Дэлхий нийтээр..
“Өсвөр үеийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурал боллоо
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Өсвөр үеийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Т.Болормаа удирдан явууллаа. Хуралд ЭХЭМҮТ-ийн сэтгэл зүйч, Тандалт судалгааны албаны эмч судлаачид, СЭМҮТ, ЭНЭҮТ II, 21 аймгийн, нэгдсэн эмнэлэг, 8 дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлага, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, өсвөр үеийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан зэрэг 95 хүн оролцлоо.
Цахим хурлаар ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг “Өсвөр үеийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал”, сэтгэлзүйч Б.Дэлгэрмаа “Өсвөр үеийнхний сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд” сэдвээр мэдээлэл хийлээ.
Сэтгэл зүйч Б.Дэлгэрмаа өсвөр үеийнхэнд тулгамдаж буй уур бухимдал, айдас, сэтгэлийн хямрал зэрэг сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд гэр бүлийн орчин чухал болохыг онцлоод, эцэг, эхчүүд хүүхэддээ зориуд цаг гарган, тэдний яриаг тэвчээртэй сонсож, харилцан ярилцахыг зөвлөлөө.
ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа “Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба дэмжлэгт удирдлага” сэдэвт хэлэлцүүлгээр яригдсанчлан өсвөр үеийн эмч нь эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмчийн өргөн мэдлэгтэй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадвартай, хууль зүйн мэдлэгтэй байх шаардлагын үүднээс тэдгээрийг тасралтгүй сургалтаар хангах хэрэгцээ байгааг дурдлаа. Тэрбээр ЭХЭМҮТ-ийн өсвөр үеийн эмч нарын ажлын байрны богино хугацааны сургалтыг төгссөн эмч нарын сэтгэгдлээс үзэхэд эмч нар богино хугацаанд олон сэдвээр их зүйлийг суралцаж байгаагаа илэрхийлж байсныг танилцуулаад, цаашид өсвөр үеийн эмч нар уг сургалтад хамрагдах боломж байгаа гэв. Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяагийн асуултад ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа хариулт өгч, харилцан ярилцлаа.
Дэлхий нийтээр..
Израилын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 хүнийг оршуулжээ
Газын зурвасын Сабра дүүрэгт 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болсон Израилын агаарын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 палестиныг өчигдөр оршуулжээ.
Тэд Аль-Хассайна буюу Абу Шариа овгийнхон бөгөөд цохилтын дараа олон хүн нурангид дарагдан үлдсэн аж. Саяхан гарган авсан цогцсуудыг гэр бүл, төрөл төрөгсөд нь нутаглуулсан байна.
Газын Иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр, оршуулсан хүмүүсийн 40 нь хүүхэд байжээ. Палестины тал тухайн өдрийн цохилтын үеэр тус овгийн нийт 308 хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн юм.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Израилын тал тухайн үеийн цохилтын талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Дэлхий нийтээр..
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
