрүүгийн цагдаа нартай хамтарч мал, мах худалдаалдаг төв, зах болон мал нядалгааны газруудад Мал эмнэлгийн газартай хамтарч байнгын хяналт шалгалтын явуулж байгаа. Одоо аймаг, нийслэл рүү ямар ч бүртгэлгүй мал, мах орж ирэх боломжгүй болсон. 2020 оноос эхэлж мал болон махны бичгийг цахим болгосон. Өмнө нь гарал үүслийн бичгийг малын эмч бичиг өгдөг байсан.
-Малын хулгайн гэмт хэрэг энэ оны байдлаар хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?
-2025 оны есдүгээр сарын байдлаар 376 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-Өвлийн идэшний үеэр бод мал хулгайлах гэмт хэрэг зонхилон гардаг байх?
-Мал хулгайлах гэмт хэрэгт бог мал, бод мал гэж ялгахгүй гардаг. Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг. Иймээс малчид малдаа тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Мөн малчдын хувьд туслах малчин авахдаа ямар хүн авч байна гэдгээ сайн судлах хэрэгтэй. Туслах малчид мал хулгайлах гэмт хэргийн хамтрагч нь болох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн айлын мал нь хариулаг муутай, мал нь тарган гэх мэт мэдээллийг өгч байдаг. Ийм тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлж тогтоож байсан.
Мөн саахалт айлууд ямар хүмүүс байна гэдгээ маш судалж байх хэрэгтэй. Зуншлага муу байна гээд отор нүүдэл хийхдээ малчид нэг нэгнийхээ малын талаар мэдээлэл өгөх тохиолдол ч гардаг. Иймээс малчид сааталт айл болон туслах малчнаа сайн судалж, малын тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.
-Мал хулгайлах гэмт хэрэг аль аймаг хамгийн их гардаг бэ?
-Мал хулгайлах гэмт хэрэг харилцан адилгүй байдаг. Хамгийн сүүлийн жишээгээр Сүхбаатар, Хэнтий аймагт 22 тооны үхэр алдагдсан тохиолдол бүртгэгдсэн. Бод малын хувьд хариулаг бага байдаг учраас хулгайд алдагдах тохиолдол их гардаг. Малчид бэлчээрт байгаа бод малын эргэж тойрч, хардаг байх хэрэгтэй байна. Одоо үед мал хулгайлахдаа тууж явахгүйгээр машин тэргэнд дээр ачиж явдаг болсон.
-Өвлийн улирал эхлэхээр идэшнээс гадна өвс тэжээлтэй холбоотой залилангийн гэмт хэрэг нэлээдгүй гардаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Намраас өвлийн улиралд шилжих үед өвс тэжээлийн залилах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэг. Энэ оны эхний есөн сарын байдлаар 135 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Мал, мах, өвс тэжээл авна гэдэг зарын дагуу иргэдийг залилах тохиолдол нэлээд гардаг. Энэ жилийн хувьд баруун таван аймаг зуншлага муутай байгаа. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг өртөх эрсдэл их байна. Мөн өвс тэжээл бэлтгэж худалдаалдаг хүмүүсийн зар мэдээллийг ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж байна. Иймээс иргэд мал, мах, өвс тэжээл худалдаж авах гэж байгаа бол маш сайн нягталж байж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тод индэр
Б.Сүхбаатар: “Модны памперс” нэг модны усалгааг 40–60 хувиар бууруулна
~2000 ширхэг модны усалгаанд жилд 700–800 тонн ус зарцуулна гэвэл “Модны памперс”-аар 300–400 тонноор бууруулах боломжтой~
Сүүлийн жилүүдэд манай улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулах зорилгоор ногоон байгууламжаа нэмэх, мод тарих ажлыг эрчимтэй өрнүүлж буй. Хуурай хөрс, салхи, усны хомсдол зэрэг байгалийн нөхцөл нь шинээр ургаж буй мод, бутанд хамгийн том сорилт болдог. Тэр тусмаа монгол орны энэхүү хуурай, эрс тэс уур амьсгалд модыг тарихаас илүү, ургуулахын тулд ихээхэн сорилтыг давах шаардлагатай нүүр тулсаар байна. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх нэгэн гайхалтай технологийг монголд албан ёсоор нэвтрүүлээд байгаа аж. Энэ талаар “Green Iris” компанийн захирал Б.Сүхбаатартай бид ярилцлаа.
-Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалд мод ургуулах нь амаргүй. Танай компани энэ асуудлыг шийдвэрлэх шинэ технологи нэвтрүүлж байгаа гэж сонслоо?
-Тийм ээ, монгол орны газар нутгийн 77 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа бий. Жилийн дундаж хур тунадас 250–300 мм, салхи ихтэй, хөрсний элэгдэлд өртөмтгий учраас мод тарихад хэцүү бүс нутагт тооцогддог.
Харин бид ийм нөхцөлд мод ургуулах шинэ арга технологийг эрэлхийлж, бусад орны туршлагаас судалсны үр дүнд “TreePampers”-ийг монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна.
Шинээр суулгаж буй мод, бут сөөгийн үндэс орчимд үүнийг ашигладаг бөгөөд энэ технологи модны суулгацдаа удаан хугацаанд чийг өгч, шаардлагатай шим тэжээлээр хангадаг.
Ийм технологийг нэвтрүүлснээр монголын говь болон цөлөрхөг бүс нутаг зэрэг мод ургах нөхцөлгүй газруудад хүртэл амжилттай ургуулах боломжтой болж байна.
–Монголтой ижил хуурай, цөлөрхөг уур амьсгалтай орнуудад энэ технологийг туршиж үзсэн байх?
-Хятад, Энэтхэг, Төвөд зэрэг уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй бүсэд туршиж, үр дүн нь 90 хувьтай гарсан байдаг. Тухайлбал, “Дэлхийн гурав дахь туйл” хэмээгддэг хүчилтөрөгч бага, далайн түвшнээс дээш 5013 метрийн өндөрт байрлах Төвөдийн өндөрлөгт TreePampers-ийг ашиглан амжилттай мод ургуулсан жишээ бий.
Төвөдийн хөрс шим тэжээл багатай, хатуулаг чанар их байдгаас хэр барагтай мод, ургамал ургах нь бага. Харин TreePampers-ийн ус хадгалах, аажмаар ялгаруулах технологи модны үндсийг ургахад дэмжлэг үзүүлж, хөрсний чийгийг 100 хоногийн дараа ч 50-аас дээш хувьтай хадгалсан байсан.
-Тэгвэл Монголын нөхцөлд туршиж, амжилттай болсон жишээ бий юу?
Бид нэг жилийн турш Улаанбаатар, Увс, Өмнөговь, ялангуяа говийн шаварлаг хөрстэй бүсэд TreePampers®-ийг ашиглан туршилт судалгаа хийсэн. Үр дүнд нь энэ технологиор ургуулсан модны амьдрах чадвар 85–90 хувьтай байсан бол энгийн аргаар тарьсан модны амьд үлдэх хувь 40–50 хувь байсан нь батлагдсан.
Хамгийн сонирхолтой нь, говийн элсэрхэг хөрсөнд суулгасан модыг 100 хоногийн дараа дахин үзэхэд хөрс чийгтэй хэвээр байсан бол хар шороон хөрсөнд бичил биетний идэвхжил дөрөв дахин өссөн нь сайн үр дүнг харуулсан.
Манай улс газар зүйн болон уур амьсгалын хувьд өндөрлөг, хуурай, салхи ихтэй тул Төвөдтэй олон талаараа төстэй бөгөөд энэ технологи манай орны нөхцөлд тохирох нь олон жишээгээр батлагдаж байна.
– Усны хомсдол бол монголд мод ургуулахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг. Энэ асуудлыг шийдэхэд TreePampers ямар үр нөлөө үзүүлж байна вэ?
-Манай оронд модыг услахад ашигладаг усны ихэнх нь гүний эх үүсвэрээс гардаг. Гэвч гүний усны сэргээгдэх хугацаа урт байдгаас гадна, шинээр худаг гаргах нь өндөр өртөгтэй байдаг. Түүнчлэн ус бол хязгаартай нөөцтэй байгалийн баялаг. Ийм нөхцөлд бидэнд усны менежментийн ухаалаг шийдэл зайлшгүй хэрэгтэй.
TreePampers-ыг ашигласнаар нэг модны усалгаанд зарцуулах усны хэмжээг дунджаар 40–60 хувиар бууруулах боломжтой. Жишээ нь, нэг га талбайд 2000 мод суулгалаа гэж бодоход усалгаанд жилд ойролцоогоор 700–800 тонн ус зарцуулна. Тэгвэл манай технологийг ашигласнаар энэ хэмжээ 300–400 тонн хүртэл буурах боломжтой.
Өөрөөр TreePampers-ийг усыг үр ашигтайгаар ашиглах систем гэхэд болно. Учир нь хөрсөнд шингэж алга болохгүй, ууршихгүй, харин шаардлагатай үед модыг чийгээр хангаж, давхар бордоо болох юм. Тэгэхээр сүүлийн жилүүдэд нүүрлээд буй ган гачигтэй үед ч модыг ургуулах боломжтой гэсэн үг.
-Модыг их усаар услах тусам сайн гэх ойлголт олон нийтийн дунд бий шүү дээ. Энэ яг зөв усалгаа болж чадах уу?
-Модыг суулгасны дараах эхний усалгаа нь үндэс орчмын хөрсийг чийгтэй болгож, агаарыг шахах зорилготой байдаг. Энэ үед нэг модонд 20–30 орчим литр ус (модны хэмжээ, хөрсний төрөл, улирлаас шалтгаална) өгөхөд хангалттай байдаг. Мэдээж хэт их усалж хөрс шавхайтвал, агааргүй орчин үүсэж үндэс “амьсгалж” чадахгүй, ялзрах аюултай. Иймээс модыг амжилттай ургуулъя гэвэл чийгийг тогтвортой байлгах нь хамгийн оновчтой. Үүнд л TreePampers шиг ухаалаг чийг хадгалах технологи туслах юм.
Өөрөөр хэлбэл, энэ технологи модыг их усаар биш, зөв цагт, зөв хэмжээгээр услахад тусална.
Жишээ нь: Хүн нэг дор 20 литр ус уугаад 30 хоног дахин ус уухгүйгээр амьдрах боломжгүй. Харин тэр 20 литр усаа саванд хадгалж, хэрэгтэй үедээ бага багаар уувал 30 хоногийг давж бүрэн чадна.
TreePampers® яг үүнтэй адил зарчмаар ажилладаг. Энэ нь модны үндсэнд усыг хадгалж, чийг хэрэгтэй үед тохирох хэмжээгээр аажмаар нийлүүлдэг. Харин бусад үед гадагш чийгээ алдалгүй хамгаалдаг тул усны хангамжийг урт хугацаанд тогтвортой байлгадаг.
-TreePampers ямар бүтэцтэй вэ?
-Энэ бол 100 хувь органик гаралтай, байгальд бүрэн задрах бүтэцтэй технологи. Үндсэн найрлагадаа ургамлын гаралтай целлюлоз, байгалийн давирхай, био бордоо, бичил биетийн өсгөвөр зэргийг багтаасан байдаг. Энэ утгаараа химийн хорт бодис агуулаагүй, хөрсний бүтцэд сөрөг нөлөөгүй гэсэн үг юм.
Гадна давхарга нь ус хурдан нэвчин орж буцаж урсахгүйгээр цөмдөө хадгалж, үндэс ургах нөхцөлийг дэмжиж, суурилуулалтын явцад хэлбэр бүтэн байдлаа хадгалдаг материалтай. Дотор давхарга болох BioBoost бичил биетний хальс нь полисахарид, органик болон амин хүчлүүдийг агуулсан, нүүрстөрөгчөөр баялаг найрлагатай бөгөөд энэ нь хөрсний бичил биетнийг тэжээж, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлснээр шим тэжээлийн эргэлтийн системийг дэмждэг. Өөрөөр хэлбэл TreePampers® нь усны хомсдолтой, цөлжилт болон хуурайшилт ихтэй бүс нутагт модны ургалтыг дэмжиж, хөрсний бүтцийг сайжруулан шим тэжээлийн эргэлтийг идэвхжүүлдэг ухаалаг, тогтвортой шийдэл юм.
Тод индэр
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.


