Хэн юу хэлэв...
Б.Мөнхцэцэг: Хот тохижилтын 400 гаруй ажилчин ажиллаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч байна
Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбоотойгоор Хот тохижилтын газар хүндрэл үүсэхээс сэргийлж, давс, бодис цацан, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх чиглэлд хийж буй ажлын талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэхэд танай байгууллагаас ямар ажлууд хийж байна вэ?
-Өнгөрсөн амралтын өдрүүдээр хот тохижилтын 400 гаруй алба хаагч, ажилчин 40 гаруй техник хэрэгсэлтэй 48 цагийн турш ажиллаж, төв магистрал замын цасыг цэвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлж ажиллалаа. Улаанбаатар хотын хэмжээнд манай байгууллага 195 тонн бодис, 42 тонн давс зарцуулж, замын халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг аваад байна.

-Зам цэвэрлэх бодис, давс цацах машин, техникийн хүрэлцээ хэр байна вэ?
-Зун хотын ногоон байгууламжийг усалдаг, өвөл тэвшийг нь солиод зам цэвэрлэгээний бодис цацдаг хоёрлосон үйлчилгээтэй 13 машин манайд байдаг. Үүний есийг нь бид энэ удаад ашигласан. Давс, бодис цацдаг машины тоог цаашид ч нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээг авч, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Давсны 385 тонн, бодисын 2077 тонн нөөц байсныг өнгөрсөн хугацаанд шаардлагатай хэмжээгээр ашигласан. Өнгөрсөн амралтын өдрүүдийнх шиг их хэмжээний цас орсон тохиолдолд есөн удаагийн нөөц бий. Дүүргүүдэд мөн давс, бодисын нөөц хангалттай байгаа.
БАЙГУУЛЛАГУУДЫГ ОЙР ОРЧМЫНХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ТАЛБАЙН ЦАСЫГ ЦЭВЭРЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Явган хүний зам, талбайг хэрхэн цэвэрлэж байгааг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад:
-Нийслэл болон дүүргүүдийн хот тохижилтын ажилчид сүүлийн 48 цаг тасралтгүй ажиллаж, зам талбай цэвэрлэж байна. Холбогдох газраас шаардлагатай арга хэмжээг авч, хүн хүчээ дайчлан ажиллаж байгаа ч бүх замыг цэвэрлэх, тэр дундаа явган хүний замд анхаарах боломж хомс, цаг хугацааны хувьд давчуу байгаа юм.
Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журамд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 50 метр хүртэлх эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах үүрэгтэй. Тиймээс бид аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан, ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлэж, хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.
Нөгөө талаас байгууллага, аж ахуйн нэгжүүд журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэд халтирч унасан, улмаар бэртэж гэмтсэн тохиолдолд хохирлоо тухайн байгууллагаас нэхэмжлэх хууль, эрх зүйн үндэслэл бий. 2022 онд Улаанбаатарыг “Иргэн төвтэй хот” болгон зарласан холбоотойгоор явган хүний зам шинэчлэх ажлыг эрчимтэй хийж байна. Энэ оны хувьд 40 мянган гаруй ам метр талбайн замыг шинэчлэхдээ хүн явахад халтирахгүй, стандартад нийцсэн хавтанг сонгосон хэмээв.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






